Тойм: Вакцинжуулалт эхэлж, “Оюутолгой” татварын өрөө барагдуулж эхэллээ | News.MN

Тойм: Вакцинжуулалт эхэлж, “Оюутолгой” татварын өрөө барагдуулж эхэллээ

Тойм: Вакцинжуулалт эхэлж, “Оюутолгой” татварын өрөө барагдуулж эхэллээ

Тойм: Вакцинжуулалт эхэлж, “Оюутолгой” татварын өрөө барагдуулж эхэллээ

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Монгол Улсад энэ долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Хоёрдугаар сарын 23-наас нийслэлд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулсны дүнд аж ахуйн нэгжүүдийн 95 хувь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэх боломжтой болов. Нийт 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн ажиллаж байна.

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

Манай улс Оксфордын их сургуулийн эрдэмтэд, “АстраЗенека” компанийн хамтран бүтээж, Энэтхэгийн "Serum" институтэд үйлдвэрлэсэн Covid-19-ийн эсрэг 150 мянган тун вакциныг энэ сарын 22-ны өдөр хүлээн авав. Үүний дараа БНХАУ-аас “Синофарм” компанийн үйлдвэрлэсэн цар тахлын эсрэг дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээн авсан билээ.

БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 23-ны өдрийн 11.40 цагт цар тахлын эсрэг "Астразенека" вакцины эхний тунг хийлгэсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр иргэд вакцинжуулалтад сайн дураар хамрагдахыг хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийт 7460 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь вакцинд хамрагдах зорилтот бүлгийн буюу 16 эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 11.4 хувь юм. Нийслэл хотод 30 цэгт дархлаажуулалт хийж байна.

“Оюутолгой” ХХК Татварын албанаас тогтоосон актыг хэрэгжүүлж, 229.8 тэрбум төгрөгийн төлбөр төлөв

"Оюутолгой” ХХК Монгол Улсын татварын албанаас тогтоосон татварын актыг хэрэгжүүлж, энэ сарын 25-нд 229.8 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татвар төлөлтөд шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийг төлөхийг эсэргүүцэж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан. Түүнчлэн Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуустал хугацааны албан татварын төлөлтөд мөн хяналт шалгалт хийж, 2020 оны арванхоёрдугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдсэн билээ.

УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-нд баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны хоёрдугаар сарын 10, 19-нд тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.

Засгийн газрын ажлын багаас “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн төлбөрийг ийнхүү төлөв.

Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Энэ долоо хоногт ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл олгох ажил эхэлсэн нь онцлох мэдээлэл байлаа.

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд Зээлийн батлан даалтын санд хандах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой.

Арилжааны банкаар дамжуулан олгох хоёр их наяд төгрөгийн зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой юм.

Арилжааны банкинд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжлахаар болсон билээ.

Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хичээллэнэ

Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр болсон. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Гэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжээгүй билээ.

Шинэ цэргүүд дэглүүлж байгаа бичлэг дэлгэгдэв

Хоёрдугаар сарын 26-ны өглөө цахим сүлжээнд халагдах цэргүүд шинэ цэргүүдээ дарамтлан, дэглэж буй бичлэг тавигдсан. Энэхүү бичлэгтэй холбогдуулан албаны хүмүүс тайлбар хийж, тухайн бичлэг дээр гарсан үйл явдал үнэн болохыг тогтоон, зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлсэн билээ.

Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129-р ангид хүн нас барсан гэх мэдээлэл энэ сарын 7-ны өдөр бүртгэгдсэн. Мөн Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214-р ангид хөгжмийн дарга удирдаачаар ажилладаг албан хаагч амиа хорлосон гэсэн мэдээлэл мөн бүртгэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-28 185.206.225.34

ЭНэ хүний эрхийн комисс ажлаа хийгээчээ. Орон тоог нэмээд л байдаг ажиллачээ

Avatar

Зочин 2021-02-28 66.181.161.80

Армия батлан хамгаалах мангар бацаануудад зохих арга хэмжээ авч шийтгэх хэрэгтэй ийм мангар бацаануудыг дарж бх хэрэгтэй зэвсэгт анги салбарын нэр унагасан малнууд

Avatar

иргэн 2021-02-28 66.181.177.115

Монголын арми ийм хариуцлагагүй явдлаа зогсоож чаддаггүй ямар хачин юм бэ? Энэ байдалдаа аль хэзээний дүгнэлт хийж эцэслэх цаг болсон баймаар. Үнэхээр уучлахын аргагүй асуудал биздээ?

Avatar

Зочин 2021-02-28 202.55.188.34

Neg dor tasanch olon ym bichdeg ym oyutolgoigool bicheech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж