“АмЧам Монгол”: Ил тод байдлын хэлэлцээрийн бүрэн хэрэгжилт нь Монголд ГХО-ыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

“АмЧам Монгол”: Ил тод байдлын хэлэлцээрийн бүрэн хэрэгжилт нь Монголд ГХО-ыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй

“АмЧам Монгол”: Ил тод байдлын хэлэлцээрийн бүрэн хэрэгжилт нь Монголд ГХО-ыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын (АмЧам Монгол) сар бүрийн ээлжит бизнес уулзалт "Ил тод хуулийн засаглал" сэдвээр Мягмар гаригт /2021.02.23/ цахим хэлбэрээр боллоо.

Уулзалтад Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески нар зочин илтгэгчээр оролцож, “АмЧам Монгол”-ын гишүүд, гадаадын болон үндэсний хөрөнгө оруулагчид, ЭСЯ-д болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй илэн далангүй ярилцаж, сонирхсон асуултад хариулт өглөө.

“АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта нээлтийн үгэндээ "АмЧам Монгол болон АНУ-ын Элчин сайдын яам Ил тод байдлын тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь манай хоёр орны харилцааг өргөжүүлэх, цаашид хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах үндэс суурь болох бөгөөд манай байгууллага энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд туслахад бэлэн байна" гэж онцлон тэмдэглэв.

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ "Юуны өмнө “АмЧам Монгол”-д энэхүү чухал сэдвээр уулзалт зохион байгуулсанд, энэхүү уулзалтанд оролцож буй сайдад талархал илэрхийлье. Хууль сахиулах байгууллагууд бол ямар ч орны гол тулгуур байдаг бөгөөд эрх зүйн орчныг сайжруулах нь хамгаас чухал билээ. Манай Элчин сайдын яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бэхэжсэнд би их баяртай байгаа. АНУ-ын талаас ил тод байдал, эрх зүйн салбарын олон төрлийн сургалтыг Монголын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бэлээ. Цаашид бас хамтран ажиллах болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

Элчин сайд үргэлжлүүлэн хэлэхдээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой Ил тод байдлын тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүргийг хоёр тал хүлээсэн бөгөөд уг хэлэлцээрийн дагуу аливаа шинэ хууль тогтоомж эцэслэн батлахаас өмнө олон нийтээс санал авах шаардлага тавигддаг. Мөн уг хэлэлцээрийн дагуу яамдыг олон нийтээс өгч буй саналд хариу өгөх, шинэ хууль тогтоомжид олон нийтийн саналыг тусгахыг шаарддаг гэдгийг чухалчлав.

Сайд Х.Нямбаатар хэлэхдээ "Энэхүү хэлэлцээр нь талуудын батлан мөрдөж буй барааны худалдаа, үйлчилгээний хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээний худалдаа, оюуны өмчийн эрхэд хамаарах аливаа арга хэмжээнд хамаарах бөгөөд үүнтэй холбоотой хууль тогтоомж боловсруулах болон авилга, хээл хахуультай холбоотой асуудал, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл явцыг ил тод байлгаж, худалдаа хөрөнгө оруулалттай холбоотой хууль, тогтоомжийн төслийг урьдчилан хэвлэн нийтлэх замаар олон нийтийн болон бизнес эрхлэгчдийн саналыг тусгах бололцоог бүрдүүлэх юм" гэв.


“АмЧам Монгол”-ын тухай

”АмЧам Монгол” нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. “АмЧам Монгол” нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны танхимын албан ёсны салбар юм. Мөн “АмЧам Монгол” нь Ази, Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж