Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.26/ мэдээлэл хийлээ.
Монгол Улс даяар PCR лабораторид өчигдөр /2021.02.25/ хийсэн шинжилгээгээр нийт 30 хүнээс covid-19 халдвар илэрлээ. Үүнээс 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"- гээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатар хотод covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Сүүлийн 24 цагт өөр газарт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 53 хүн эдгэж гэртээ гарсан. Батлагдсан тохиолдлуудын нийт 76 хувь нь эдгээд байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Халдварын балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс байх эрсдэлтэй тул шинэ голомт болох нөхцөл байдал бүрэлдэж байна. Иймд иргэд амны хаалтаа зүүж, гэр орондоо эрүүл ахуйн дэглэмийг чанд сахихыг хүсье.
Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 2831 боллоо. Үүнээс 2315 дотоодод бүртгэгдээд байна. Өчигдөр шинээр батлагдсан 30 тохиолдлыг дүүргээр нь авч үзвэл:
- Баянгол-7
- Баянзүрх-16
- Чингэлтэй- дөрөв
- Сонгинохайрхан- гурав
- Сүхбаатар- хоёр
- Хан-Уул 14 тус тус бүртгэгдсэн байна.
Батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо нэмэгдэж, ойрын хавьтал 634, хоёрдогч хавьтал 1395 хүн эмчлүүлж байна.
ОРОН НУТГИЙН ЭМЧ НАРЫГ ДАРАА НЬ ВАКЦИНД ХАМРУУЛНА
Вакцинжуулалт тойрсон асуудлаар Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дархлаажуулалтад цар тахлын голомтонд ажиллаж буй хэчнээн эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан бэ. Цаашид хэчнээн эмч, эмнэлгийн ажилтныг хамруулах вэ. Мөн 56 мянга гэдэг тоонд орон нутгийн эмч нар хамаарч байгаа юу?
-Эрүүл мэндийн салбарт 56 мянга гаруй эмч, эрүүл мэндийн ажилтан ажилладаг. Цар тахлын голомтонд ажиллаж буй эмч, ажилчдаа вакцинд хамруулна. Бид вакцины хүрэлцээ, хангамжаас шалтгаалан өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж буй, эрчимт эмчилгээ яаралтай тусламж үзүүлдэг эмч, эмнэлгийн ажилтна дархлаажуулж байна. Мэдээж орон нутгийн эмч нар ч бас вакцинжуулалтад хамрагдна. Гэхдээ өнөөдрийн байдлаар нийслэл халдварын өндөр эрсдэлтэй голомт болсон учраас эхний ээлжинд голомтот бүсийн эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулна. Үүнтэй зэрэгцэн 59-өөс дээш насны архаг хууч өвчтэй иргэдээ вакцинд хамруулна.
-Хоёр хоногт яагаад ердөө гурван мянган хүн вакжинжуулалтад хамруулав. Энэ байдлаар дархлаажуулалт хэт удаан байна гэдэг шүүмжлэл дагуулж байна. Вакцинд хамрагдсан албан хаагчдын тоог тодорхой задалж, мэдээлэл өгнө үү?
-Бид гуравдугаар сарын 15 гэхэд дархлаажуулалт дуусгахаар төлөвлөж байна. Бусад товлолын дархлаажуулалтын хугацаатай харьцуулбал хурд нь удаан байгаа. Учир нь нэг хүнд 30-40 минут зарцуулж байгаа нь вакцин тарисны дараа 30 минут ажиглана. Мөн хүн хоорондын зай барьж, гурван өрөө дамжин дархлаажуулалт хийж байна. Түүнчлэн шинэ төрлийн вакцин хийж байгаа тул тандалт судалгааг ч бас хийж байна гэж ойлгож болно.
Б.ЦЭЦЭГ
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, February 25, 2021