Монгол Улсад орж ирсэн Covid-19-ийн эсрэг вакцины мэдээллийг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзул өглөө. Тэрбээр "Монгол Улсын хувьд Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах ажил үргэлжилсээр байна. Яг одоогийн байдлаар 7460 хүнийг "AstraZeneca" вакцинд хамруулаад байна. Энэ нь нийт хамрагдах ёстой зорилтот бүлгийн хүмүүсийн 11 хувь болж байна. Дархлаажуулалтад хамрагдсан хүний 21.5 хувь нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрсэн бол хоёр хүний даралт ихсэх урвал илэрсэн. Энэхүү шинж тэмдэг 2-3 хоногт бүрэн арилсан байна.
ДЭМБ яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн 10 гаруй вакцин бий. Үүнээс Монгол Улсад хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар гурван төрлийн вакцин орж ирсэн. Тухайлбал, Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн "AstraZeneca" вакцин, Хятадад үйлдвэрлэсэн "Sinopharm" вакцин, ОХУ-д үйлдвэрлэсэн "Sputnik V" вакцин багтана.
Эдгээр гурван вакцинаас "AstraZeneca" вакциныг дэлхийн олон орнууд хэрэглэж байна. "AstraZeneca", "Sputnik V" нь Векторын вакцинд хамаарагддаг. "Sinopharm" вакцин нь идэвхгүйжүүлсэн вакцинд тооцогддог бөгөөд үүсгэгчээс ялгаж авсан эдгээр вакцины бэлдмэлүүд тус бүрдээ давуу ба сул талтай. Идэвхгүйжүүлсэн вакциныг уламжлалт аргаар гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, Covid-19-ийн үүсгэгчээс тодорхой бүтцийн хэсгийг цэвэршүүлж, идэвхгүйжүүлж бэлдсэн вакцин юм.
Векторын вакцин гэдэг нь Covid-19-ийн генийг зөөгч вируст суулгадаг. Энэ нь дархлааны эсэд маш хурдан танигддаг. Вакциныг үйлдвэрлэсэн арга нь ялгаатай ба үйлчилгээ нь ч мөн өөр байх нь. Эдгээр вакцинуудыг хоёр тун хийлгэдэг. Энэ нь дархлааны хариу урвалтай хамаатай. Вакциныг хоёр тун хийдэг.
Хүний биед эхний тунг хийсний дараа хоёр төрлийн урвал үүснэ. Эхнийх нь төрөлхийн дархлаа. Хоёр дахь нь өвөрмөц дархлааны урвал юм. 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ. Энэ нь өвөрмөц дархлааны урвалыг хүчтэй болгодог.
Монголд орж ирсэн гурван вакцины судалгааны үр дүнгээс дурдъя.
- Англи, Бразил, Өмнөд Африкт хийсэн судалгаагаар "AstraZeneca" вакцин хийлгэсэн 74341 хүнийг 3-4 сарын хугацаанд судлахад 168 хүнд вакцины хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрч, 70.4 хувь нь үр дүнтэй байсан. Дараа нь 17177 хүнийг хамруулсан судалгаанд вакцины үр дүн 76 хувь, хамгаалалт эхний гурван сард буураагүй байсан.
"Sinopharm" вакцины хувьд үйлдвэрлэгч болох Хятад улс, Бахрайн, Египет, Йордан зэрэг улсуудын нийт 45000 хүнийг хамруулсан судалгаа хийгдэж байна. Үр дүнг үнэлэхийн тулд тодорхой хугацаа шаардагддаг.
- ОХУ-ын "Sputnik V" вакцин хийлгэсэн тус улсын 16427 хүний 45-д нь вакцины хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрч, 91.6 хувийн үр дүнтэй байсан. Венесуэл, Беларусьт вакцины үр дүн, аюулгүй байдал, дархлаа тогтоцыг үнэлэх судалгаа хийгдэж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ