ОХУ-ын тогтвортой байдлыг алдагдуулах Барууны орнуудын аливаа оролдлогын эсрэг хяналт, хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа сөрөг тагнуулын топ агентлагт даалгажээ. Тэрбээр ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны удирдлагуудтай уулзах үеэрээ тус албыг “ОХУ-ын нийгмийн нэгдмэл байдлыг алдагдуулах, хилийн дагуу асуудал үүсгэх, бидний хөгжил дэвшлийг сааруулах, олон улсын тогтворгүй байдалд өдөөн хатгах зэрэг асуудлуудын эсрэг ажилладаг “Оросыг тогтоон барих” бодлогыг хэрэгжүүлэгч” гэдгийг онцолжээ. Түүнчлэн Путин аливаа улс орны нэрийг дурдаагүй боловч гадаадын хүчнүүд ОХУ-ыг сулруулж, гадаад хяналтад оруулахыг зорьж байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр улс төр, нам, үзэл суртал, хөгжил дэвшлийн төлөөх хэвийн өрсөлдөөнийг ардчилалтай ямар ч холбоогүй, ОХУ-ын аюулгүй, тогтвортой байдлын эсрэг үйл ажиллагааг ялган салгаж, зааглах шаардлагатай хэмээжээ. Мөн Холбооны аюулгүй байдлын албанаас гадаадын 72 тагнуулч, тэдний мэдээллэгч 423 хүнийг илрүүлж ажилласныг сайшаажээ.
Нөгөө талд АНУ болон Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) байгууллагын гишүүн, холбоотон орнуудын зүгээс ОХУ-ыг унагаахыг зорьдог гэх Москвагийн мэдэгдлүүдийг үгүйсгэж байна.
ОХУ болон Барууны харилцаа 2014 онд Украинаас Крым хойг салж, Москвад нэгдсэн үйл явдлаас эхлэн, хэд хэдэн хэргийн улмаас хүйтэн дайны хэмжээнд хүрч муудсан. Улмаар Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг баривчлан хорьсноос үүдэн талуудын сөргөлдөөн хурцдаад байна. Путиныг шүүмжлэгч Алексей Навальный өнгөрсөн онд химийн бодист хордож, Германд эмчлүүлээд өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-д эргэн ирмэгцээ баривчлагдсан юм. Улмаар энэ хэргээс үүдэн ОХУ-д ард түмний эсэргүүцлийн жагсаал өрнөж, Барууны орнуудаас ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавьсан.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ