Цахим спортын CS:GO төрлийн Азийн топ багийн нэг "Tiger" монгол бүрэлдэхүүнээ чөлөөлжээ. Энэ талаар тус багийн ахлагч Б.Ган-Эрдэнэ “dobu” HLTV.org сайтад ярьсан бөгөөд тэрбээр “Tiger багтай нэгдэж, олон гайхалтай амжилтыг үзүүлж, Азийн шилдэг багуудын нэг болсноо батлаад нэг жил болжээ. Бидний зорилго Азийн номер нэг баг болох. Мөн дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх хүчирхэг баг болох. Харамсалтай нь, бидний “Tiger”-тай өнгөрүүлэх хугацаа энэ хүрээд өндөрлөж байна. Биднийг олон улсын түвшинд өрсөлдөхөд туслах, шинэ байгууллагыг одоо хайж байна. Та бүхэн dobu1337@gmail.com хаягаар холбогдоорой. Биднийг дэмждэг фэнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна” хэмээжээ.
Анх Г.Эрдэнэцогт “erkast” "August" гэх нэрэн дор багаа байгуулсан бөгөөд удалгүй Хятадын "Sina" групп ивээн тэтгэхээр болж "Tiger" гэх нэрэн дор тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Тэд ESL One: Road to Rio – Asia болон Weibo Cup Asian Championship гэсэн хоёр том тэмцээнд TYLOO, ViCi зэрэг Азийн топ багуудыг ялж түрүүлж байсан билээ.
Г.Эрдэнэцогт “erkast” өдгөө NG хэмээх Тайландын багт харьяалагдаж байна.
"Tiger" баг PAL Fall тэмцээнд оролцсоныхоо дараа багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, Б.Болд “ncl” болон Г.Эрдэнэцогт “erkast” нарыг багаасаа явуулсан. Тэдний үлдээсэн орон зайг нөхөхөөр Б.Тэнгис “rate”, Б.Содбилэг “cool4st” нарыг багтаа нэгтгэсэн. Харин өнгөрөгч нэгдүгээр сард Б.Содбилэг “cool4st”-ийг явуулж, Н.Ууганбаяр “neuz”-ийг багтаа авсан.
Tiger баг дараах бүрэлдэхүүнтэй байлаа.
- Б.Ган-Эрдэнэ “dobu”
- Б.Батбаяр “kabal”
- Н.Ууганбаяр “neuz”
- Г.Есөнтөмөр “nin9”
- Б.Тэнгис “rate”
Тэд тарахгүй, дээрх бүрэлдэхүүнээрээ шинэ ивээн тэтгэгч хайж байна.
Холбоотой мэдээ