Сурвалжлага: Дахин 1 хүүхэд хүчирхийлүүлсэн нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Дахин 1 хүүхэд хүчирхийлүүлсэн нь тогтоогджээ

Сурвалжлага: Дахин 1 хүүхэд хүчирхийлүүлсэн нь тогтоогджээ

НЭМЭЛТ:

Хоёр ч хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх  Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өнөөдөр /2021.02.26/ 10:30 цагийн үед очив. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах тус цогцолбор нь хүүхдийн төв, залуучуудын төв гэсэн хоёр байртай. Хүүхдийн төвийн барилга нь дөрвөн давхар бол, залуучуудын төв нь гурван давхар аж. Хашааны үүдэнд “Covid-19 цар тахлын халдвар, хамгааллын дэглэмд шилжсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн чиглэлийн дагуу гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичиг хаджээ. Хэрэг гарснаас хойш тус цогцолборыг зорих хэвлэл мэдээллийн байгууллага олон байсан ч дотогш  орж орчин  нөхцөл байдалтай танилцаж чадаагүй юм. Энэ удаа ч мөн адил  цогцолборын удирдлагууд зөвшөөрөл өгөхгүй цоожтой хаалганы  цаанаас биднийг  буцаав. Учир нь Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших  Нийслэлийн Засаг даргын тамгийн газарт хуралтай, харин эрхлэгч  нь “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх шалтгааныг харуул хамгаалалтын ажилнаараа дайсан юм.

Ямартай ч харьяа газарт нь хүчирхийллийн хэрэг гарсан учраас Засаг дарга Д.Сумъяабазар бажигдаж байгаа бололтой. Тиймдээ ч цогцолборын удирдлагуудтай ойр, ойрхон хурал зарлаж өчигдөр /2021.02.25/ өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна. Энэ үеэр  Засаг дарга Д.Сумъяабазар “Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалд өртөлгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газрын хүүхдүүд өнөөдөр засан хүмүүжүүлэхээс гарсан юм шиг харизмыг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” хэмээн тус  цогцолборын удирдлагуудад хатуу сануулсан байна.  Тус цогцолборт хэрэг гарснаас хойш нэмэлтээр сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, ээлжийн нийгмийн ажилтан, байрны жижүүр багш зэрэг мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлажээ.


 

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарч, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Тухайн үед хохирогч хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн  гэх мэдээлэл гарч байсан юм. Улмаар шалгалтын явцад нэмж нэг хохирогч, нэг хүчирхийлэл үйлдсэн хүүхэд тогтоогдсон байна.

Дээрх хэрэг хоёр хохирогч, гурван холбогдогчтойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, гэм буруугийн шүүх хуралдаан товлогдох шатанд явж байгаа аж.

Хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийг Хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэл зүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авчээ. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдийг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм байна. Нийслэл Улаанбаатар хотод асрамж, халамжийн 28 төвд 878 хүүхэд байна. Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өнөөдрийн байдлаар 74 хүүхэд амьдарч байна. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг. Дээрх хүүхдүүдийг нэг ээлжид есөн багш харж ханддаг аж.

Албаныхны үзэж буйгаар төвд байгаа хүүхдийн тоо, тэдэнд анхаарал халамж тавих багш нарын тооноос хэт давсан байгаа нь дээрх хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэжээ. Тиймээс уг асрах байрны удирдлага аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

ХЭҮК ӨНӨӨДӨР /2021.02.26/ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙНЭ

Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гомдол, хяналт  шалгалтын хэлтсийн референт А.ЭНХБААТАРаас дээрх асуудлаар тодруулга авлаа.

-Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай байгааг Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 11 настай хүү хүчирхийлүүлсэн хэргээс харж болохоор байна. ХЭҮК-ын төлөөлөл  дээрх сургалт хүмүүжлийн цогцолборын  нөхцөл байдалтай танилцаж үзсэн үү?

-Дээрх хэргийн талаарх мэдээллийг бид хүлээж аваад Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборын үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийн байгууллагуудтай уулзсан. Уулзалтын үр дүнд албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлд тулгуурлан тус байгууллага дээр хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн. Хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага дотор ийм харамсалтай хэрэг гарсан нь ажилтан алба хаагчийн хүрэлцээ хангамж, хүний нөөцтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс ХЭҮК-оос хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрх, ажилтан алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд гэсэн хоёр том сэдвийн хүрээнд дээрх байгууллага дээр өнөөдөр /2021.02.26/ хяналт шалгалтыг хийнэ. ХЭҮК-ын тухай хуулийн 22.2-т зааснаар мөрдөн байцаалтад байгаа эсхүл шүүхээр хянан шийдвэрлэгдсэн Эрүүгийн болон захиргааны хэргийн гомдлыг хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл, хэргийн харьяаллаасаа хамаарч цагдаа, тагнуул АТГ буюу эрх бүхий байгууллага шалган тогтоодог. Хэргийг шалгаж байх явцад хохирогч, сэжигтэн зэргээс үл хамааран хүний эрхийг хуульд заасан байдлаар хэрэгжүүлээгүй үйлдэл гарсан эсэх асуудлаар ХЭҮК-т гомдол гаргавал түүнийг шалган шийдвэрлэн хянах хяналтын прокурорт шалгуулахаар ханддаг эрх зүйн зохицуулалттай.

-Хараад байхад ноцтой хэргүүд дээр ХЭҮК яагаад дуугарахгүй байна вэ. Ажлаа хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэд өгдөг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ямарваа нэгэн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдаж байгаа эсэхийг бол байнга хянадаг. Тухайн нөхцөлд ХЭҮК хөндлөнгөөс мэдээлэл хийх нь хэрэгт нөлөөлөх үндэслэл болж болзошгүй нөхцөл байдал үүсчихдэг. Хэрэгт хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх ёсгүй. Харин гомдол гаргагч этгээдүүдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мөрдөн байцаалтыг хуульд заасан хэм хэмжээг зөрчиж явууллаа гэх гомдол их  ирдэг. Үүнийг шалгаж тогтоох эрх бүхий байгууллага руу шилжүүлж шалгаж тогтоосон эсэхийг ХЭҮК хянаад гомдол гаргасан хүнд тайлбарладаг. Хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч боловч эрхээ эдлэх ёстой. ХҮЭК хаана хүний эрх зөрчигдөж байна, тэр хүний эрх, үүрэг хариуцлага ямар байх уу гэдэг шалгалтыг хийж байдаг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага. Дөрвөн хананы дунд суучихаад л хүний эрх ийм байна, тийм байна гэж ярьдаг гэж хүмүүс ойлгоод байдаг.

-Тэгвэл ХЭҮК-т хүүхдийн эрх зөрчигдсөнтэй  холбоотой гомдол мэдээлэл хэр ирдэг вэ?

-ХЭҮК-т хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол мэдээлэл багагүй ирдэг. Үүнээс дийлэнх хувийг шүүхийн журмаар гэр бүл цуцалсантай холбоотой хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох маргаан, хүүхдийн халамжийн тэтгэмжийн мөнгийг зүй бусаар зарцууулах эсхүл хүүхдийн халамжийн мөнгийг авах ёсгүй этгээд авсан гэх асуудалтай холбоотой гомдол мэдээлэл их ирдэг. Гэр бүлийн боловсрол дутмаг байгаа учраас түр зуурын сэтгэл хөөрөлдөө автан төлөвлөхгүйгээр  хүүхэд гаргах нь эцсийн дүндээ хүүхдийн эрх зөрчигдөх байдал руу түлхэж  байна. Ихэнх тохиолдолд хүүхдийн эрхийг насанд хүрсэн этгээд зөрчдөг.

Гэтэл энэ зөрчлийг гаргаж байгаа этгээдийн  хувьд хүүхэд насны амьдралын хэв маяг нь зөрчигдсөн байдаг. Тэр хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг энэ бол байх ёстой хэм хэмжээ юм шиг ойлгож, хүмүүжсэн этгээд гэсэн үг.

Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэл бодлыг зөв сонсч, харилцан ярилцаж гаргаж байгаа саналд нь хүндэтгэлтэй хандаж өсгөхөд тухайн хүүхэд харилцаа төлөвшсөн хандлагаараа бусад найз нөхөдтэйгээ харилцдаг. Эцсийн дүндээ  нийгмийн харилцаанд гэр бүлийн бодлого, төлөвлөлт дутагдаж байна. Залуу хосуудад энэ талын мэдлэг мэдээллийг түгээх нь урт хугацаандаа хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгийн зөв урьдчилан сэргийлэх том стратеги болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж