Вакцин хийлгэсэн хүнд нээгдэх боломжууд

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Вакцин хийлгэсэн хүнд нээгдэх боломжууд

Вакцин хийлгэсэн хүнд нээгдэх боломжууд

Covid-19 цар тахал хэнийг ч ялгалгүй өвчлүүлэхээр анаж байна гэх айдас дүүрэн өдрүүд дуусах цаг улам ойртсоор байна. Бүтэн жилийн турш дэлхийн олон орон цар тахлыг хумихын тулд хөл хорио тогтоон тэмцсэн ч амжилт олоогүй, харин ажилгүйдэл газар авч, хүмүүсийн сэтгэл зүй доройтсон билээ. Харин сүүлийн үед орон бүр дотооддоо вакцинжуулалт эхлүүлсэн нь цар тахлыг ялах итгэлтэй болгож, хүмүүс ч эргээд хэвийн амьдралдаа орохыг тэсэн ядан хүлээх болсон юм.

Өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд дэлхий даяар олон улсууд хилээ хааснаар аялах, зугаалах  боломжгүй болсон бол үйлчилгээний газрууд хаагдсанаар найзуудын уулзалт, үдэшлэг төрсөн өдөр, хурим тэмдэглэхгүй болсон билээ. Тэгвэл вакцин хийлгэсний дараа бид юу хийж болох вэ? Энэ асуулт маш төвөгтэй ч мэргэжилтнүүд тодорхой хариулт өгсөн байна. Ерөнхийдөө вакцин хийлгэсний дараа ч нэг хэсэгтээ байдал хэцүү байх тул нэг их зүйл өөрчлөгдөхгүй гэнэ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар вакцинжуулалт олон улсад дөнгөж эхэлж байгаа тул вакцин тариулсан хүмүүсийн хувьд ч гэсэн тахлын өмнөх үеийн амьдралын хэв маягтаа эргэн ороход арай эрт аж. Учир нь, та эхэлж вакцин тариулсан ч вакцинд хамрагдаагүй маш олон хүн байгааг санах хэрэгтэй гэнэ. Чухамдаа хүн амын 70 хувь нь вакжинжуулалтад хамрагдсанаар  сүргийн дархлаа тогтсон хэмээн үзэж, амьдрал цаашид хэвийн үргэлжлэх боломжтой болдог аж.

Одоогийн байдлаар олон улсад зөвшөөрөгдөөд буй вакцинуудын туршилтын үр дүн маш сайн гэх мэдээлэл байгаа ч халдвар авахаас хамгаалахын хажуугаар цааш дамжуулахаас сэргийлдэг эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. Үнэндээ вакцинуудын талаар хараахан батлагдаагүй олон зүйл бий гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Тиймээс одоогоор вакцин хийлгэсний дараа ямар ч эрсдэлгүй гэж хэлж болохоор зүйл огт үгүй юм. Гэхдээ мэргэжилтнүүдийн байр сууриас үзэхэд хэрвээ тухайн хүн ариун цэврээ сайн сахиж чадсан тохиолдолд зарим үйл ажиллагаанд оролцоход эрсдэл багатай байх боломжтой аж.

Зарим зүйлийг үргэлж санах хэрэгтэй

Вакцин хийлгэсэн хүний хийж болох зүйлс болоод аюулгүй байдлын тухай ярихаас өмнө үргэлж санаж явах ёстой зарим хүчин зүйл бий гэнэ.

Нэгдүгээрт, хэрвээ тухайн хүний амьдарч буй орчинд цар тахлын халдвар өндөр байвал агааргүй битүү орчинд бусадтай хамт хооллох зэрэг үйлдэл нь илүү өндөр эрсдэлтэй юм.

Хоёрдугаарт, бүх зүйл хувь хүнээс шалтгаалах болно. Жишээлбэл, бид вакцин хийлгэсний дараа ч хэсэгтээ амны хаалт зүүн, бусдаас зай барих ёстой юм. Түүнчлэн та ямар нэг хууч өвчтэй, эсвэл тийм хүнтэй цуг амьдардаг бол вакцин тариулсан ч гэсэн үргэлжлүүлэн маш их анхаарал, болгоомжтой амьдрах шаардлагатай. Мөн вакцин тариулсан 20 хүн тутмын нэг нь тухайн өвчиндөө өртөмтгий хэвээр үлддэг гэх ерөнхий тооцоо, судалгаа, баримт байдгийг санах хэрэгтэй.

Сүүлийн үед хийгдэж буй судалгаануудын үр дүнгээс үзэхэд цар тахлын халдвар авч, хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэсэн ч шинж тэмдгүүд нь удаан хугацааны турш, зарим тохиолдолд жил гаруй үргэлжлэх эрсдэлтэй аж. Энэ эрсдэлд ужиг хууч өвчингүй, цоо эрүүл, залуу хүмүүс ч өртөж буй нь эрдэмтдийн санааг зовоож байна. Мөн вакцины эхний тунг хийлгэсний дараа бүрэн дархлаа тогтоогүй байх хугацаанд зарим хүмүүс хөнгөн халдвар авч байгааг санах хэрэгтэй юм.

Айлд зочлоход хэр аюулгүй вэ?

Хэрваа та вакцин хийлгэснийхээ дараа вакцин хийлгэсэн хамаатан, эсвэл найзынхаа гэрт зочилбол 100 хувь аюулгүй биш хэдий ч эрсдэл байх аж.

“Харин та вакциныхаа хоёр дахь тунг хийлгэснийхээ дараа мөн адил хоёр тун тариулсан танилындаа зочлох бол амны хаалт зүүхгүй байж болно. Учир нь, вакцин тариулсан хүн ч халдвар тараах эрсдэлтэй ч гэсэн хамт байгаа хүмүүс тань вакцин тариулсан бол халдвар авахаас хамгаалагдсан байх юм” хэмээн Калифорни, Сан Францискогийн их сургуулийн халдварт өвчин судлалын профессор Крисиа Линдан ярьжээ.

Гэхдээ дээрх тайлбар бол зөвхөн вакцин хийлгэсэн таны хувьд эрсдэл бага гэсэн үг юм. Профессор Крис Томпсон тэргүүтэй эрдэмтдийн хэлж байгаагаар вакцин хийлгэсэн таны хувьд эрсдэл бага байж болох ч тухайн үед уулзаж буй хүмүүсийн болон таны ар гэрийн вакцин хийлгээгүй бусад гишүүдэд эрсдэл өндөр хэвээрээ юм. Учир нь вакцин хийлгэж дархлаа тогтсон хүн халдвар дамжуулагч болох эрсдэл бага гэх зарим судалгаа бий ч эцсийн үр дүн хараахан мэдэгдээгүй байгаа билээ.

Зоогийн газраар үйлчлүүлэхэд хэр аюулгүй вэ?

Цар тахал үүсгэгч вирус агаарт хэдэн цагаар тогтож, түүгээр нь амьсгалсан хүн халвар авах эрсдэлтэй тул цар тахлыг агаарын замаар дамждаг өвчин мөн хэмээн зарим эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл вакцин хийлгэсний дараа ч дотор орчинд зоог барих нь эрсдэл өндөртэй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Харин гадаа орчинд хооллох нь дотор орчинг бодвол эрсдэл маш бага аж. Учир нь, задгай орчноос хэд дахин агаарын солилцоо муутай дотор орчинд хооллож буй бусад амны хаалтгүй хүмүүсийн ойролцоо хоол идэх нь вирусийг зүгээр л сайн дураараа хүлээн авч буй үйлдэл юм.

Хэрвээ та вакцин хийлгэснийхээ дараа дотор орчинд хооллохоор шийдвэл хоол идэхээс бусад үед амны хаалтаа зүүн, аль болох олон хүнээс хол суухыг хичээх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Түүнчлэн та өөрөө вакцин тариулсан ч ужиг, хууч өвчинтэй бол дотор орчинд хоолохгүй байх нь ухаалаг сонголт хэмээн эрдэмтэд зөвлөжээ.

Аялал

Эрдэмтдийн үзэж байгаагаар ямар ч хүн вакцин хийлгэснийхээ дараа цар тахлын үед мөрдөж буй дүрэм журмуудыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай. Хэдийгээр вакцин хийлгэсний дараа халдвар авах болон тараах эрсдэл эрс буурах хэдий ч тэр нь 100 хувь биш аж. Тиймээс онгоцоор зорчих бол маш сайн амны хаалт, тэр байтугай бүтэн толгойны дуулга өмсөхөд буруутахгүй.

Учир нь, өдгөө дэлхий дахиныг айдаст автуулаад буй цар тахал бол өмнө нь хүн төрөлхтөнд тохиолдож байгаагүй цоо шинэ гамшиг, вакцин бол шинэ гамшгийн эсрэг шинэ технологи тул бүрэн судлаагүй, цаашид нөр их судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байгааг санах хэрэгтэй аж. Тухайлбал, вакцин хэр хугацааны турш дархлаа тогтоодог талаар баталгаа хомс байгаагаас гадна ямар ч өвчний эсрэг вакцин хүн бүрт бүрэн тохирч үйлчилнэ гэдэг нь боломжгүй зүйл гэдгийг анхаарах ёстой. Хэдийгээр цар тахлын эсрэг вакцин бүх хүн төрөлхтний 99 хувьд нь үйлчилдэг гэж үзвэл таны хажууд зорчиж яваа хэн нэгэн үлдсэн нэг хувьд хамаарагдаж байгаа эсэхийг мэдэх аргагүй.

Вакцин хийлгэсний дараа халдвар авах эрсдэл эрүүл чийрэг хүний хувьд буурах ч бусдад тараах эрсдэл багасах талаарх  баталгаа хомс тул та бусдын эрүүл мэндийг бас бодох хэрэгтэй. Тиймээс нийтийн тээврээр, ялангуяа агаарын тээврээр зорчихдоо маш анхаарал, болгоомжтой байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гоо сайхан, бялдаржуулах төв

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар вакцин хийлгэсний дараагаар халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн ажиллаж буй гоо сайхны салон, үсчний газраар үйлчлүүлэхэд эрсдэл бага. Хэдийгээр эрсдэл хаана ч 00 хувь биш ч халдвар хамгааллын дэглэм сайн баримталж буй газраар вакцин хийлгэсэн хүн амны хаалттай үйлчлүүлэхэд эрсдэл маш бага юм.

Харин бялдаржуулах газруудын хувьд эрдэмтэд санал зөрөлдсөөр байна. Хэдийгээр бялдаржуулах газар нь дээрхтэй ижил байдлаар амны хаалтаа тайлалгүйгээр үйлчлүүлэх боломжтой ч дасгал хөдөлгөөн хийж буй хүмүүсийн амьсгал, давтамж хэвийн үеийнхээс хэд дахин ихэсдэг нь эрдэмтэд ийнхүү санал зөрөлдөхөд нөлөөлж буй аж. Тиймээс вакцин хийлгэсний дараа ч гэсэн бялдаржуулах төвөөр үйлчлүүлэхдээ маш өндөр сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дүрмийг ягштал сахих хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Шүдний эмнэлэг

Шүдний эмнэлгийн хувьд бүх эрсдэл үйлчлүүлэгчдэд бус эмч нарт тулгарах юм. Хэрвээ эмч хамгаалалтын хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан,  эмнэлэг нь агаар солилцоо сайтай бол вакцин тариулсан үйлчлүүлэгчийн хувьд эрсдэл бага байна. Түүнчлэн эмч нар ч гэсэн мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.

Гэсэн хэдий ч үнэндээ эрдэмтэд дээрх үйл ажиллагаануудын алийг нь ч 100 хувь эрсдэлгүй хэмээн санал нэгдээгүй байгааг хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй юм. Олон улсын халдварт өвчин хяналт, судалгааны байгууллагууд иргэдээ сүргийн дархлаа тогтож, шинэ халдварын тоо огцом буурсан ч амны хаалт зүүн, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг зөвлөж буй.

Вакцин хийлгэнэ гэдэг бол одоогийн байдлаар хувь хүн өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын сацуу нийт хүн төрөлхтний дунд халдвар тарах хурдыг багасгахын тулд хийж чадах хамгийн үр дүнтэй арга юм. Гэсэн хэдий ч вакцин хийлгэлээ гээд та бүрэн эрх чөлөөтэй болж, цар тахлаас хамгаалагдана гэсэн үг биш гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн бүр вакцин тариулж, амны хаалтаа зүүж, цаашид ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахих нь цар тахлын эсрэг хийж чадах хамгийн үр дүнтэй үйлдэл юм. Хэрвээ хүмүүс хичээл зүтгэл нэгтэйгээр ийнхүү цар тахлын эсрэг зөв тэмцэж чадвал энгийн амьдрал, ялалт хоёр биднийг маш ойрхон хүлээж буй.

Эрдэмтдийн хэлж байгаагаар вакцин тариулах нь хүн төрөлхтний цар тахлын эсрэг тэмцэлд маш том алхам юм. Гэхдээ энэ бол хувь хүний бус бүх нийтийн хичээл зүтгэлээс 100 хувь хамаарна гэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: HUFFPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж