Э.Бат-Үүл: Нийтийн тээврийнхэнтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Нийтийн тээврийнхэнтэй уулзана

“Тэнүүн Огоо”, “Эрдэм транс” тэргүүтэй нийтийн тээврийн автобусны урд "НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАА 1-Р УЛИРЛЫН ЗАРДЛЫН САНХҮҮЖИЛТЭЭ ӨГӨӨЧ ЭЭ! ЦАЛИНГАА ТАВЬЯ, ӨРӨӨ ТӨЛЬЕ" гэх бичгийг байрлуулаад гурав хонож байна. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнгийн тайлбарлаж буйгаар автобуснууд орлогоо “Улаанбаатар смарт карт” компанид төвлөрүүлдэг юм байна. Ингээд буцаагаад автобус компани руу олгодог. Ингэхдээ цагийн орлого нь хүрэхгүй тохиолдолд нийслэлээс үлдсэн хэсгийг олгох хуулийн заалттай гэлээ. Гэтэл нэгдүгээр сард санхүүжилтийн талыг, харин хоёр, гуравдугаар сарынхныг олгоогүйгээс ийм асуудал үүсчээ.

Тэгвэл энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс тодрууллаа.

-Нийтийн тээврийн зарим автобус санхүүжилтийн эх үүсвэрээ нэхсэн лоозонг танд хаяглан зүүсэн байна. Энэ дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Одоо нийтийн тээврийнхэнтэй уулзах гэж байна. Мэдээж ардчилсан улс гэдэг утгаараа өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Үнэхээр мөнгө төгрөгийг нь хоцроосон бол ингэж үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Гэхдээ надад ийм нэг мэдээ ирлээ. Нийтийн тээврийнхэн ажлын гүйцэтгэлээ гаргаж өгөхгүйгээс үүдэн саатсан гэх асуудал бас байна.

-Харж байхад хувийн хэвшлийн автобуснууд ийм шаардлага тавьж байна?

-Ер нь хувийн хэвшлийнхэн гүйцэтгэл гаргаж өгөх асуудал дээр хоцроох тохиолдол байдаг.

-Зорчигч тээврийн нэгтгэлийн зүгээс шатахууны гурван тэрбум төгрөгийн өртэй гэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт ярьж байсан?

-Одоо нийтийн тээврийнхэнтэй уулзах гэж байна. Нягталсны дүнд тодорхой мэдээлэл өгөх боломжтой.

-Асуудлыг хэр хугацаанд шийдвэрлэх вэ?

-Манай буруугаас болов уу, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ийм асуудал үүсэв үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үнэхээр манай буруугаас ийм асуудал үүссэн бол асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх ёстой. Одоохондоо мэдээлэл тодорхой биш байна. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрийг Сангийн яам удаа дараа саатуулсан гэдгийг ч хэлэх хэрэгтэй гэв.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж