Украины нийслэл Киев хотод барууны үзэлт Одессагийн идэвхтэн Сергей Стернегког хорихоор болсныг эсэргүүцэн, иргэд цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгэжээ. Улмаар өчигдөр/2021.2.24/ Киев хотын төв Банкова өргөн чөлөөнд болсон мөргөлдөөний үеэр 27 цагдаагийн алба хаагч хүнд, хөнгөн бэртсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хотын төвд мянга гаруй хүмүүс цугласанд цагдаа нар нулимс асгаруулагч ашиглан тараахыг оролджээ.
Стерненко бол Оросын эсрэг радикал Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн Правого сектор холбооны Одесса дахь салбарын удирдагч байсан нэгэн юм. Тус холбоо 2013 оны бослогын үеэр байгуулагдсан бөгөөд нэгэн үе нео фашист, нео нацист хэмээн тодорхойлогдож явжээ. 2014 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын дээд шүүх тус холбоог хэт даврагчдын байгууллага хэмээн тодорхойлж, Орост үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байна.
Харин өчигдөр/2021.2.24/ Стерненког тойргийнхоо төлөөлөгч, парламентийн гишүүн Сергей Щербичийг 2015 онд хулгайлсан хэргээр буруутгаж долоон жил, гурван сар хорихоор болсон билээ. Тухайн үед Щербич Украины өмнөд хэсгийн тойргоос сонгогдсон, Оросыг дэмжигч Родина намын гишүүн байсан аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон баримтуудаас харахад тэрбээр Щербичийг зоориндоо байлган огцрохыг шаардсан байна. Харин шүүхийн тогтоолыг эсэргүүцэж буй иргэдийн ярьж байгаагаар энэ бүх зүйл нь Одессагийн захирагч Геннади Трухановын улс төрийн зорилгоор эртнээс хэрэгжүүлж буй хуйвалдаан гэнэ.
Түүнээс гадна Стерненко 2018 онд гудамжинд зодолдож байгаад хүний амь хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй юм. Харин дэмжигчид нь болсон явдлыг Стерненкогийн аргагүй хамгаалалт байсан хэмээн үздэг юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ