Францын нэрт жүжигчин Жерар Депардьег бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган, шалгаж эхэлсэн талаар “France Press” агентлаг мэдээлжээ. 2018 оны зун түүний гэмт үйлдлийн золиос болсон хэмээн өдгөө 22 настай бүсгүй өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хууль сахиулах байгууллагад гомдол гаргасан байна.
Хохирогчийн мэдүүлснээр, жүжигчин түүнийг эхний удаа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр, дараа нь наймдугаар сарын 13-ны өдөр тус тус хүчирхийлсэн аж. Мөрдөн шалгалтын явцад, жүжигчин эр хохирогч бүсгүйтэй эртний танил бөгөөд түүнийг кино урлагт карьераа эхлүүлэхэд нь тусалж байсныг тогтоожээ. Хохирогчийн өмгөөлөгч Элоди Туайон-Ибон үйлчлүүлэгчид нь хүнлэг ёсоор хандахыг хүмүүсээс хүссэн байна.
Депардьегийн өмгөөлөгч Эрве Темимийн мэдээлснээр, жүжигчин эр өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж буй аж. 2018 онд бүсгүй гомдол гаргасны дагуу Депардьед холбогдох хэргийн шүүх хурал болж, 2019 онд хэргийг хэрэгсэхгүй болгон хаажээ. Гэвч бүсгүй хууль сахиулах байгууллагад дахин хандсанаар 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа эхэлж, аравдугаар сард прокурорын байгууллагаас хэргийг дахин шалгах шийдвэр гарчээ.
Жерар Депардьегийн хувьд анх удаа шүүхэд дуудагдсан нь энэ биш ажээ. Тэрбээр 2012 онд гудамжинд авто худалдаачны нүүрэн тус газарт цохиж танхайрсан бол жилийн дараа Парист архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ скүүтер жолоодож яваад осол гаргасан байна. Мөн 2020 онд согтуудаа скүүтер жолоодсон хэмээн дахин буруутгагджээ. Тэрбээр 2011 онд Парис Дублин чиглэлд зорчиж байхдаа зорчигчдын нүдэн дээр бусад руу хуванцар сав шийдсэнийхээ төлөө уучлалт гуйхад хүрч байжээ. 2014 онд түүнийг Итали дахь орон сууцныхаа цонхоор зорчигчид руу ус цацсан хэрэгт буруутгасан байна.
Жерар Депардье Францын кино урлагийн домог юм. Жүжигчний карьераа "Кафе де лдя Гар" театраас эхлүүлсэн тэрбээр дэлхийд алдартай жүжигчин болсон билээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ