Л.Галбаатар: Засгийн газар 500 гаруй мэдээллийг нууцын зэрэгт оруулсан

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Л.Галбаатар: Засгийн газар 500 гаруй мэдээллийг нууцын зэрэгт оруулсан

Л.Галбаатар: Засгийн газар 500 гаруй мэдээллийг нууцын зэрэгт оруулсан

"Глоб интернэшнл төв"-өөс өнөөдөр /2021.2.25/ Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр цахим хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр хуульч, судлаачид илтгэл тавьсан юм.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 2011 онд батлагдсан. Гэвч тус хуулийг шинэчлэх шаардлагатай болж, төслийг Хууль зүй дотоод хэргийн яаманд Нийтийн мэдээллийн тухай хууль нэрээр боловсруулж, мөн санал ч авч эхэлсэн байна.

ХУУЛИЙН ТӨСӨЛД МЭДЭЭЛЭЛ АВАХ ЗОРИЛГОО БИЧИХ ЗААЛТ ОРСОН

Монголын криминологичдын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн холбогдох хуулиуд болон үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн хамгийн гол хэрэглэгч нь олон нийт. Энэ хуулийг ажил үүргийн хүрээнд хэрэглэдэг нь хуульч, өмгөөлөгчид. Манай улсад хэрэг бүртгэл нь хаалттай явагддаг болохоор мэдээлэл цуглуулахад хязгаарлалттай тулгардаг тул өмгөөлөгчид мэдээлэл авахдаа энэ хуулийг түлхүү ашигладаг. Үүний дараа уг хуулийг ашигладаг хүмүүс нь хэвлэл мэдээллийн ажилчид, мөн иргэний нийгмийн ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хууль тухайн цагт үүргээ гүйцэтгэсэн ч нарийн процессуудыг оруулаагүй зүйл бий. Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээрийг нарийн задалж оруулж өгсөн байна. Энэ хууль нь төрд иргэний хяналт тавьдаг, бизнес эрхлэгч, сэтгүүлч, өмгөөлөгч үйл ажиллагаа явуулахад, авлига зэрэг болохгүй байгаа үйлдлийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, төрийн үйл ажиллагааг дэмжих зэрэг давуу талтай.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд мэдээлэл авах зорилгоо бичих заалт орсон байна лээ. Хуулийн төслийн бас нэгэн зорилго нь нээлттэй, сайн засаглалыг бий болгох. Өмнөх хуулиудад засаглал хооронд мэдээлэл солилцох талаар байдаггүй байсан.

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС МОНГОЛ УЛСАД 2015, 2020 ОНД  ЗӨВЛӨМЖ ӨГСӨН

Хуульч, судлаач Л.Галбаатар “Олон улсын хэм хэмжээ ба Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлд мэдээллийг чөлөөтэй эрж хайж олж авах, түгээн дэлгэрүүлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Харин энэ эрхийг эдлэхдээ бусдын нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах шаардлагаар уг хуулийг хязгаарлаж болно. Өөрөөр хэлбэл, мэдээлэл ил тод байх ёстой бөгөөд зөвхөн онцгой тохиолдолд л хаалттай байж болно.

НҮБ-аас мэдээлэлтэй байх эрхийн талаар гаргасан зарчим, стандартыг цаг хугацааны үечлэлээр гаргасан байдаг. НҮБ нь 1994 оноос хойш мэдээллийг баталгаажуулж, холбогдох зарчим хэм хэмжээг танилцуулж ирсэн. Тухайлбал, НҮБ –ын Хүний эрхийн хороо 2011 онд дээр дурдсан 19 дүгээр зүйлийг зааж өгсөн байдаг. Ингэхдээ баримтлах хязгаарыг ч заасан. Мэдээлэл ил байснаар бусдад ямар хохирол учруулахыг, учруулахгүй байхыг фактаар баталсан байх ёстой гэж үзсэн.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад 2015, 2020 онд  зөвлөж өгсөн. Монгол Улсад 2015 онд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг 2020 онд тайлагнасан. Мөн 2020 онд өгсөн зөвлөмжид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний харилцааг зохицуулсан үндэсний хууль тогтоомжийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактад нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн. Манайд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хөндлөнгийн хяналт байхгүй байгаа нь иргэдийн мэдээлэлтэй байх эрх зөрчигдөх нөхцөл болж байна гэж үзсэн.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хууль ба Төрийн болон албаны нууцын тухай хуульд мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлахад баримтлах шалгуурыг хуульчлах хэрэгтэй байна. Зөвхөн онцгой тохиолдлоос бусад тохиолдолд мэдээлэл ил тод байх ёстой. Энэ хууль нь мэдээллийн ил тод байдлыг хангасан эрх бүхий хууль байх ёстой. Үүнд нийцүүлэн бусад хуулиуд батлагдах ёстой гэсэн зөвлөмж өгсөн.

Төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар баталдаг. Одоогоор 500 гаруй мэдээллийг нууцын жагсаалтад оруулсан. Энэ нь мэдээллийн ил тод байдлыг хангахад нийцэхгүй байна. Мөн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, ил болгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөллийг оролцуулах шаардлагатай.

Нийтийн мэдээллийн тухай хуульийн төсөл нь НҮБ-аас гаргасан зөвлөмжтэй нийцэж байгаа. Уг төсөлд мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай мэдээлэл /албаны нууцад хамаарах мэдээлэл/, хаалттай мэдээлэл /төрийн нууцад хамаарах мэдээлэл/ гэж гурав ангилсан.

Тэрбээр хуулийн төсөлд дараах саналыг хүргүүллээ.

  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл 3.1-т Хуулиар төрийн нууцад хамаарахаар заасан мэдээллийг ил болгоход энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байна. Үүнийг өөрчлөн Нийтийн мэдээллийн тухай хуулийг дагалдуулан нууцын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.
  • Дээрх хуулийн төслийн 13.3.3-т иргэн хуулийн итгээд авах мэдээллээ бодитоор тодорхойлсон байх хэрэгтэй гэсэн байна. Энэ нь эрсдэлтэй заалт, мэдээлэл өгөхөөс татгалзах хуулийн цоорхой бий болох гээд байна.  Тиймээс хуулийн төслийн 13.3.3-ийг төслөөс хасах шаардлагатай.
  • Мөн хуулийн 13.2-т Хүсэлт гаргагч мэдээлэл авах эрхээ хөндөгдсөн гэж үзвэл Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж болно гэж заасан байна. Зөвхөн гомдол гаргахад бус мэдээлэл авах процесст байнга хяналт тавих хэрэгтэй. Мэдээллийн ил тод байдал хэрэгжсэнээс хойших 10 гаруй жилд нийт 10 хүрэхгүй л гомдол гарсан байдаг.

ТӨРИЙН 16 БАЙГУУЛЛАГААС ТАВ НЬ Л МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН

Глоб интернешнл төвийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ба хүндрэл бэрхшээл” сэдвээр илтгэл тавилаа.   

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн холбогдох хуулийг дагаад Шилэн данс, Төсвийн ил тод байдлын тухай хууль батлагдсан.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 180 орноос 73 дугаар байрт орсон байдаг. Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн судалгаагаар мэдээлэл олж авах, түгээхэд саад хийх нь 74 хувийг дангаараа эзэлж байсан. Сэтгүүлчдэд мэдээлэл олж авах ийм хүндрэлтэй байгаа тохиолдолд жирийн иргэн мэдээлэл авахад маш хязгаарлагдмал байгаа нь ажиглагдаж байна.

Тухайлбал, судалгаагаар редакц мэдээлэл авахаар төрийн 16 байгууллагад хандахад тав нь л мэдээлэл өгсөн. Өгсөн мэдээлэл нь дутуу байсан.

Тиймээс хязгаарлах мэдээлэл хүрээ хэтэрхий өргөн, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагагүй зэрэг дүгнэлтэд хүрсэн.

Төрийн нууц мэдээллийг олж авсан сэтгүүлч хариуцлага хүлээхээр байна

Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчид хуульчдаас дараах асуултад хариулт авсан юм.

Төрийн нууцад хамаарах зүйлийг сэтгүүлч мэдээлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх үү?

– Хуульч, судлаач Л.Галбаатар: Нууцын жагсаалт нь нууц биш гэдэг ч түүнийг нууцлаад байдгаас ямар зүйл нууцад багтах нь тодорхойгүй байдаг. Мөн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд дагалдах зарим хуулийн төслийг орхигдуулсан байна гэж харж байна. Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлд төрийн нууцыг хууль бусаар олж авах талаар заасан бөгөөд уг зүйлд зааснаар мэдээлсэн сэтгүүлч хариуцлага хүлээхээр байгаа. Уг нь нууц задруулахтай холбоотой эрүүгийн эрх зүйн зохицуулалтад зөвхөн итгэмжлэн хариуцагч хариуцлага хүлээх ёстой. Нууц хадгалах үүрэг хүлээгээгүй этгээд, мэдээлэл олж авсан хүн хариуцлага хүлээхгүй гэж олон улсын зөвлөмжид заасан байдаг. Тиймээс Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлийг өөрчлөн дагалдуулах санал байна.

-Зорилгоо бичиж тухайн байгууллагаас авсан мэдээллээ өөр зүйлд ашиглавал ямар хариуцлага хүлээх вэ?

-Хуульч Б.Батзориг: Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд сэтгүүлч өөрийн хувийн мэдээллийг өгөх л болдог. Хуулийн шинэчилсэн төсөлд мэдээлэл авахад иргэнээс маш их зүйлийг шаардаж байна. Хуульд мэдээлэл авах зорилго бодитой, мэдээлэл ашиглах хүрээ, хадгалах хугацааг хүртэл бичих шаардлагатай болж байна. Мэдээлэл бэлтгээд явах үед зорилго өөрчлөгдөж, олж авсан мэдээллээ өөр зүйлд ашиглавал хариуцлага хүлээхээр болж байна. Нэгэнт хууль тул дээр дурдсан зүйлийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхээр болж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар үүнийг зохицуулах боломжтой. Хуулийн төсөлд хоёрдмол утгатай зүйл их багтсан байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж