Хятадын шүүх салсан эхнэрт нь гэрийн ажил хийсний нөхөн төлбөрийг нөхрөөр нь төлүүлэх шийдвэрийг анх удаа гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхнэр нөхөр хоёр таван жилийн хамтын амьдралаа эцэслэхээр Бээжин хотын шүүхэд хандсан байна. Харин эхнэр нь таван жилийн хугацаанд угаах цэвэрлэх, хоол хийх, хүүхэд асрах зэрэг гэрийн ажил хийснийхээ нөхөн төлбөрт нөхрөөсөө 24700 ам.доллартай тэмцэх хэмжээний мөнгө нэмэмжилжээ. Эхнэрийнх нь хэлснээр энэ хугацаанд нөхөр нь гэрийн ажилд бараг оролцдоггүй байсан.
Бээжингийн шүүх эхнэрийн талд шийдвэр гаргаж, нөхрөөр нь нөхөн төлбөр төлүүлэхээр болсон байна. Гэхдээ мөнгөн дүнг бууруулж, 7700 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний байхаар шийдвэрлэжээ. Мөн тэд бүх хөрөнгөө тэгш хувааж, нөхөр нь хүүдээ сар бүр 300 орчим ам.долларын тэтгэмж төлөхөөр болсон байна.
Хятад улс саяхан Иргэний хэргийн хуулиа шинэчилсэн бөгөөд уг хуулийн хүрээнд гэрийн ажилд нөхөн төлбөр олгуулах анхны шийдвэр нь ийн гарсан байна. Энэхүү шийдвэрийг тус улсын иргэд ихэд сайшаан хүлээн авч байгаа ба зарим нь эхнэрийнх нь таван жилийн хөдөлмөрийг нь хэтэрхий багаар үнэлсэн хэмээн үзжээ. Шүүхийн зүгээс нөхрийнх нь орлогын хэмжээ, Бээжин хотын амьдрах өртгийн хэмжээг харьцуулж нөхөн төлбөрийн хэмжээг гаргаснаа тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN