"Жилийн дараа алдагдлаа нөхнө гэж өөдрөгөөр харж байна"

Хуучирсан мэдээ: 2021.02.26-нд нийтлэгдсэн

"Жилийн дараа алдагдлаа нөхнө гэж өөдрөгөөр харж байна"

"Жилийн дараа алдагдлаа нөхнө гэж өөдрөгөөр харж байна"

Цар тахлын уршгаар “царцаад” байсан их хотын амьдрал эргээд хөл хөдөлгөөнд орлоо. Багагүй хугацаанд цоожтой байсан аж ахуйн нэгжүүд, үйлчилгээнийнхний бэлтгэл, бэрхшээл хэр байгааг сонирхсон юм.

АЛДАГДЛЫГ БҮТЭН ЖИЛ АЖИЛЛАЖ НӨХНӨ

Цар тахлын хөл хорионд нэрвэгдсэн газруудын нэг бол фитнессүүд. “Golden gym” үйл ажиллагаагаа нээгээд дөнгөж хоёр хонож буй гэнэ. Тус төв НОК-ын гаргасан заавар зөвлөмжийг баримталж ажиллаж байгаагаа захирал Ц.Баянмөнх нь ярилаа. Тэрбээр өнгөрсөн хугацааныхаа алдагдлыг нэг жилийн дотор нөхөж чадна гэж бизнесийн ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж сууна.


-Хөл хорионы дараа танайхыг зорих хүн хэр олон байна вэ. Үйл ажиллагаа нь хэзээнээс жигдрэх бол?

-Нийслэлийн онцгой комиссын заавар зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр хонож байна. Цар тахалтай холбоотойгоор зургаан танхим маань 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж, халдваргүйтгэл, ариутгалыг нэг цаг тутамд хийж байна. Ер нь хөл хорио тавиагдаад удаагүй, халдварын тархалт намжаагүй болохоор харьцангуй цөөн хүн ирж байгаа. Тоног төхөөрөмж, хүн хоорондын зай барихыг шаардаж байна. Үйлчлүүлэгчид бүгд халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж байна. Дасгалаа хийхдээ ч маскаа авахгүй, гараа сайн ариутгаж байгаа нь сайшаалтай. Энгийн үед нэг салбар дээр 800-300 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо 100 орчим хүн л ирж байна. Үйлчлүүлэгчид 07.00-23.00 хооронд тохирох цагаа сонгоод ирж байгаа. Танхимын хичээлийг явуулахгүй байгаа.

-Үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотойгоор ихэнх аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээсэн. Танайх энэ алдагдлаа хэрхэн нөхөх вэ?

-Түрээсийн хуримтлалаас эхлээд үүссэн төлбөр тооцооны асуудал бий. Энэ бүхнийг даваад гарна л гэсэн зорилготой ажиллаж байна. Эдийн засгийн хувьд ашигтай биш байсан ч нийт гишүүдийнхээ итгэлийг алдалгүй, бүгдэд тэгш үйлчлэхийг зорино. Үйл ажиллагаа явуулалгүй гурван сар болсон. Энэ хугацаанд үүссэн алдагдлыг бүтэн жил ажиллаж нөхнө.

-Ажилчдын орон тоог хэрхэн хадгалж үлдсэн бэ?

-Энэ хугацаанд манайх нэг ч орон тоог цомхотгоогүй, үйл ажиллагаа явуулаагүй ч 50 хувиар цалинжуулаад явж байлаа.

МАСКТАЙ ДАСГАЛ ХИЙХЭЭР АМЬСГАЛ ДАВХЦААД БАЙНА

Үйлчлүүлэгч М.Мөнхтөр

Хөл хорионд байхдаа дасгал хөдөлгөөн хийхийг хүсч байсан. Хорио тавигдангуут фитнесс клубыг зорьсон. Хоёр дахь өдрөө фитнесст явж байна. Одоогоор хамаг бие буларч, бие жаахан хөндүүр байгаа ч гоё байна. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу дасгалаа хийж байхдаа ч маскаа авч болохгүй. Масктай дасгал хийх нь л жаахан хүндрэлтэй байна. Амьсгал давхцаж байна.

ЗУРГААН САРЫН ДАРАА АЛДАГДАЛГҮЙ БОЛОХ БАЙХ

 “City салоны үсчин Д.Анх-Эрдэнийн хэлснээр орлоготой сарууд хэдийнэ өнгөрсөн гэнэ. Гэхдээ сайн ажиллаж чадвал зургаан сарын дараа алдагдалгүй болох байх гэсэн итгэлтэй байгаа аж. 

-Өнөөдөр хэр олон хүн танайхаар үйлчлүүлэв?

-Өнөөдөр зургаан хүнд үйлчиллээ. Бараг бүгд эрэгтэй үйлчлүүлэгч байлаа. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа болохоор байнгын үйлчлүүлэгч маань утсаар захиалга өгөөд ирж байна.

-Цар тахлын үеийн дүрэм журмыг мөрдөн үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл үүсч байна вэ?

-Журмыг мөрдөөд явахад том асуудал үүсгэж байгаа зүйл бол алга. Халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу бид үйлчлүүлэгч бүрийн дараа халдваргүйтгэл хийх ёстой. Гэхдээ түрээсийн төлбөрөөс гадна халдваргүйтгэлд ашиглаж байгаа бодис зэрэгт зардал гарч байгаа нь үйлчлүүлэгч багатай энэ үед эрсдэлтэй л байна. Манай салон хоёр манекерчин, хоёр гоо сайханч, 3-4 үсчинтэй ажилладаг бол одоо хоёр үсчин л ажиллаж байгаа.

-Үйлчлүүлэгч цөөн, зардал ихтэй энэ байдлаар ажиллавал алдагдал гарах магадлалтай юу?

-Үсчин гоо сайханчдын хамгийн их орлоготой сар нь арванхоёрдугаар сар, бараг жилийн орлогынхоо 80 хувийг энэ сард хийдэг юм. Гэтэл манай салбар тухайн цагт ажиллаж чадаагүй. Үйлчлүүлэгчид нэмэгдэнэ, үйл ажиллагаа хэвийн болно гэж өөдрөгөөр харах юм бол зургаан сарын дараа алдагдалгүй болох байх.

ӨДӨРТ 20-25 ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

Дараа нь “W” ресторан, лоунжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус лоунжийн үйл ажиллагаа хариуцсан менежер О.Тэмүүжин дараах мэдээллийг өгсөн юм.  

-Манайх нэг дор 100 гаруй хүн хүлээж авах боломжтой. Одоогоор өдөрт 20-25 хүн үйлчлүүлж байна. Тэдний ихэнх нь байнгын үйлчлүүлэгч бөгөөд VIP өрөө ихэвчлэн захиалж байна. Хөл хорионд орж, ихэнх иргэд хэсэг хугацаанд орлогогүй байсан нь үйлчлүүлэгч бага байгаатай холбоотой байх. Тиймээс бид үйлчлүүлэгчдийнхээ эдийн засгийг бодолцоод боломжийн үнэтэй түр цэс гаргахаар ажиллаж байна. Хэдийгээр мах, материалын үнэ нэмэгдсэн ч үндсэн цэсийн үнэдээ өөрчлөлт оруулахгүй.

ӨНГӨРСӨН ЖИЛ КИНО ТЕАТРУУД 149 ХОНОГ АЖИЛЛАСАН

Хамгийн сүүлд залуусын зорин очдог “Тэнгис” кино театрыг зорилоо. Бусад кино театрын хувьд халдваргүйтгэлээ хийж дуусгаад өнөөдрөөс /2021.2.26/ ажиллаж эхлэх юм байна. Кино театрын хүлээлгийн сандал хүн цөөтэй, билетийн касс нь ч мөн цөөн хүнтэй байлаа. Кино үзэхээр зорьж ирэх хүн хэр олон байгаа,  халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байгаа талаар “Тэнгис” кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригт дараах мэдээллийг өглөө.


-Үйл ажиллагаа нь нээгдсэнээс хойш танайхыг зорих хүн хэр олон байна вэ?

-Маш бага. Цар тахлын эрсдэлтэй ч дотоодод халдвар гараагүй байхад үзэгчдийн тоо буураагүй. Харин дотоодод халдвар гарснаас хойш байдал хэрхэн өөрчлөгдсөнийг одоо тодорхойлж хэлэхэд эрт байна. Учир нь, манайх үйл ажиллагаагаа эхлээд дөнгөж гурав хонож байна.

-Өнгөрсөн жил алдагдалгүй ажилласан гэсэн үг үү?  

-Өнгөрсөн жил кино театрууд 149 хоног ажилласан. Ажилласан хугацаандаа танхимын дүүргэлтийг 50 хувиас  хэтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажилласан. Ажиллах хугацаанд танхим дүүргэлт энгийн үеийнхээс бага байгаагүй. Учир нь, танхимын суудал дүүргэлт энгийн үед дунджаар 15-30 хувь, оргил ачаалалтай үед 50 хувиас дээш дүүргэлттэй байдаг байсан. Энэ утгаараа өнгөрсөн жил тогтоосон танхимын тоон хязгаар нь нийт орлогод тийм ч их муугаар нөлөөлөөгүй. Цар тахлын үеийн журмыг хэрэгжүүлэхэд кинотеатруудад хүндрэл учирдаггүй. Одоогоор журмыг биелүүлж байгаа эсэхэд мэргэжилтнүүд өдөр бүр шалгалт хийж байна.

-Ажилчдынхаа орон тоог хадгалахад хэрхэн анхаарч байна вэ?

-Манайх 80 гаруй ажилтантай. Өнгөрсөн хугацаанд бид ажилчдын орон тооноос нэгийг ч цомхотгоогүй, ажилчдынхаа нийгмийн даатгалыг таслалгүй, цалинг нь тодорхой хувиар олгож байсан. Энэ нь нэг ажилтанд олон хүн төвлөрүүлэхээс, халдварын эрсдэлээс урьдчилсан сэргийлж байгаа юм. Мэдээж нэмэлт зардал гарч, асар их алдагдал хүлээж байгаа ч удалгүй байдал хэвийн болно гэж өөдрөгөөр харж байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж