Б.Сугаржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Б.Сугаржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Б.Сугаржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Спортын кино оператор, гэрэл зургийн сурвалжлагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ахмад гишүүн Баатарын Сугаржав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.

Б.Сугаржав нь 1939 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1959 онд Дорнодын 10 жилийн дунд сургуулийг, 1960 онд МУИС-ийн бэлтгэл ангийг төгссөн. 1960-1962 онд Кино үйлдвэрт туслах оператор, оператороор ажиллаж байгаад 1962-1966 онуудад Польш улсад Кино урлагийн дээд сургууль, ЗХУ-д “Союз спорт фильм” студид спортын кино операторын курс төгссөн. 1966 оноос Монголын Биеийн Тамир, Спортын эвлэлийн Төв Зөвлөлд спортын сургалтын кино оператороор ажиллахын зэрэгцээ 1968-1996 онуудад “Спортын мэдээ”, “Монголын спорт”, “Таван цагариг” сонинуудад гэрэл зургийн сурвалжлагч сэтгүүлчээр хавсран ажиллаж байсан.

Мөн 1971, 1975, 1979, 1985, 1986 онуудад Софи, Минск, Парис, Будапештэд болсон чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, 1972 онд Саппорогийн өвлийн болон Мюнхений зуны олимп, 1980 оны Москвагийн олимп, 1986 онд Москвад болсон “Сайн санаа”-ны тоглолтод сурвалжлагч оператороор ажиллаж байлаа.

1995 онд Японы Сасакава спортын сангаас зарласан Олон Улсын спортын гэрэл зургийн уралдаанд оролцож 55 орны 7 мянга гаруй бүтээлээс “Монгол бөхийн даацтай мэх” цуврал зураг нь шилдэг 200 зурагт шалгарч, номонд хэвлэгдэж байсан. 1996 онд хүү С.Энхжаргалын хамт бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.

Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 1992 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1989 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1994 онд сэтгүүлчдийн холбооны хүндэт тэмдэгээр, 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар" одонгоор, 2013 онд Монголд сэтгүүл зүйн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар, мөн ондоо МҮОХ-ны шагнал “Алтан-Очир” одонгоор, 2015 онд Алтан гадас одонгоор, 2019 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

Улсад 35 жил ажилласны 33 жилийг нь зөвхөн Биеийн Тамир Спортын байгууллагад ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж