Хятадын автомашин үйлдвэрлэгч SAIC Motor улсын компанийн үйлдвэрлэж буй 4400 ам.долларын үнэтэй Хон Гуан Мини цахилгаан автомашин борлуулалтаараа АНУ-ын өрсөлдөгч Tesla компанийг хол хаяжээ.
SAIC Motor компани нэгдүгээр сард гэхэд л дотооддоо нийт 25778 ширхэг Хон Гуан Мини автомашин борлуулсан гэнэ. Харин Tesla компанийн Модел 3 автомашин нэгдүгээр сард нийт 13843 ширхэг борлогджээ.
Хятад улс бол дэлхийд автомашины зах зээлээрээ тэргүүлдэг орон бөгөөд Tesla компанийн зах зээлтэй харьцуулбал тав дахин том гэнэ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтийг удаашруулах олон улсын зорилтын дагуу Хятад улс цахилгаан машиныг олноор үйлдвэрлэн иргэддээ хямд үнээр борлуулж эхэлсэн байна.
Хон Гуан Мини автомашин нь дөрвөн хүний суудалтай, цагт 99 км хүртэл хурдалж, нэг бүтэн цэнэгээрээ 200 км орчим зам туулах чадвартай гэнэ.
Ийнхүү Хон Гуан Мини цахилгаан автомашины борлуулалт эрчимтэй нэмэгдэж байгаагаас харахад тус төмөр хөлөг дэлхийн хамгийн борлуулалт сайтай цахилгаан автомашинуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэхэд ойрхон иржээ.
Харьцуулж үзвэл дэлхийн хамгийн өндөр борлуулалттай Модел 3 автомашин Хятадад Хон Гуан Мини автомашинаас даруй найм дахин өндөр үнээр зарагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хон Гуан Мини автомашин 4400 ам.долларын үнэтэй бол 2019 оны арванхоёрдугаар сараас Шанхайд зарагдаж эхэлсэн Модел 3 автомашин 39000 ам.долларын үнэтэй аж.
Хон Гуан Мини автомашин Хятад дахь Tesla компанийн цор ганц өрсөлдөгч биш юм. Хятадад цахилгаан автомашин үйлдвэрлэж буй хэд хэдэн компани байдгаас Nio Li Auto, Xpeng компаниудын борлуулалт сүүлийн үед эрчимтэй өсч байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ