“Washington Post” сонины сэтгүүлч Жамал Хашогги 2018 онд Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу ороод ор сураггүй алга болсон юм. Удаан хугацаанд мөрдөн шөлгөх ажиллагаа явуулсны эцэст түүнийг тус консулын газарт хөнөөгөөд, цогцсыг нь хэсэглэж, хүчилд уусгасныг тогтоож байв.
Уг хэргийн захиалагч нь Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман байсныг АНУ-ын тагнуулын байгууллага анх удаа олон нийтэд ил болгожээ. Ийм дүгнэлт 2018 онд гарч байсан ч Дональд Трампын засаг захиргаа газрын тосны хамгийн том экспортлогч, гол холбоотныхоо эсрэг мэдэгдэл хийхээс зайлсхийж байв.
Хүний эрхийн асуудалд илүү анхаарал хандуулдаг Ерөнхийлөгч Байдены захиргаа уг хэргийн үнэн мөнийг зарласан нь энэ бөгөөд ханхүүгийн ойрын хүрээнийхэнд хилийн хориг тавьсан байна. Гэхдээ ханхүү Мохаммед Бин Салманд хориг тавиагүй ажээ. Мөн Саудын Арабад довтолгооны зориулалттай зэр зэвсэг нийлүүлэх гэрээгээ цуцалж, батлан хамгаалах зориулалтын зэвсэг техникийн нийлүүлэлтийг ч цаашдаа хязгаарлах төлөвтэй байгаа юм байна. Харин Саудын Арабын засгийн газар дээрх тайланг үнэнд нийцэхгүй, худал хуурмаг мэдээлэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ