Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан ч төсвийн орлого буурав

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан ч төсвийн орлого буурав

Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан ч төсвийн орлого буурав

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 711.3 тэрбум төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж 666.1 тэрбум буюу нийт орлогын 93.6 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 784.5 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2021 оны нэгдүгээр сард 666.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 504.8 (43.1%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 42.4 (6.0%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 784.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.2 (60.8%) их наяд төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 143.2 (22.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 118.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 709.6 (85.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

                                                                                                                                     Улсын нэгдсэн төсвийн орлого, жил бүрийн нэгдүгээр сарын байдлаар, тэрбум төгрөг

Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.0 хувийг татварын орлого, 8.7 хувийг татварын бус орлого, 3.3 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.

Татварын нийт орлого 2021 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 604.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52.1 тэрбум төгрөгөөр буурахад бусад татвар, төлбөр хураамжийн орлого 9.5 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 3.0 тэрбум төгрөгөөр өсчээ. Гэвч нэмэгдсэн өртгийн албан татвар 29.4 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 21.8 тэрбум төгрөг, онцгой албан татвар 9.9 тэрбум төгрөг, орлогын албан татвар 1.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Татварын орлогод 2021 оны нэгдүгээр сарын байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар 28.0 хувь, нийгмийн даатгалын орлого 20.3 хувь, орлогын албан татвар 18.7 хувь, бусад татвар 12.5 хувь, онцгой албан татвар 10.5 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 10.0 хувийг тус тус эзэлж байна.

Татварын нийт орлогод нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.3 пункт, нийгмийн даатгалын орлогын эзлэх хувь 1.7 пункт, онцгой албан татварынх 0.6 пунктээр буурч, бусад татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.2 пункт, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.2 пункт, орлогын албан татварын эзлэх хувь 1.2 пунктээр тус тус өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны нэгдүгээр сарын байдлаар 784.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 143.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал 128.5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 13.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Урсгал данс, сая америк доллар, сараар

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 433.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оноос 1.7 тэрбум ам.доллараар буурчээ. Тус бууралтад үйлчилгээний худалдааны тэнцэл 1.4 тэрбум америк доллар, анхдагч орлогын данс 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.

Урсгал данс 2020 оны арванхоёрдугаар сард 27.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сараас 267.5 сая америк доллараар буурчээ. Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 632.7 сая ам.доллар, зарлага 2.1 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оноос 600.1 сая ам.доллараар, зарлага 1.2 тэрбум ам.доллараар тус тус буурсан байна.

Хөрөнгийн данс 2020 онд 105.8 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оноос 55.0 сая ам.доллараар буурчээ. Хөрөнгийн данс 2020 оны арванхоёрдугаар сард 15.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 7.0 сая ам.доллараар өссөн байна.

Санхүүгийн дансны тэнцэл 2020 онд 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оноос 1.4 тэрбум ам.доллараар буурчээ. Тус бууралтад шууд хөрөнгө оруулалт өмнөх оноос 675.7 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин 2020 оны арванхоёрдугаар сард 833.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 882.1 сая ам.доллараар өсчээ.

Төлбөрийн тэнцэл 2019 онд 452.9 сая ам.долларын ашигтай байсан бол 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 334.0 сая ам.доллараар өсч, 786.9 сая ам.долларын ашигтай байна. Мөн Төлбөрийн тэнцэл 2020 оны арванхоёрдугаар сард 777.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 474.0 сая ам.доллараар өсчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж