Цэцийг шүдгүй болгох төслийг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Цэцийг шүдгүй болгох төслийг дэмжихгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ. Эл төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачлан мэдүүлсэн аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Эрх бүхий байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэх болно” гэсэн заалт байдаг ч үүнийг өөрчлөх заалт дээрх санаачилсан төслөөр орж ирлээ. Ингэхээр Цэц нэгэнтээ шийдвэр гаргаад Их суудлын хуралдаанаар хуралдаад хүчингүй болгочихсон асуудлыг дахин хууль батлахдаа тэр чигээр нь сэргээгдээд оруулаад ирэхэд Цэц авч үзэх эрхгүй болж байгаа. Нэгэнт Цэц эцэслэн шийдвэр гаргаж чадахгүй бол Цэц байх шаардлагагүй болно. Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэр гармагц хүчин төгөлдөр болно гэсэн заалт бий. Үүнтэй Ш.Түвдэндорж гишүүний санаачилсан төсөл агуулгын хувьд зөрчилдөж байгаа. Цаашаа ургуулаад ярих юм бол Цэц мянгантаа шийдвэр гаргаад нэмэргүй, хууль тогтоох байгууллагад Цэцийн хүчингүй болгосон шийдвэрийг нээх эрх үүснэ. Энэ тохиолдолд Цэц Үндсэн хуулиа хамгаалах аргагүй болж, шүдгүй арслан болж хувирна” гэлээ. Мөн тэрээр, Үндсэн хууль мэтийн суурь хуулиуд руу нэг гишүүн дайрдаг байдлаа зогсоохыг шаардаж байна гэсэн юм.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл байсан ч дэмжих боломжгүй хэмээн үзжээ.

Дээрх төслөөр Хөдөлмөрийн баатар цол байхгүй болж, Монгол Улсын баатар гэдэг цол үлдэж байгаа бол Ардын зураач, Ардын жүжигчин цолны оронд Улсын эрдэнэ цол олгодог байхаар, гавьяат жүжигчин, гавьяат багш цол байхгүй болж гавьяат зүтгэлтэн болох. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгүй болж байгааг дэмжих боломжгүй, одоогийн шагнал хэвээр байх ёстой гэж үзсэн байна.

Мөн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Хонконгт айлчлал хийх үеэрээ хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж бүлгийн гишүүд үзжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Ерөнхий сайд тус улсад болсон чуулганд оролцохдоо “МАН гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг ажилладаг” гэсэн мэдэгдлийг хийсэн нь хариуцлагагүй мэдэгдэл. Ардын нам гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ямагт дэмжиж ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжиж давхар шинэ технологи нэвтэрч, мөн инженер техникийн ажилтнуудаа сургах боломж нээгддэг учраас Монгол Улсын хувьд маш чухал хөрөнгө оруулалт юм. Үүнийг улстөржүүлсэнд харамсаж байна” гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж