Хөл хорины үед хүүхдийн сэтгэл зүй хямрах эрсдэлтэй байгаа талаар сэтгэл зүйчид хэлж буй. Тиймээс энэ удаа хүүхдийн сэтгэл зүйч Г.Хулантай ярилцлаа. Тэрбээр “Та хүүхдэдээ зориулан өдрийн турш юу хийх төлөвлөгөөг нь гаргаснаар стрессийг нь тайлж чадна. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах нь маш чухал” гэдгийг онцолсон юм.
-“Сургуульдаа явахгүй болохоор ангийнхаа найзуудтай уулзаж чадахгүй, гэрт уйтгартай байна” хэмээн хоёрдугаар ангийн сурагч хүү ярив. Энэ хүү шиг олон мянган хүүхэд хөл хорионд орсноос уйдах, ганцаардах, уурлах боллоо. Стрессийг нь яаж тайлах вэ. Хүүхдүүд сэтгэл тавгүй байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ?
-Хүүхдүүдийн хувьд хөл хорионы улмаас нийгмийн харилцаанд орж чадахгүй, хөдөлгөөн нь хоригдох болсон. Тэд өмнө нь найзуудтайгаа асуудлаа ярилцаж, гадуур чөлөөтэй гарч, ордог байсан бол гэртээ удаан байгаад ирэхээр стресстэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тодорхой бус нөхцөл байдал хүүхдийн сэтгэл зүйд түгшүүрийг бий болгодог. Тиймээс хүүхдүүд хөл хорионд орсноор айж, түгшиж байна. Жишээлбэл, бага насны хүүхдүүд уйлагнах, муухай ааш гаргах, үгэнд орохгүй байх зэргээр аав, ээжийгээ бухимдуулж эхэлдэг. Харин эцэг, эх нь энэ үйлдлийг нь ойлгоогүйгээс “Энэ хүүхэд яахаараа ингэдэг байна” гээд загнах, уурлах, зарим тохиолдолд гар хүрснээр улам стресстүүлдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд хөл хорионы үе их хүндээр тусч байгаа. Аав, ээж нь “Чи өдий том болчихоод ингэж болохгүй” гээд л загнадаг.
Мөн дээрээс нь аав, ээж нь гэрээсээ цахимаар ажиллаж байгаа тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүдийн стресс нэмэгддэг. Учир нь, эцэг, эхчүүд гэрээсээ ажлаа хийхийн хажуугаар хүүхдээ хооллож, хичээлийг нь хийлгэх цаг зав гарган, анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Яг бодит байдал дээр супер ажилчин, ээж, аав болох нөхцөл шаардаж байгаа нь бухимдал үүсэхэд нөлөөлж байна.
-Тэгвэл энэ үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой юм бэ?
-Хөл хориотой холбоотойгоор хүүхдийнхээ сэтгэл түгшүүрийг багасгах нь чухал. Ингэхдээ та хүүхдээ тогтмол өдрийн дадал хэвшилтэй байлгах хэрэгтэй. Өглөө босоод шүдээ угааж, гэр цэвэрлэхэд тусалж, хамтдаа ном уншиж, хичээлээ хийж, тоглож наадна гэж төлөвлөснөөр түгшүүрийг нь багасгадаг. Хүүхдүүдийн хувьд муухай ааш гаргаж, стресстэж байгаа нь түгшүүртэй холбоотой. Одоо ямар ч бага насны хүүхдүүдээс асуухаар “Гадуур Covid-19 вирус байгаа учраас явж болохгүй. Амны хаалт зүүх хэрэгтэй” гэдгийг мэддэг болсон байна. Тиймээс өдрийн турш юу хийх төлөвлөгөөг гаргаснаар хүүхдийн түгшүүртэй байдал, стрессийг бууруулж чадна.
Үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах нь маш чухал. Хүүхэд аав, ээждээ өөрт тулгамдаж буй асуудлаа хэлж ярих гэхээр асуудал гэж авч үздэггүй. Харин ч тэднийг үл ойшоож, загнах тохиолдол бий. Гэтэл тухайн хүүхдийн хувьд тэр нь маш том асуудал байдаг учраас хүүхдийнхээ өнцгөөс харж, асуудлыг нь шийдэхэд туслах хэрэгтэй.
-Хөл хорионд орсноор хүүхдүүд эрт босох, шүдээ угаах, гар нүүрээ угаах, өөрийгөө хичээлдээ бэлтгэх гэх мэт өмнөх дадал хэвшлээ мартаж, хэт назгайрч байна. Сургууль, цэцэрлэгтээ явж эхлэхэд энэ нь сөргөөр нөлөөлөх үү?
-Хөл хорионы үеийн стресс, бухимдал ирээдүйд хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан хэлэхэд хэцүү. Хүүхэд бүрт энэ байдал харилцан адилгүй тусч байгаа. Хүн бүр аливаа асуудлыг даван туулахдаа харилцан адилгүй туулдаг шүү дээ. Зарим хүүхдүүдийн хувьд хөл хорионы үе давуу тал болж, онлайнаар өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдсэн байж болно. Зарим нь хичээлээ хийхэд хүндрэлтэй, найз нөхөдгүй, гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс эцэг, эхчүүд Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэвэл тухайн өдрөөс л бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдээ сургууль, цэцэрлэгт явдаг шигээ дор хаяж 14 хоног дадал хэвшилд нь оруулна гэсэн үг. Тэгж чадвал таны хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж эхлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй. Харин гэнэт л нэг өглөө эрт босч, хичээлдээ яваарай гэвэл эцэг, эх болон хүүхдүүдийн хооронд үл ойлголцол үүсч эхэлнэ. Энэ аргыг хүүхдийг анх удаа цэцэрлэгт явуулахдаа хэрэгжүүлж, сэтгэл зүйг нь бэлддэг юм.
-Бас нэг том асуудал бол теле хичээл хийлгэх. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ юун дээр анхаарах нь чухал вэ?
-Эцэг, эх болон хүүхдүүдийн хувьд анх удаа хөл хорионд орж, теле хичээл үзэж байгаа. Хэн хэнд нь шинэ орчин, нөхцөл байдал үүссэн. Хүүхдүүдийн хувьд богино хугацаанд асар хурдтайгаар цахим хичээл хийх шаардлагатай болсон. Зарим хүүхдүүд нь юмыг хурдан хүлээж аваад ойлгодог бол зарим нь хичээлээ үзэж ч амждаггүй. Тэр тусмаа бага ангийн сурагчид бүх зүйлийг эхнээс нь үзэж, сурч байгаа учраас удаан, ойлгож хийх шаардлагатай. Харин тэрийг аав, ээж нь ойлгодоггүй. Хүүхдээ “Ямар удаан юм бэ”, “Хэзээ хичээлээ хийж дуусах юм бэ” гээд л загнадаг.
Эцэг, эхчүүдийн хувьд хичээлээ хурдан л хийж байвал мундаг гэж буруу боддог. Харин хүүхэд тэр хэмжээнд хүрэхгүй болохоор уурлаж, загнаж эхэлдэг. Гэтэл хүүхдэд тухайн хичээлээ ойлгож буруу, зөв ч хамаагүй удаан суугаад хийж дуусгах нь чухал. Хүүхдээ алдаа гаргалаа гэж загнадаг.
Гэтэл яагаад хүүхэд алдаж болохгүй гэж. Заавал бүгдийг алдаагүй хийж, онц авах ёсгүй шүү дээ. Хүүхэд алдаагаа залруулснаар тухайн хичээлээ ойлгож, сонирхолтой болж эхэлдэг. Хичээлээ эхэндээ удаан хийж байгаад хэсэгхэн хугацааны дараа хурдан хийдэг болно. Аав, ээжүүдийн хамгийн том алдаа бол анхнаасаа бүгдийг мэддэг байсан юм шиг хүүхэдтэйгээ харилцдаг. Гэтэл хүүхэд анх удаа тэр бодлогыг бодож, бичиж сурч байгааг бодолцож үзэх хэрэгтэй.
-Хүүхэд хичээлээ ойлгохгүй байх үед нь загнах болон бусадтай харьцуулж зэмлэх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлж болох вэ?
-Зарим аав, ээж хүүхдийг загнаж хичээл хийлгэвэл сайн ойлгодог гэж боддог. Гэтэл хүнд их , бага, дунд тархи гэж бий. Их тархи нь оюун ухааны тархи бол хүүхдийг загнахаар сэтгэл хөдлөлийн тархи нь илүү ажиллаж эхэлдэг. Үүний улмаас өөр зүйл бодож чаддаггүй.
Хүүхэд хичээлээ тайван ярилцаж, ойлгож хийх нь чухал. Эсрэгээрээ хүүхдээ загнаж, гар хүрэх юм бол “Хичээл хийх муухай зүйл. Тэнэг мангараар дууддаг” гэдэг ойлголтыг бий болгодог. Ирээдүйд их дээд сургуульд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх дургүй болгох сөрөг нөлөөтэй.
-Хүүхдийнхээ сэтгэл зүйг ямар байгааг мэдэхийн тулд эцэг, эхчүүд юу хийвэл хүүхдээ сайн ойлгож чадах вэ?
-Хүүхдэдээ тохирсон өдрийн дэглэм гаргаж, хүүхэдтэйгээ сайн ярилцахаас гадна өөрийгөө тайвшруулж, хөгжүүлэх арга замыг нь хэлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, хөгжим сонсч, бүжиг, дасгал хөдөлгөөн хамтдаа хийвэл гэр бүлдээ хөгжилтэй уур амьсгал бүрдүүлж, стресс тайлагддаг. Мөн таны хүүхэд зураг зурж, баримлын шавраар юм хийх, цаасаар наамал хийх сонирхолтой бол хийлгэж болно.
Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахаасаа илүүтэй шууд гар утсаа өгчихдөг. Тэр мөчид ямар ч асуудалгүй, хийх ажлаа хийгээд сайхан байна. Гэтэл хүүхэд нойрондоо муудах, ааш зан өөрчлөгдөх, байнга уурлаж уцаарлах байдал ажиглагдаж эхэлнэ. Эцэг, эхчүүд ийм нөхцөл байдлыг өөрсдөө үүсгэдэг. Гэртээ бяцхан дүрэм журам баримталж, хүүхдийнхээ хийж болох, болохгүй зүйлд хязгаар тогтоох хэрэгтэй. Аав, ээж нь чамд хайртай учраас ийм зүйл хийж байгаа гэдгийг ойлгуул.
Хүүхдээ маш ихээр хайрлан өсгөх хэрэгтэй. Таны хүүхэд аав, ээжийн хайранд дунд өсвөл бусад хүмүүсийг хайрлаж, энэрэнгүй хандаж чадна. Монголчууд “Хайр нь дотроо хал нь гаднаа” гэдэг. Хүмүүс тэр үгийг ойлгохдоо хүүхдээ эрхлүүлэхгүй загнах ёстой гэж ойлгодог. Гэтэл хүүхдээ эрхлүүлж тэвэрч, хайрлан үнс. Магадгүй хүүхэд их хэмжээгээр чихэр идэх гээд байвал өдөрт таван чихэр л идэх ёстой гэж хязгаарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдэдээ хайртай болохоор ямар нэгэн хязгаарыг тогтоож өгнө гэсэн үг.
-Хөл хорионы үед ямар хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүсч байна вэ?
-Ер нь сүүлийн үед хүмүүс “Мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авья” гэж ханддаг болсон. Тэр тусмаа хөл хорионы үеэр өсвөр насны хүүхдүүд болон хосын харилцааны талаар зөвлөгөө авахаар хандаж байна. Миний хувьд зөвхөн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг учраас мэргэжлийн байгууллагын сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байгууллагатай холбож өгдөг. Ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сэтгэл зүйн төвийн үйлчилгээний талаар мэдээлэл хомс байдаг.
Холбоотой мэдээ