Унгарт ХАА-н чиглэлээр тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Унгарт ХАА-н чиглэлээр тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмнэ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекашийн урилгаар өнгөрсөн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд Р.Бурмаа, Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекаш, Гадаад харилцаа, худалдааны сайд, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын Унгарын талын тэргүүн ноён Иштван Микола нартай уулзалт хийж, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр албан ёсны хэлэлцээр хийв.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны эртний найрамдалт харилцааны илрэл болсон “Биокомбинат” ТӨҮГ-ийг Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэлийг хурдасгах үүднээс Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг байгуулан ажиллах, Монголын хүнсний үйлдвэрлэлд Евро-стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, чацаргана зэрэг бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судлах, Монголын хөдөө аж ахуйн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах, Монголоос Унгар улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлээр түлхүү сургах зэрэг асуудлуудыг ярьсан байна.

Сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд эрчимжсэн фермийн аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэр болон био технологийн үйлдвэрүүдийг үзэж сонирхон Унгарын хөдөө аж ахуйн салбарын хөгжилтэй танилцлаа.

Мөн Монгол-Болгарын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүний хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Болгар Улсад айлчилж Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдааныг даргалан хуралдуулав.

Комиссын хуралдаанд оролцсон манай төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын монголын хэсгийн дарга Р.Бурмаа, Болгарын талыг тус улсын Эдийн засгийн дэд сайд, комиссын Болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар тус тус тэргүүлэн оролцов. Хуралдаанаар Монгол, Болгарын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Комиссын өмнөх 5 дугаар хуралдааны хэрэгжилт, БНБУ-ын Ерөнхийлөгч Р.Плевнелиев-ийн 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудын хэрэгжилт болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх төлөвийн талаар хэлэлцлээ.  Комиссын хуралдааны төгсгөлд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдааны Протоколд Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын монголын хэсгийн дарга Р.Бурмаа, Болгарын Эдийн засгийн дэд сайд, комиссын болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар гарын үсэг зурсан ба ЗГХК-ын энэ удаагийн хуралдаан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, барилга, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болсныг хоёр тал онцлон тэмдэглэв.

Хуралдааны үеэр сайд Р.Бурмаа Болгарын Ардын Хурал дахь Болгар, Монголын парламентын бүлгийн дарга Десислава Атанасова, Газар тариалан хүнсний дэд сайд Васил Грудев нартай хоёр талын уулзалт хийж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн Монгол-Болгарын бизнесфорум зохион байгуулж хоёр талаас цугласан 50 гаруй төлөөлөгчдөд Монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж