Covid-19: 46 хүнээс халдвар илэрч, 27 хүн эдгэрэв | News.MN

Covid-19: 46 хүнээс халдвар илэрч, 27 хүн эдгэрэв

COVID-19

Covid-19: 46 хүнээс халдвар илэрч, 27 хүн эдгэрэв

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, February 24, 2021

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.02.25) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улсын хэмжээнд өчигдөр нийт 16777 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 46 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг шинжилгэний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1960 болсон бол улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2286 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт 689 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 62, хөнгөн 619 хүн байна.

Шинээр бүртгэгдсэн 46 тохиолдлыг дүүрэг тус бүрээр нь задалж үзвэл:

  • Баянгол дүүрэгт-7,
  • Сонгинхайрхан дүүрэгт-3,
  • Баянзүрх дүүрэгт-16,
  • Хан-Уул дүүрэгт-14,
  • Сүхбаатарт дүүрэгт- 2,
  • Чингэлтэй дүүрэгт- 4 тохиолдол тус, тус бүртгэгдсэн байна.

Covid-19 халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 735 хүн байна. Өчигдөр 250 хүнийг хяналтаас гаргаж, 233 хүнийг нэмж хяналтад авсан. Хоёрдогч хавьтал 1221 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас халдвар илэрч байна.  Шинээр үүссэн халдварын голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд халдвар илэрч байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 16 хорооноос нэг хүн шинээр бүртгэгдсэн. Халдварын нөхцөл байдал, батлагдсан тохиолдлын тоо буурахгүй, халдвар цаашдаа үргэлжлэх хандлагатай байна. Халдварын батлагдсан тохиолдлын ойр бол дам тохиолдолын тоо нэмэгдэж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-БНХАУ-ын “Sinopharm” группын гаргасан  300 мянган тун вакциныг Монгол Улсад хандивласан. Гэтэл дээрх вакциныг ДЭМБ-аас албан ёсоор бүртгэж аваагүй байна?

-“Sinopharm” групп вакцин үйлдвэрлэлээрээ дэлхий дахинд томд тооцогддог. БНХАУ-ын Covid-19 халдварын вакцин нь өөрийн орны албан ёсны үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй. Тиймээс тус вакциныг хэрэглэхэд хууль эрх зүйн хувьд ямар нэгэн асуудал байхгүй. “Sinopharm” групп ДЭМБ-д хандсан учраас  гуравдугаар сарын эхээр гэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрлийг өгнө гэсэн мэдээлэл байна.

-Халдварын эсрэг вакциныг хэр удаан хадгалах горимтой байдаг вэ?

-Ямар ч вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэдэг. Үйлдвэрлэгч болгон вакцины хадгалах хугацаа, хийлгэх зааврыг тодорхой гаргасан байдаг. Монгол Улсын иргэдийн хийлгэж байгаа Энэтхэг улсын вакциныг хөргөгчинд хадгалах хугацаа нь 2-8 хэм. Тасалгааны температурт 6 цаг байх боломжтой. Уламжлалт технологиор үйлдвэрлэснээрээ үр дүнтэй гэж дэлхий нийт үзэж байгаа.

 -Монгол Улсын Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар уржигдар "АстраЗенека" вакцины  анхны тунг хийлгэсэн. Тэдний  биеийн байдал хэр байна вэ?

-Ямар ч вакцинд тодорхой хэмжээний хэсэг газрын урвал гардаг. Энэтхэгийн вакцин хийлгэсэн хүмүүсээс 3-5 хувьд нь бие сулрах, ядрах, халуурах, хэсэг газар  хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн. Таны асуусан хоёр хүний хувьд урвалын шинж тэмдэг үзүүлээгүй.

-Шинжилгээний сав нь дуусчихсан юм уу, зориулалтын бус байна гэсэн гомдол гараад байна?

-Хөл хорионы үед  нийслэлийн хэмжээнд  500 мянган хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээний сав зориулалтынх бөгөөд шинжилгээний сорьц авах оношлуур дууссан асуудалгүй. Хоногтоо  15-17 мянган хүнээс шинжилгээ авч байна.

Энэтхэгийн "АстраЗенека" вакциныг эрүүл мэндийн хичнээн ажилчдад хийсэн бэ?

-Эхний ээлжинд эмнэлгийн 14 мянган ажилтанд хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 3112 ажилтанд вакцин хийлгэсэн.

ДЭМБ-аас вакцин халдвараас сэргийлж байгааг тогтоосон ч халдвар тээх эрсдэлгүй гэдэг нь бүрэн тогтоогдоогүй. Тэгэхээр 16-аас доош насны хүүхдүүдийг вакцинжуулах шаардлага тулгарч байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Ихэнх вакциныг 18-аас дээш насны хүнд хийж байгаа. Үүнээс  Pfizer вакцин 16-аас дээш насныханд хийнэ гэсэн заавартай. ДЭМБ-аас вакцины талаар олон судалгаа, шинжилгээг хийдэг. Вакцин тариулсан хүн халдвар тээх  эрсдэл нь багасна. Халдвар бол авна. Учир нь Covid-19 халдвар агаар, амьсгал, ахуйн хавьтал гэсэн гурван замаар дамждаг учраас вакцин хийлгэсэн ч халдвар авна. Ингэхдээ хөнгөн хэлбэрээр өвдөнө. Энгийн үгээр хэлбэл, вакцин нь тухайн жижиг Covid-19 халдварыг хүний биед өвчин үүсгэх хэлбэрээр нь биш  бага тунгаар оруулаад эсрэг биетийг үүсгэнэ. Үүний дараа тухайн хүн халдвар авлаа гэхэд эсрэг биет үүсдэг. Аль болох богино хугацаанд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар ажиллаж байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээний” хүрээнд шинжилгээ өгөөд сөрөг гарсан ч нууц үеийн хугацаа нь дуусаад халдвар тараах эрсдэл бий  шүү дээ. Тиймээс  шинжилгээг давтан хийх үү?

-Нийт хүн ам дунд хийсэн илрүүлэг шинжилгээнээс халдвартай хүмүүсийг илрүүлсэн. Тэдгээрийн ойрын болон дам хавьтлаас давтан шинжилгээг авч байгаа. Эрүүл хүмүүсийн дунд хийгдсэн шинжилгээг дахин давтаж авах шаардлаггүй. 500 мянган хүнд шинжилгээ хийхэд 100 хүнээс халдвар илэрсэн. Тэр хүрээнд давтан шинжилгээг хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж