"Еэ еэ шар Буд..аа" киноны үгсээ огт мартдаггүй"

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

"Еэ еэ шар Буд..аа" киноны үгсээ огт мартдаггүй"

"Еэ еэ шар Буд..аа" киноны үгсээ огт мартдаггүй"

“Миний энэ чих Тосон багшийнх

Харин энэ нь захирлын чих. Тосон багш надад хайргүй болохоор арай илүү зулгаагаад, сунгаад хаячихсан байхгүй юу” хэмээн инээх дэлдэн чихтэй, сэргэлэн жаалыг та санаж байна уу. “Еэ еэ шар Будаа” киноны гол дүрээр үзэгчидтэй анх танилцсан хэвлүүхэн яриатай энэ жаал хүү бол Ж.Билгүүн. Хүүхэд насныхаа гэнэн томоогүй төрхөөр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн түүнийг энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа урьж ярилцлаа.

 Хүмүүс түүнийг Монголын орчин үеийн жүжгийн нэрт төлөөлөгч Сорогдогийн Жаргалсайханы бага хүү гэдгээр нь сайн мэдэх биз. Арван тавхан насандаа арлын Японыг зорьж, тэндээ ахлах сургуулиа дүүргэсэн тэрбээр 2008 онд тус улсын Урлаг, түүхийн сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсчээ.


Хэвлүүхэн яриатай, дүрсгүй Буд хүүгийн нүдний харц, инээмсэглэл яг хэвээрээ. Анх “Еэ еэ шар Буд…аа” кинонд тоглох болсон тухайгаа ярихгүй юу?

 -Би анх 1997 онд “Еэ еэ шар Буд…аа”  хүүхдийн кинонд тоглож байсан юм. Тухайн үед аав минь редактороор ажиллаж байсан санагдана. Нэг өдөр хичээлээсээ ирсэн чинь аав “Монгол кино үйлдвэр дээр киноны пробонд оръё” гэлээ. Хүүхэд байсан болохоор аавыг дагаж явах их дуртай. Аав бид хоёр жаахан хоцроод очтол кино пробонд орохоор тав, зургаан хүүхэд цугларчихсан. Киноны найруулагч Ш.Цэцэгээ эгч, оператор Г.Маш ах нар суучихсан байсан.

Тэгээд намайг пробонд орсон чинь “Чи хэддүгээр ангид сурдаг вэ. Буд гээд ийм хүүгийн дүр байгаа. Чи найз охинтой болбол ичиж зовох уу” гэж асуусан. Би багаасаа нүүрэмгий хүүхэд байсан болохоор “Ямар ч асуудал байхгүй. Би найз охинтой болж чадна. Их ярьвал одоо ч найз охин байгаа” гэлээ. Тэгсэн Ш.Цэцэгээ найруулагч “Ж.Билгүүнийг тоглуулах уу” гэсэн юм яриад “Найз охин чинь хацар дээр чинь үнсэнэ. Чи зүгээр үү” гэхэд нь би “Ямар ч асуудалгүй” гэж хариулж байснаа санадаг юм. Тэр үед намайг сэргэлэн нь дэндсэн хэл ам нь гүйцэгдэхээргүй нөхөр байна гэж бодсон байх. /инээв/ Хамгийн гол нь тухайн киноны гол дүрд тохирч байсан учраас пробонд шууд тэнцүүлсэн.

-1997 он гэхээр хэддүгээр ангийн сурагч байсан гэсэн үг үү?

-Одоогоос 24 жил өмнө тавдугаар ангийн сурагч байхдаа анх кинонд тоглосон. Би наймдугаар анги хүртлээ 13 хороололд байрлах 84 дүгээр сургуульд сурсан. Учир нь, манай гэр 13 хорооллын гурван өндөр тоосгон барилгын нэг байсан юм. Уг нь аав намайг Хөгжим бүжгийн коллеж /одоогийн Монгол Улсын консерватори/-ийн төгөлдөр хуурын ангид оруулах гэсэн боловч би өөрөө сонирхолгүй байсан. Тэгээд л аав минь гэрт ойрхон сургуульд оруулсан хэрэг. Би есдүгээр ангиасаа Япон улсад суралцахаар явсан.

-“Еэ еэ шар Буд..аа” хүүхдийн киног найруулагч Н.Нямдаваа агсны дурсгалд зориулж бүтээсэн гэдэг?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд залуучуудын сэдвээр уран бүтээл туурвисан Н.Нямдаваа найруулагчийн дурсгалд зориулсан кино. Жүжигчин, найруулагч Ш.Цэцэгээ эгч гэргийн шүү дээ. Хүүхдийн төлөө хувь нэмрээ оруулсан уран бүтээлийнх нь үргэлжлэл болсон сайхан кино болсон. Бас Монгол кино үйлдвэрийн хамгийн сүүлийн хальсан дээр хийсэн кино юм. Тэр киноноос хойш киног видео камераар хийдэг болсон.

Зарим үед зураг авалт шөнийн хоёр, гурван цаг хүртэл үргэлжилж, биднийг гэрт машинаар хүргэж өгдөг байлаа. Өглөө нь сэрээд л зохиолоо барьчихсан өөрийнхөө үгийг бэлдээд л…Найруулагч, операторууд маань “Битгий зохиолдоо баригдаарай. Өөрийнхөөрөө тоглоорой” гэдэг байсан. Энэ киноны гол санаа, цаад философи нь нийгэм рүүгээ зөв мессеж өгсөн сайн бүтээл болсон.

Хүүхдийн киногоор дамжуулан амьтныг хайрлах сэтгэл, хүнд туслах сайхан сэтгэл, хүүхэд, том хүмүүсийн хоорондын харилцааг хөндөн харуулсан. Сүүлийн жилүүдэд “Еэ еэ шар Буд…аа” хүүхдийн кино телевизүүдээр гарахаа болчихсон. Энэ киног мэргэжлийн түвшний уран бүтээлчид хийсэн учраас би маш их зүйлийг сурсан. Миний амьдралдаа дурсаж явах сайхан мөчүүд тэр үед өнгөрсөн. Миний хувьд тэр кинонд тоглосондоо маш их баярлаж явдаг.

-Улаанбаатар хотод киноны зураг авалтыг хийсэн үү?

-Киноны зураг авалтыг 1997 оны долдугаар сард эхэлсэн. Ойролцоогоор тав, зургаан сар үргэлжилсэн байх. Дуу оруулах гэж ойролцоогоор гурав, дөрвөн сар болсон. Улаанбаатар хотын 48 дугаар сургууль дээр зураг авсан. Харин гэр хорооллын хэсгийг Шаргаморьт ч бил үү зуслан руу явдаг замын ойролцоох гэр хороололд авсан санагдана. Хүүхэд байсан болохоор машиндаа суугаад л үгээ цээжлээд л явдаг байлаа.

-Тэр үеийн хөгтэй, сайхан дурсамжуудаасаа ярьж өгөөч?

-Ер нь дурсамжтай зүйл олон бий. Дэлдэн чихнийхээ талаар ярьж байгаа хэсэгт Чимгээ “Чиний нэг чих чинь яагаад нөгөөхөөсөө өөр юм бэ” гэхэд  “Миний энэ чих Тосон багшийнх. Харин энэ нь захирлын чих. Тосон багш надад хайргүй болохоор арай илүү зулгаагаад, сунгаад хаячихсан байхгүй юу” гэдэг шүү дээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Золбоот ах сургуулийн захирлын дүрд тоглосон. Захирлынхаа дээрээс усаа асгадаг хэсэг байна. Үнэндээ том хүний дээрээс ус асгачихлаа гэж айж байсан ч найруулагчийндаа хэлсний дагуу хийсэн. Бас чоно хөтөлдөг хэсэг санаанаас ер гардаггүй юм. Циркийн сургуулилттай чонын бэлтрэг байсан. Мах идээд дагадаг хэсэгт би дагуулаад явах байсан ч айсандаа чоноо дагаад явдаг.

Тухайн үед яг зураг авах гэж байтал чоно эзнээ жинсэн өмд өмсчихсөн чинь танихгүй хазчихсан. Би чинь чононоос айгаад бараг тоглохгүй гээд хэлчих нь холгүй байсан даа. Тэгсэн ах, эгч нар “Зүгээрээ Билгүүнээ замд нь дагуулаад мах тавьчихсан болохоор чам руу харах ч үгүй” гэж хэлээд зураг авахуулж байлаа. Ер нь одоо ч тухайн үед цээжилж байсан үгсээ огт мартдаггүй.

-Одоо кинонд хамт тоглосон найзуудтайгаа холбоотой байдаг уу?

-Надтай хамт тоглосон Чимгээгийн дүрд н.Мандхай гэж охин тоглосон. Тэр найз маань тухайн үедээ кинонд тоглоод “Найрамдал” зусланд амарч холбоотой байсан. Тэгээд би ч Япон руу сурахаар явсан. Чимгээ маань бас гадаад руу суралцахаар явсан юм билээ. Гэхдээ одоо фэйсбүүкээр холбоотой байдаг. Урлагаас өөр чиглэлээр ажиллаж, амьдарч байгаа учраас олон нийтэд ил гараад байдаггүй.

Харин кинон дээр чоно тэжээдэг айлын хүүгийн дүрд тоглосон найзтайгаа байнгын холбоотой байдаг. Тэр маань нэг студи ажиллуулдаг юм. Уг нь энэ кинонд тоглосон хүүхдүүд найруулагчтайгаа хамтдаа уулзаад, телевизийн нэвтрүүлэг хийвэл гоё болох байх даа.

-Хэд сурдаг сурагч байв?

-Би наймдугаар анги төгсдөг жил 186 хүүхэд дүнгээрээ жагсахад, сурлагаараа дөрөвт орж байсан. Би сурагч байхдаа Австрали руу рекламд тоглоно, Бээжин рүү аавтайгаа плёнка угаалгах гээд ийшээ тийшээ их явна. Хичээл сурлагадаа хэт цоорхой хүүхэд байгаагүй. Гэхдээ урлаг, спорт, дуу хөгжим, бүжиг, илтгэл тэмцээнд идэвхтэй хүүхэд байсан. Кинонд тоглосноос хойш үеийнхэн маань таньдаг болж, “Буд явж байна” гээд л бараг гарын үсгээ өгөөч гэх нь холгүй байлаа. Тэр цагаас хойш би хичээлдээ илүү хичээж, сайн сурч эхэлсэн гэх үү дээ.

-Үеийнхэн дундаа "Од" хүүхэд байсан байх нь ээ?

-Учиргүй “од” гэх нь юу юм бэ. Манай сургуульд “Эзэнгүй айл” кинонд тоглосон н.Ундаръяа сурдаг байсан. Мөн “Номинталст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн манай дээд ангид сурдаг байлаа. Миний хувьд сургуульдаа бас гайгүй ээ. “Тэр ангийн дэлдэн шар” гээд л дуудна. Би багаасаа их өндөр хүүхэд байсан. Арван жилдээ 1.75 см байсан бол одоо 1.85 см өндөртэй.

“Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтөлж байсан Г.Алтантүрүү бид хоёр нэг ангийнх. Бид сурагч байхдаа сургуулийнхаа завсарлагааны таван минутыг 10 минут болгож, багш нартаа зориулж дуу явуулдаг байлаа. Би бас гадаад хэл сонирхон судлаачдын клуб, өөр ангийнхаа шинэ жилийн баяр зохион байгуулж, сагсны шигшээд оролцдог их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэхдээ кинон дээр гардаг шигээ дүрсгүй хүүхэд байгаагүй.

Тухайн үед “Авьяас алтан медаль”-иар шагнуулсан болохоор шинэ содон юм хийчихье гэж их хичээдэг хүүхэд байлаа. Ер нь 1990-ээд онд зөв хүүхдүүдийн үе байсан гэж хардаг.

-Одоо хүмүүс Буд хүүг таньдаг уу?

-Одоо 1990-оноос хойш төрсөн хүүхдүүд надтай тааралдахаараа “Хаана харсан хүн билээ” гээд таньдаг. Гэхдээ 2000 он гараад ирэхээр кино маань телевизээр гарахаа больсон учраас намайг сайн таньдаггүй. Бараг зарим нь  монгол кино огт үздэггүй гэдэг. Намайг  1970, 1980, 1990 оныхон л сайн таньдаг юм.

-Эх орондоо ирээд хоёр жил болжээ. Одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Би жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Аав минь анх л урлагийн зам руу хөтөлж оруулснаас хойш энэ салбарт хувь хүнийхээ үүрэг роллыг гаргах юм шүү гэдэг чин сэтгэлийн дуудлагатай. Сая ирснээс хойш “Суруга центр”-ийн зургаан давхарт Японоор “Хязгааргүй” гэдэг нэртэй лаунж клуб байгуулсан. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас нэгдүгээр сар хүртэл 14 хоног “Сүүлчийн зоог” гээд гурван хүний жүжгийг тоглуулж үзлээ. Энэ жүжигт Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлчид тоглосон.

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд “Шөнө дундын бүжиг” жүжгийг лаунж театр дээрээ тоглох байсан боловч хөл хорионы үе таарч, хойшлогдсон. Манай жүжгийн гол дүрүүд С.Сугар багшийн удирлага доор Соёл урлагийн их сургуулийг төгссөн, дандаа шинэ залуу жүжигчид тоглохоор сар гаруй хугацаанд бэлтгэлээ хийсэн. Одоо бэлтгэлээ үргэлжлүүлэн ирэх гуравдугаар сард жүжгээ тавихаар төлөвлөж байна.

Хүмүүс лаунж театр гэхээр ойлгохгүй байж магад. Үзэгчид академик театрт очихдоо гар утсаа унтрааж, элдэв юм идэж уухгүйгээр жүжиг үзэх нь нэг соёл. Гэхдээ нөгөө талаасаа үзэгчид чөлөөт орчинд хоорондоо яриа өрнүүлэнгээ жүжиг үзэж болно шүү дээ. Яг жүжиг үзье гэсэн 20, 30 хүнд зориулан уран бүтээл тоглоно гэсэн үг. С.Жаргалсайхан гэдэг хүн зохиолоороо дамжуулан нийгэм рүүгээ юу хэлэхийг хүсч, зорьсон юм бэ гэдгийг одоо ч үргэлжлүүлэх болно. Аавын надад үлдээсэн өв, хүүгийн хариуцлага зорилго гэдэг утгаараа энэ ажлыг хийж байна.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Би одоохондоо гэр бүлтэй болж амжаагүй байна. Ээж маань байна. Эцэг эхээс хоёулаа. Ах маань бизнесийн чиглэлээр эх орондоо ажилладаг. Миний хувьд аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлээд явж байна. Би аавынхаа 20, 30 жил зүтгэсэн уран бүтээлийг нь үргэлжлүүлэхгүй бол болохгүй. Тун удахгүй аавын минь 65 насны ой тохиох гэж буй.  Аавынхаа ойд зориулан үргэлжилсэн үгийн зохиол, өгүүллэг, туужаар нь ном гаргахаар бэлтгэж байна.

-Гадаадад олон жил суралцаж, ажиллаад эх орондоо ирэхэд хүндрэл бэрхшээл хэр гарч байна?

-Тэр бол хүний өөрийн цэвэр хөрвөх чадвартай холбоотой гэж бодож байна. Гадаадад 30 жил болсон хүн гурван жил болсон юм шиг юм байж чадна. Би бэрхшээлээс зугтаахыг хүсдэггүй. Монгол, Японы соёл газар, тэнгэр шиг ялгаатай. Нийгэм дотроо орсны хувьд өөрийн байр суурь, үүргээ гаргах ёстой. Тэглээ гээд хүмүүсийг манлайлж, урин дуудаад л хандив өгье гэж хэлэхгүй. Өөрийнхөө байгаа байдлаараа хийж чадаж байгаагаа харуулахын тулд хичээж байна.

Аавын маань 2000 он гаргаад бичсэн хит жүжгүүдээр аудио хэлбэрт оруулахаар бэлдэж байна. Өөрийн гэсэн боломж бололцоо байгаа нөхцөлд хэн нэгэн хүнээс гуйж, гоморхоод байхгүйгээр өөрийнхөө боломжийг 100 хувь ашиглах ёстой болов уу. Би өнөөдөр өөрийнхөө ажлыг хийгээд явж байвал нэг өдөр С.Жаргалсайханы хүүтэй хамтарч ажиллая гэдэг санал цаашид гарч ирэх болов уу. Гадаадад суралцаж ирээд л "Та нар урьж дуудах юм уу" гээд суугаад байж бас болохгүй л дээ. Японд ажиллаж, амьдарч байхдаа Монголдоо жил бүр ирдэг байсан болохоор хүндрэлтэй асуудал гардаггүй. Би чинь их үндэсэрхэг үзэлтэй хүн шүү дээ.

-Цаашид юу хийж бүтээхээр зорьж байна вэ?

-Аавын маань “Чингис хааны нууц түүх” роман 2008 онд  “Үхэж үл болно Чингис хаан” кино болж, Монголын үзэгчдэд хүрсэн. Энэ роман Монголд дэлгэцийн бүтээл болж, нэг сая уншигчдад хүрээд л зогсож болохгүй. Цаашдаа энэ романыг олон хэл дээр орчуулж, дэлхийн бусад орны хүмүүстэй оюуны бүтээлээр хамтран ажиллах зорилго тавьчихаад байна. Тийм учраас Японы уран бүтээлчидтэй хамтран уран сайхны кино, анимейшн хийхийг л үгүйсгэхгүй.

Гадаад улс орнууд өөрсдийнхөө түүхээр бүтээл хийж байхад монголчууд яагаад болохгүй гэж. Энэ бол миний амьдралын зорилго. Миний хувьд Японд 20 жил шахам ажиллаж, амьдарсан болохоор найзуудтайгаа хамтран аялал жуулчлалын компани, IT-гийн чиглэлээр залуусыг дэмжих, өөрийн гэсэн контент хийх студитай болох зэрэг байж болох бүхий л аргыг эрэлхийлж байна. Би аль болох олон зүйлийг зэрэг харж, өөрийгөө хөгжүүлэх арга замыг хайдаг.

“ЕЭ ЕЭ ШАР БУД…АА” ХҮҮХДИЙН КИНО

Бүтээсэн он: 1994 он

Бүлгийн тоо: 8 /өнгөт/

Найруулагч  –   Шатарын Цэцэг
Зохиогч  –  Батын  Лхагвасүрэн
3ураглаач  –  Гэсэржавын Маш
3ураач   – Батын    Болд
Хөгжмийн зохиолч   –   Цогзолын Нацагдорж

Дууны найруулагч – Б.Самбуу , Ц.Норжмаа

Нүүр хувиргагч –  П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – Б.Дашдулам, Д.Цэвэлмаа

Гол дүр:

Буд-Жаргалсайханы Билгүүн

Чимгээ -Баярсайханы  Мандхай

Дүрүүдэд:

Н. Жамьянсүрэн , М. Эрдэнэтуяа ,С.  Энхбаяр , Отгонбаатар,  С. Төмөрчөдөр С, Ц. Урангоо,   Т. Чойжилсүрэн , Ц. Мандах, Д. Саранхүү

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж