АНУ-ын алдарт дуучин Канье Уэст 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж, ихэнх зардлаа хувиасаа гаргасан билээ. Тэгвэл People сэтгүүлийн онцолсноор тэрбээр өөрийнхөө сонгуулийн сурталчилгааны ажилд 12.4 сая ам.доллар зөвхөн өөрийнхөө данснаас зарлагадсан байна. Харин хандив болон зарим талуудын гаргасан мөнгө нийт хоёр сая орчим ам.доллар болж байгаа юм. Ингээд бодвол Канье Уэстийн бүтэлгүй сонгуулийн ажилд нийт 14 сая 538 мянга 989 ам.доллар зарцуулагдсан байна.
Харин Уэстийн багийнхан өөрсдөө сонгуулийн сурталчилгааны зардал 13.2 сая болсон хэмээн мэдээлж байжээ. Тэр мөнгөний ихэнх буюу 7.5 сая орчим ам.доллар нь аль болох олон мужид саналын хуудас дээр нэрээ бичүүлэхэд зориулагдсан байна. Тэрбээр хэд хэдэн мужид нэр дэвших хугацаанаасаа хоцорсон нь ийнхүү их гарз учруулсан аж. Гэвч түүний хичээл зүтгэл талаар болж, цөөхөн хэдэн мужид өрсөлдөн 60 мянга хүрэхгүй тооны санал авсан юм. Уэстийн өрсөлдсөн мужуудаас Теннеси мужийн санал хамгийн өндөр буюу 10 мянган санал цугларчээ.
Сонгуулийн сурталчилгааны үеэр Уэст удаа дараа олон нийтийн өмнө хяналтаа алдан хачин авирлаж, олон хэл аманд орооцолдсон билээ. Эдгээрээс болж түүний эхнэр Ким Кардашиан салах өргөдлөө өгсөн хэмээн хүмүүс таамаглаж байгаа билээ.
Эх сурвалж: PEOPLE
Холбоотой мэдээ