Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хоёрдугаар сарын 26-нд хуралдаж, Ардчилсан намын Х их хурлаар хийсэн гэх Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцээд хуулийн шаардлага хангаагүй хэмээн татгалзсан шийдвэр гаргажээ. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Ц.Тувааны зохиосон “дүрэм” ийнхүү Улсын Дээд шүүхээс хоёр дахь удаагаа буцаагдаж байна.
Тодруулбал, АН-ын Х их хурлыг хуралдуулсан гэх хурлын үйл ажиллагааны процесс, дүрмийг хэлэлцсэн асуудал нь бүхэлдээ хуульд нийцээгүй, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тогтоол гаргах ёстой байсан гэж Улсын Дээд шүүх үзжээ. Шүүхээс АН-ын 04 тоот тогтоолд заасан зөрчлийг арилгаагүй, сүүлд нэмж ирүүлсэн баримтууд нь ч мөн хоорондоо зөрчилтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. Ийнхүү АН-ын Х их хурлыг дээд шүүх дүрмийн бус гэж үзэн, хүчингүйд тооцож, Ц.Тувааныг АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд гэж тооцсоноор АН-ын хуучин дүрэм хэрэгжиж, бүх шатны сонгуулийг явуулах эрх С.Эрдэнэд шилжин ирж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН намын даргаа сунгаагаар, нэр дэвшигчээ санал хуралтаар тодруулах ёстой болж байгаа юм.
Энэ тухай АН-ын гишүүн З.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Уг нь зөвхөн намын дарга гэлтгүй аймаг, сум дүүргийн намын даргын сонгуулийг явуулаарай, энэ бүхнийг зохион байгуулаарай гэж С.Эрдэнэ Ц.Туваан гэдэг хүнд тамгаа өгсөн. Ц.Туваан нь энэ бүх ажлыг хийхийн оронд гишүүдээсээ дарга сонгодог дүрмийг өөрчлөх гэж оролдлоо. Тэр нь бүтэлгүйтлээ. Гишүүдээсээ даргаа сонгодог зохицуулалт бол найдвартай арга. 100 гаруй настай Английн нам энэ дүрмээр сүүлийн гурван сонгуульд ялсан. Тиймээс одоо дүрмээ бус, даргаа солиод л урагш явах хэрэгтэй” гэж шүүмжилсэн.
Одоогоор АН-ын даргад Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, О.Амартүвшин, О.Цогтгэрэл нар горилж буй. Харин Э.Бат-Үүл нийслэлийн АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөө өчигдөр нүүр номоороо илэрхийлсэн. Ц.Оюунгэрэл АН-ын дотоодод болох Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сунгаанд оролцохоо шинэ оны дараахан зарласан юм. Хөшигний ард Д.Амаржаргал, З.Энхболд, Х.Тэмүүжин нар нэр дэвших сунгаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн гэх мэдээлэл бий.
Дээр нь ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох амбицаа барьж чадахгүй адгаж яваа нэг хүн бол Х.Баттулга.
Хэдийгээр түүний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн дагуу хязгаарлагдмал байгаа ч өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц дээр өөрөө гүйж очсон. Үүнийг Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар буруутгасан. Тэрбээр “Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигоноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэсэн байна.
Үнэндээ Баяраа өөрөө л ширээн дээрээс ойчсон гэдэг шиг Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд АН-ын арав орчим лидерийг улс төрийн хоригдол болгосон, толгойтой бүхнийг нь харлуулж гутаасан Х.Баттулгын хувьд намынхаа дотоод сунгаанд ялах магадлал маш бага. Тиймээс Ц.Туваанд даалгавар өгч, өөрөө өрсөлдөгчгүйгээр нэр дэвших гэсэн оролдлого нь бүтэлгүйтлээ. Одоо С.Эрдэнэд хадаг барьж сөгдөх үү.
Дээрээс нь цаазын ял сэргээх, хувийн өмчийг төрд хураан авах гээд Монголын ардчилал, АН-ын үзэл санаа, үнэт зүйлийн эсрэг ажилласан. Мөн эрх баригчидтай нийлж хонгил үүсгэсэн, УИХ-ын сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гээд Х.Баттулгад АН-ын гишүүд итгэл үзүүлэх нь юу л бол. Ингэхэд Х.Баттулгын нүүдэл бүхэн өөрт нь хожигдол авчирдаг болсон байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ