Үхлийн хөндийд явагдах Катарын хөлбөмбөгийн ДАШТ

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

Үхлийн хөндийд явагдах Катарын хөлбөмбөгийн ДАШТ

Үхлийн хөндийд явагдах Катарын хөлбөмбөгийн ДАШТ

Катар улсад зохион байгуулагдах 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ дахин хэл ам дагуулж эхэллээ. Тодруулбал, 2012 оноос хойш өдийг хүртэл 6500 гаруй цагаач ажилчин Катарын дэлхийн аваргын золиос болжээ. Энэ талаар хүн эрхийн байгууллагууд болон Их Британийн хэвлэлүүд шуугиад эхэллээ.

2010 онд FIFA-ийн зүгээс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг тодруулах сонгон шалгаруулалт зарласан бөгөөд тухайн үед Катар, АНУ, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг улсууд хүсэлтээ илэрхийлжээ. Ийнхүү эцсийн шатанд Катар, АНУ хоёр тунаж, Катар ялж байсан түүхтэй. Гэвч сонгон шалгаруулалттай холбоотой асуудал үүссэн. Учрыг тодруулбал, Катар улс тухайн үеийн FIFA-ийн ерөнхийлөгч Зепп Блаттер тэргүүтэй албаны хүмүүст их хэмжээний хахууль өгсөн хэрэгт холбогдсон. Харамсалтай нь, Зепп Блатетер ажлаа өгч, энэ хэрэг удаагүй намжсан.

Тэгвэл энэ удаад Катарын ДАШТ 6500 гаруй хүний амиа насаар тахил өргөөд буй талаарх мэдээлэл гарав. Тус улс хөлбөмбөгийн дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулахтай холбогдуулан шинээр дөрвөн цэнгэлдэх, зочид буудлууд, нисэх онгоцны буудал, хурдны зам барьж, хуучин нэг цэнгэлдэхээ сайжруулж байгаа. Гэвч эдгээр бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан Пакистан, Непал, Бангладеш, Шри Ланка зэрэг улсуудын 6500 гаруй цагаач ажлаа хийж байх үеэрээ таалал төгсчээ. Нарийвчилбал, 2010 оноос хойш долоо хоног бүр таван ажилчин цэнгэлдэхийн барилга дээр болон бусад бүтээн байгуулалтын ажил дээр нас барч байгаа гэнэ.

Амиа алдсан ажилчдын үхлийн шалтгаан янз бүр байна. Жишээлбэл, Непалаас ирж ажиллаж байсан Гал Синг Рай гэх залуу амиа хорлосон байдалтай олдсон бол Бангладешаас ирсэн Мохаммад Шахид Миа гэх залуу цахилгаанд цохиулж, Энэтхэгээс ирсэн Мадху Боллапалли гэх залуу нууцлаг байдлаар өрөөнийхөө шалан дээр нас барсан байдалтай олджээ.

Катарын бүтээн байгуулалтанд зургаан жил ажилласан Гал Синг Райг нас барсны дараа гэр бүлд нь ердөө 1120 фунтыг нөхөн олговор гэж өгчээ.

Амиа алдагсдын үхлийн шалтгааныг ангилан үзвэл, 69 хувь нь байгаль, цаг уурын нөхцлөөс хамаарч, нас барсан гэв. Ялангуяа зуны улирал Катарт өдрийн цагаар нэмэх 45-50 градус байдаг бөгөөд гадаад ажилдаг ажилчид халууны стресс гэх шалтгаанаар үхэж байгаа аж.

2020 оны арваннэгдүгээр сарын дүн мэдээгээр хоёр сая гаруй цагаач иргэд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

Орчны хэт халуун температурын улмаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсэхийг халууны стресс гэнэ. Өөрөөр хэлбэл хүний бие махбодид хуримтлагдсан их хэмжээний дулаан гадагшлах боломжгүйгээс үүсч буй нөхцөл байдал юм. Биеийн үндсэн температур 40 градусаас дээш нэмэгдэж, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдсаны улмаас дэмийрэл, ухаан алдалт, эсвэл кома үүсдэг онцлогтой аминд аюултай эмгэг.

Хүн эрхийн зүтгэлтэн Хиба Заяадин “Катар улс ажилчдын амь насыг үл тоомсорлон барилгын ажлыг явуулсаар байна. Бид Катар улсын задлан шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан гэгдээд буй хүмүүсийн биед шалгалт хийж, үхлийн жинхэнэ шалтгааныг нь олмоор байна” хэмээжээ. Гэвч Катар улсын Засгийн газрын зүгээс энэ асуудал дээр одоог хүртэл чимээгүй байсаар байна. Эрх баригчдын хэлж буй ганц зүйл нь "Дээрх 6500 гэдэг тоо бол дан ганц хөлбөмбөгийн цэнгэлдэх болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтанд оролцоод нас барсан хүмүүсийн тоо биш. Катар улсад олон жилийн турш оршин сууж, төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхлэж байсан цагаачдын нас барсан тоо. Үүнийг хөлбөмбөгийн ДАШТ-тай холбох хэрэггүй" гэжээ. Мөн Катарын ард иргэд, цагаач ажилчид бүгд эрүүл мэндийн үйлчилгээ авах нь үнэ төлбөргүй бөгөөд сүүлийн жилүүдэд цагаач ажилчдын нас баралт багасч байгаа гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Харин FIFA-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд “Катарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын аюулгүй байдал, эрүүл ахуйг сайн хангасан гэж үзэж байгаа. Бусад дэлхийн томоохон спортын бүтээн байгуулалтуудын хажууд Катарын ДАШТ-ий бүтээн байгуулалт осол багатай үргэлжилж байна” гэжээ.

Катарын халуун цаг агаарын улмаас 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ өвөл буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 18-ны өдөр аваргаа тодруулна. Харин бүтээн байгуулалт өдгөө нь 90 хувьтай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж