УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2021.02.24/ боллоо.
- Аталанта 0 – 1 Реал Мадрид
Барселона, Севилья, Атлетико Мадрид зэрэг Испанийн гурван клуб өнгөрөгч өдрүүдэд УЕФА Аваргуудын лигийн хүрээнд ялагдал хүлээгээд байсан бол Реал Мадрид энэ хар цувралыг зогсоолоо. Эзэн хааны багийн хувьд Италид зочилж, Европын хүчирхэг довтолгоотой Аталантаг талбайд нь 1-0 гэсэн харьцаатай хожив. Тоглолтын цорын ганц гоолыг Франц жигүүрийн хамгаалагч Ферланд Менди 86 дахь минутанд оруулжээ.
Аталанта санасныг бодвол сайн үр дүнтэй тоглолтыг өндөрлүүлсэн гэж хэлж болно. Учир нь тус багийн төвийн хагас хамгаалагч Ремо Фрьюлер тоглолт дөнгөж эхлээд буюу 17 дахь минутанд улаан хуудас хүртэн талбайг чөлөөлсөн юм. Ийнхүү хүн дутуу Аталанта 70 минут гоол алдалгүй тэсч, ердөө ганц гоолоор хожигдов.
- Боруссиа Менхенгладбах 0 – 2 Манчестер Сити
Дээрх хоёр багийн тоглолт Германд явагдах хуваарьтай байсан ч цар тахлын улмаас байршлаа өөрчилж, Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан. Тоглолт ч олон хүний таамаглаж байсанчлан Манчестер Сити өрсөлдөгчөө илүүрхэж, Бернардо Силва, Габриель Жезус нарын гоолоор ялалт байгуулав.
Дээрх багуудын хариу тоглолтууд ирэх гуравдугаар сарын 17-ны өдөр явагдана.
Холбоотой мэдээ