Монголын арми шорон биш!

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Монголын арми шорон биш!

Монголын арми шорон биш!

Өнгөрсөн Пүрэв гаригт /2021.02.25/ цахим орчинд цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Олон  ээж аав хүүгээ цэрэгт, армид явуулахаас айсан биз, тэр нь зөв. 

Дээрх бичлэг цацагдсаны дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/ ажлын хэсэг байгуулан шалгахад уг үйл явдал 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсныг тогтоожээ. Гэхдээ бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан аж. Уг бичлэгийг хийж, бусдыгаа хүчирхийлсэн халагдсан цэргүүдийг хаана байгааг нь олж тогтоож, хариуцлага ярихаа салбарын яам мэдээлсэн.

Харамсалтай нь, энэ бол Монголын армид амь бөхтэй оршдог дэглэлт нэртэй хүчирхийллийн нэгээхэн жишээ. Иймэрхүү хүчирхийлэл гарсны дараа цэргийн анги нэгтгэлүүдэд хариуцлагын тухай хөнддөг. Гэвч, тэрхэн зууртай шуугиад өнгөрөхөөс биш арми дахь хүчирхийлэл нь яг бахь байдгаараа үлддэг. Тэгэхээр цаашдаа Монголын арми ниргэсэн хойно нь худлаа хашгирсаар байх уу, эсвэл цэргийн бодлого, тэнд үйлчилж буй бичигдээгүй хууль дүрмийг халах уу гэсэн асуулт хариултгүй хэвээр үлддэг. 

Батлан хамгаалах салбарт бугшсан идээ бээр, цэргийн дэг нэрийн доорх бусдын хүчирхийлэл, доромжлолоос болж хэчнээн сайхан залуус амь нас эрүүл мэндээрээ хохирч үлдэв ээ. Эрүүл саруул хүүгээ эх оронд нь "тушаагаад" эцэст нь хэчнээн ээж, аав элэг эмтэрч, харуусал гомдолтой үлдсэн бэ. Энэ бүхэнд одоо цэг тавьж, цэрэгжсэн "шорон"-г цэвэрлэх цаг болсон байна. Үгүй бол хүний үр хүүхдийг цэргийн зарлан нэрээр дуудаж авчраад тамлан зовоодгоо, амь насыг нь хөнөөдгөө Монголын төр болих ёстой юм. 

Дээрх бичлэг цацагдахын өмнө буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг амиа алдахад хэн юу нөлөөлөв гэдгийг одоогоор тогтоогоогүй. Энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаасаа эхлээд салбарын сайд, ЗХЖШ, цэргийн ангийг хариуцсан дарга гээд шат шатандаа хариуцлага хүлээдгүйгээс болоод цэргийн дэглэл нэртэй яргалал одоо ч Монголын армиас салж чадахгүй явна. 

Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө аав ээж, ахдаа хандан "Намайг эндээс аваач. Дарамттай, маш хэцүү байна" гэх мессеж илгээж байсан тухай ар гэрийнхэн нь гомдоллож буй. Талийгаач цэргийн дэглэлт, хүчирхийллийг тэвчиж чадалгүй амиа алдсан бололтой. Түүнийг амиа алдахад хэн хүргэсэн бэ. Тэр "алуурчныг" олж тогтоож, хариуцлага тооцох учиртай. Ингэж байж л цэргийн дэглэлт багасна. 

Дээрх хэрэг гарснаас төд удалгүй хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд гэр бүлийн тааламжгүй харилцаа гэсэн дүгнэлт гаргасан гэх. 2021 он гарснаас хойш Хил хамгаалах албатай холбоотой гурван ч асуудал ийн бүртгэгдэв.

Жилийн жилд хэдэн зуун залууг цэрэгт татдаг. Тэнд  юу заадаг, ямар мэдлэг олгодог вэ. Ид насны залуусаа дөрвөн хананы дунд хашихаас илүү тэдэнд орчин үеийн мэдлэг боловсрол олгоход Монголын арми анхаарах ёстой болж. 

Бусдын адил эх орноо манах эр хүнийхээ үүргийн нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө хэчнээн залуус гэгээн мөрөөдөлтэйгээр гэрээсээ яваад эргэж ирээгүй бол. Хэчнээн ээж аав энхрий үрээ эргэж үнсэж чадаагүй бол. Энэ асуултад Монголын төр хариулах ёстой.  Энэ бүхнээс үзэхэд, зэвсэгт хүчинд үнэ цэнээ алдсан, хуулийн хариуцлага бүдгэрсэн нэг л асуудал байгаа нь цэргийн амь нас, түүнд холбогдох хариуцлагын асуудал юм. Хүн биш цэрэг гэдэг тэнэг ойлголтоосоо салж байж л Монголын армид дэглэлт байхгүй болно.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж