Гуравдугаар сарын 1-нээс тусгай нислэгийн тариф 15 хувь хямдарна

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 1-нээс тусгай нислэгийн тариф 15 хувь хямдарна

Гадаад харилцааны яамнаас гадаадын оронд гацсан иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.2.26/ мэдээлэл хийлээ.


Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

-Гадаад харилцааны сайдаар ажиллаад 28 хонож байна. Хөл хорионы үед ГХЯ нь идэвхтэй ажилласан. Ерөнхий сайд төрийн мэдээлэл ил тод, нээлттэй байх шаардлага тавьсан. Тиймээс ГХЯ нь вэб сайтаа шинэчилж байгаа. Агуулгыг нь сайжруулж, иргэдэд хялбар байлгах үүднээс гар утсаар орох, бидний хийж буй ажилд үнэлгээ хийх, хараагүй иргэн мэдээллийг унших боломжтой болсон. 100 хоногт хийх ажлаа хэрэгжүүлээд явж байна.

Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй 9411 иргэн байна. Эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг багасгах, нислэгийн тийзийн үнийг багасгах зэрэг саналыг УОК-т танилцуулж тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, тусгаарлах хугацааг багасгаснаар сард 8-13 нислэг үйлдэж, нэг сард 2000 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой болсон.

Одоогоор агаараар 22677, автозамаар 6710 иргэн эх орондоо ирсэн байна. Улс орны хамтын ажиллагааны үр дүнд эх орондоо ирж буй 941 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. 

Энэтхэгээс 150 мянган тун "АстраЗенека" вакцин, БНХАУ-аас 300 мянган тун Синофармын вакцин ирсэн. Маргааш ОХУ-ын Спутник вакциныг хүлээж авна. Дараагийн ээлжийн вакциныг гуравдугаар сард хүлээж авахаар ажиллаж байна. 

“МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.ӨЛЗИЙБОЛД :

-Иргэдийн татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тийзний асуудал дээр иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул манай компанид Улсын онцгой комиссоос бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл өөрчлөлт оруулахаар болсон.

Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон болж байна. Токио чиглэлд 59150 иений тариф 51050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос  731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болж байгаа. Мөн Нурсалтаны тариф 364314 төгрөг болж байна.

"МИАТ" ТӨХК ӨНГӨРСӨН ОНД 58 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН

Хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

-“МИАТ” ТӨХК өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажилласан уу. Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад ороход ямар асуудал тулгамдаад байна вэ?

“МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн захирал Я.ӨЛЗИЙБОЛД: Манай компани 2018, 2019 онд ашигтай ажиллаж, улсын төсөвт нэмэр болж байсан. Өнгөрсөн оны буюу 2020 онд 35 орчим тэрбум төгрөг гэж бид үзэж байсан ч аудитын дүгнэлтээр 58 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн дүгнэлт гарах төлөвтэй байна. "МИАТ" компани нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул Хөшигийн хөндий рүү нүүж, ажиллахад нэлээд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.

-Нислэгийн тийз 15 хувиар буурч байгаа гэлээ. Энэ хувь бодитоор буурах уу?

-Дэлхий нийтэд нислэгийн үйл ажиллагаа 60-70 хувь буурсан. Нислэгийн зардал тогтмол өндөр байдаг тул "МИАТ" төдийгүй дэлхий нийтэд тийзийн үнэ нэмэгдэж байна. Гэхдээ УОК-ын зөвлөмжөөр үнийг бууруулсан.

-"МИАТ" компани 58 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэлээ. Covid-19-тэй холбоотойгоор нийслэгийн үнэ хэдэн хувиар өссөн бэ?

-Тусгай үүргийн онгоцны үүргийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг талдаа хүнгүй явах тохиолдол их байлаа. Ийм ялгаатай нөхцөлд дэлхийн авиа компаниудын үнийг бас хараарай.

-Монгол Улс “Тулуй” Бойнг 737 онгоц худалдаж авсан. Яагаад уг онгоцыг ашиглахгүй байгаа юм бэ?

-Дэлхий дахинд 2019 онд Бойнг 737 онгоцны хоёр ч осол болсонтой холбоотойгоор тус компаниас уг онгоцыг ашиглахыг хориглосон.

-Вакцин хийлгэсэн тохиолдолд гаднын оронд зорчиж болох уу?

-ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ: Вакцин хийлгэсэн хүнийг хилээр нэвтрүүлнэ, нэвтрүүлэхгүй гэдэг шийдвэр эцсийн байдлаар гараагүй. Олон улсын түвшинд вакцин карт гаргах санаачлага гарч байна.

-941 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн мэдээллийг тодруулахгүй юу?  

-Цар тахалтай холбоотойгоор гаднын оронд байгаа иргэд, тэр дундаа богино хугацаанд зорчсон иргэдийн асуудал хүндэрсэн. Тиймээс хандивлагч орнуудтай холбогдож, шилжилт хөдөлгөөнөөр мэргэшсэн олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан. Үүний үр дүнд 3.4 тэрбум орчим төгрөгөөр 941 иргэнд тусламж үзүүлсэн. Үүнд Иргэдэд туслах сангаас гарсан мөнгө бий. УОК-оос 300 сая төгрөгийг Иргэдэд туслах сангийн төсөвт шилжүүлсэн. Тусламжийг тийз, тусгаарлах байрны төлбөр зэрэгт зарцуулсан. Цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлэн 30 орчим хүнд үзүүлэхээр ажиллаж байна.

-Сингапурт суугаа Элчин бараг 10 жил болж байна. Яагаад ийм удаан ажиллуулж байгаа юм бэ?

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ: Элчин сайд нарын томилгоо хийгдээгүй байна. Хаврын чуулган эхлэхээр Элчин сайд нарын томилгоог хийнэ.

-“Pfizer” вакцин хэзээ ирэх вэ?

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.АНХБАЯР:  “Pfizer” вакциныг хоёр шугамаар хүлээж авахаар ярилцаж байна. Нэгдүгээрт, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, хоёрт үйлдвэрлэгч компаниас худалдаж авах. Ирэх долоо хоногт талуудтай хуралдаж, 25740 тун “Pfizer” вакцины гэрээ хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Вакцины хүртээмж олон улсын төвшинд хүндрэлтэй байна. Бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тодорхой болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болно. "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд ирэх гуравдугаар сард дараагийн ээлжийн "Астразенека", "Файзер" вакцин орж ирнэ. "Астразенека"-г 163-274 мянган тунгаар авчрахаар төлөвлөж байна. "Спутник", "Синофарм"-тай ч мөн ярилцаж байна. Мэдээлэл тодорхой болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

🔴 ШУУД | ГХЯ: Иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзний үнийн хөнгөлөлт, вакцин татан авах ажлын талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ГХЯ: Иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзний үнийн хөнгөлөлт, вакцин татан авах ажлын талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, February 25, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж