Ж.Батзандан: Сонгууль бол төрөө цэвэрлэх боломж юм шүү

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Сонгууль бол төрөө цэвэрлэх боломж юм шүү

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

 


 

-НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчид НӨАТ-ын падаан хэвлэх машин авах ёстой гэдгээс болоод нэлээд бухимдуу байх шиг байна. Таны хувьд борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгж, хувь хүмүүс заавал падаан хэвлэх машин авах шаардлагагүй гэсэн…

 

-Энэ асуудлын хүрээнд Өргөдлийн байнгын хороонд хэдэн мянган гомдол ирсэн. Жижиг аж ахуйн нэгжийг НӨАТ-ын падаан хэвлэх машин ав гэж татварын байгууллага дарамталж байна. Энэ машиныг авах нь зөв үү, буруу юу гэдэг маргаан нийгэмд нэг хэсэг явсан. Татварын байгууллагын удирдлагуудтай уулзсан. Монгол Улсын хуулиар 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж НӨАТ төлөх үүрэг хүлээдэг. Харин 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж НӨАТ төлөхөөс чөлөөлөгдөж байгаа. Энгийн логикоор бодоход л 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой НӨАТ биш аж ахуйн нэгж байгууллагыг НӨАТ-ын падаан хэвлэгч машин ав гэж шахах нь утгагүй. Харин эдгээр жижиг бизнес эрхлэгчид уг машиныг авсан ч болно. Авахгүй байсан ч болно. Авсангүй гэж албадаж, торгож, дарамталж болохгүй. Татварынхан болон төрийн байгууллагын байр суурь ч гэсэн ийм байгаа.

 

НӨАТ-ын падаан хэвлэгч машин авсан тохиолдолд татварын системдээ шууд холбогдоно. Падаан хэвлэгч машинтай бол тухайн дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүс НӨАТ-ын сугалаанд оролцох бүрэн эрхтэй болох юм. Мөн НӨАТ-ын тайлан гаргадаг хүнд суртал арилна. Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл хялбар, ойлгомжтой болно. Үүнийг аль аль талдаа бодох хэрэгтэй.

 

-Нарантуул захын худалдаа эрхлэгчид шатсан барааныхаа нөхөн олговрыг авах үүднээс Өргөдлийн байнгын хороонд хандсан байсан. Нарантуул захынхан нөхөн олговор олгох юм уу?

 

-Галын дүгнэлт хараахан гараагүй байгаа. Үүнийг даруйхан гаргах ёстой. Талуудыг байлцуулж мэдээлэл авсан. 200 гаруй бизнес эрхлэгч галын улмаас бараа материалаараа хохирсон гэдэг мэдээлэл байна. Нарантуул захтай байгуулсан түрээсийн гэрээнд гэнэтийн гал түймрээс болж хохирсон тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг заалт байгаа эсэх талаар лавлаж асуусан. Түүнчлэн Нарантуул зах нийгмийн хариуцлагын төлөвлөгөөтэй эсэхийг тодруулсан. Түрээслэгчид буюу галаас болж хохирол амссан бизнес эрхлэгчид Үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулж нэгдсэн зохион байгуулалтад орохыг бид хүсч байгаа. Энэ тохиолдолд Өргөдлийн байнгын хорооноос хууль эрх зүйн зөвлөгөө өгч, иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалах тал дээр ажиллах боломж нээгдэнэ. Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдөл бүр дээр ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Манай байнгын хороо өргөдөлд дарагдаж байгаа хэдий ч манайхан чадлынхаа хэрээр ажиллаж байгаа. Үр дүн гарах байх. Өмнө нь Бөмбөгөр зах шатахад миний бие ажиллаж байсан туршлага бий. Тиймээс энэ туршлага дээрээ тулгуурлаад Нарантуул захын галын аюулаас болж хохирсон иргэдийнхээ эрхийг хамгаалах тал дээр анхаарч ажиллана.

 

-Нарантуул захын зүгээс хохирлыг нь барагдуулна гэв үү. Гэрээнд нь хохирол барагдуулна гэж заасан юм уу?

 

-Энэ асуудлыг судалж байна. 200 гаруй түрээслэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан юм билээ. Энэ гэрээ нь стандартын дагуу байгуулагдсан уу эсвэл харилцан ойлголцлын үндсэн дээр байгуулагдсан гэрээ юу гэдгийг судлах ёстой. Түрээсийн гэрээний дотоод агуулгын Иргэний хуулийн дагуу хянах шаардлагатай. Гэрээнээс үүдсэн маргааныг хуульч томилж тодорхой болгох хэрэгтэй. Хууль эрх зүйн маргааныг хуулийн дагуу шийдэх нь зөв.

 

-Сүүлийн үед Ардчилсан намын лидерүүдийн хооронд тулаан өрнөөд эхэллээ гэж харагдаж байна. Удахгүй сонгууль болох гэж байхад намаа бодох хэрэгтэй болов уу. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид хаягласан мэдэгдэл хийлээ л дээ. Өмнө нь Ерөнхийлөгчийн зүгээс Х.Баттулга гишүүнд хандсан үг хэлж л байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Ардчилсан нам гэхээсээ илүүтэй. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүмүүсийн хооронд бодлогын зөрчил харагдаад байгаа юм. Ерөнхийлөгч бол АН-ын хүн биш. АН-ын нэр дээрээс нэр дэвшиж, намын харьяалалаасаа татгалзан Төрийн тэргүүн болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бие даасан, хараат бус субьект. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэдэг монгол төрийн зарчим бий. Байр байрандаа байх ёстой. Ерөнхийлөгч үндсэн үүргээ биелүүлж ажиллах ёстой. Ард иргэдээ, улс төрийн намуудыг талцан муудалцуулах биш нэгтгэн нийлүүлж, ойлголцуулах нь Ерөнхийлөгчийн үндсэн ажил. Ерөнхийлөгчийн үндсэн ажил бол авлигатай тэмцэх биш. Авлигатай тэмцэх нь Хууль зүйн сайдын хийх ёстой ажил. Ерөнхийлөгчийн үндсэн ажил нь Таван толгойг хэнд өгөх вэ гэдгийг шийдэх биш. Энэ бол Ерөнхий сайд, УИХ-ын эрх мэдлийн асуудал. Тэгэхээр Ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг хангах үндсэн чиг үүргээ барьж ажиллах ёстой. Засгийн газар нь эдийн засгийн бодлогоо тодорхойлж, УИХ нь үндэсний томоохон асуудал болон хууль дүрмээ гаргаад явдаг байх шаардлагатай. Маргааны үндсэн шалтгаан бол өөрийнхөө үндсэн ажлыг манай дарга нар хийдэггүйтэй холбоотой. Удахгүй асуудал эмх цэгцэндээ орно.

 

-Н.Алтанхуяг гишүүний мэдэгдлийг та хувь хүнийхээ үүднээс хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөс хойш үе үе цочир мэдэгдэл хийдэг болоод байгаа. Үнэхээр өөрийнх нь ярьж байгаа шиг дарамт, шахалт, хэлмэгдүүлэлт байгаа бол Өргөдлийн байнгын хороонд хандах хэрэгтэй. Байнгын хорооны даргын хувьд иргэн Н.Алтанхуягийг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хамгаалах, тэр хүний эрхийн төлөө дуугарах боломж бий.

 

-Энэ парламентын отгон чуулган эхэллээ. Багахан хугацаанд ч гэсэн ямар асуудлуудыг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа бол?

 

-Өргөдлийн байнгын хороо хууль бүр дээр саналаа хүргүүлдэг. Иргэдийн саналын дагуу нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Олон хүнийг хамарсан асуудал дээр байнгын хороо байр сууриа илэрхийлж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Өргөдлийн байнгын хороо хамгийн ачаалалтай ажилладаг.

 

Энэ хаврын чуулганы хамгийн чухал хууль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж харж байгаа. Уг хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал шийдэгдсэн. Эдийн засагтай холбоотой татварын хуулиуд, тэтгэврийн зээл, цалин нэмэхээс эхлээд иргэдийн амьдралтай холбоотой чухал асуудлуудыг УИХ, Засгийн газар шийдвэрлээд явах нь зүйтэй. Эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ амьжиргаа, бодит байдалд илүүтэй анхаарах ёстой.

 

Урин дэлгэр цаг ирж бизнесийн сезон ирж байгаа тул бизнесээ дэмжих чиглэлд, тэдэнд ирж буй дарамтыг багасгах чиглэлд илүүтэй ажиллах хэрэгтэй байна. Учир нь манайд бизнес эрхлэх боломж үндсэндээ тавдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд үргэлжилдэг. Маш богино хугацаанд барилга, маш богино хугацаанд уул уурхай, маш богино хугацаанд хөдөө аж ахуйн салбар явж байдаг. Тиймээс энэ богино хугацаанд хэрэгтэй гэсэн амин чухал шийдвэрүүдийг нэн тэргүүнд гаргах ёстой. Саяхан тариаланчдын чуулган болоход би оролцлоо. Малчдаа дэмжсэн чухал шийдвэрүүдийг гаргасан. Мөн төмөр замын, хөдөө аж ахуйн бодлоготой холбоотой чухал хууль, төслүүдийг яаралтай хөдөлгөх шаардлага бий.

 

-Та Баянзүрх дүүрэгтээ нэр дэвших байх. Сонгуулийн уур амьсгал хэр орж байна?

 

-Чуулганы завсарлагаанаар 10 гаруй уулзалтыг зохион байгуулсан. Ж.Батзандан гишүүний оролцож баталсан хуулиудад иргэд сэтгэл хангалуун байгаа. Илүү ихийг биднээс хүсч байна. Эдийн засгийн хүндрэлтэй илүүтэй тэмцэхийг шаардаж байна. Төрд эв нэгдэл хэрэгтэй. Төрд ойлголцол хэрэгтэй. Эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаа зогсоож ажил дээрээ анхаарлаа хандуулахыг иргэд шаардаж байна. Иргэдийн тавьсан шаардлага бүрийг холбогдох албан тушаалтнуудад нь хүргүүлж байгаа.

 

Сонгууль эхлэх хараахан болоогүй байна. Сонгуулийг бид боломж гэж харах ёстой. Сонгуулиар бид хулгайчдаасаа салах боломжтой. Сонгуулийг бид авлигачдаасаа салах боломж гэж харах хэрэгтэй. Дахин хэлье. Сонгууль бол боломж. Төрөө цэвэрлэх боломж юм шүү.

 

-Боломж гэж ярьж байгаа ч боломжоо ашиглаж чадах уу. Өмнө нь ч гэсэн боломж гээд баахан ярьдаг ч тэгж чаддаггүй шүү дээ?

 

-Хуучин цагт эрх баригч намууд сонгуулийг луйварддаг байсан. Одоо харин луйвардах боломжгүй болсон. Технологийн дэвшил, ил тод байдал, иргэний хяналт нэмэгдсэн болохоор төр барьж буй намууд сонгууль луйвардах боломж бараг байхгүй. Хэвлэл мэдээлэл, сошиал хөгжиж байгаа болохоор иргэдийн хувьд мэдээлэл сайн авч байгаа. Шийдвэр гаргах, зөв, ухаалаг сонголт хийх бололцоо боломж урд жилүүдээс илүү нэмэгдсэн гэдэгт итгэлтэй байна.

 

-Ярилцлагын төгсгөлд нэмээд асуухад сүүлийн үед олон улсад оффшор бүст мөнгөө хадгалсан улстөрчдийн хөрөнгө илэрч эхэллээ. Та өмнө нь оффшор бүсийн тухай хууль өргөн барьж байсан байхаа. Тиймээс л сонирхоод асууж байгаа юм?

 

-Би гурван жилийн өмнө оффшорын хуулийн төслийг өргөн барьж байсан. Харамсалтай нь миний өргөн барьсан хуулийг батлаагүй. Гэхдээ мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллага, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн дэмжлэгтэйгээр Жи20 оффшорын эсрэг тэмцэл явуулж эхэлсэн. Үүнд Монгол Улс нэгдэн орсон. Үр дүнд нь оффшорт авлигаас олсон мөнгө, хууль бус хөрөнгөө далдалсан, эх орноосоо зувчуулсан хөрөнгөө оффшорт нуудаг байдал жилээс жилд хумигдаж байгаа. Манай зарим нэг улстөрч, бизнесийнхний үйлдэл захаасаа ил болж байна. Өргөдлийн байнгын хороо Тагнуулын ерөнхий газарт оффшороос ил болсон баримтуудыг шалгаж үз гэсэн бичиг явуулсан. Монголоос гадагшаа гарсан, нуугдсан хөрөнгийг илрүүл гэсэн юм. Монголоос хулгайн замаар гадагшаа гарсан мөнгийг буцаан авч ирэх хэрэгтэй. Монголын эдийн засгийн цус алдалтыг зогсоох ёстой.

 

Э.ЭНХБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж