Ерөнхийлөгч Цэц рүү "гүйдэлтэй" болсны шалтгаан!

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Цэц рүү "гүйдэлтэй" болсны шалтгаан!

Ерөнхийлөгч Цэц рүү "гүйдэлтэй" болсны шалтгаан!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц рүү “гүйдэлтэй” болоод байгаа. Өмнө нь тэрбээр эрх баригчдын баталсан Авлигын хууль, Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгөхийг хүсэхдээ Цэц дээр очиж байсан. Харин энэ удаад нэр бүхий иргэдийн гаргасан мэдээлэлд үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотойгоор мэдээлэл өгөхдөө мөн л Цэц дээр очив. Угтаа бол иргэдийн ирүүлсэн мэдээллийг үндэслэж, Цэц маргаан үүсгэхдээ талуудын байр суурийг авдаг ч түүнийг нь бичгээр хүргүүлж болдог.

"ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХДЭЭ ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШИХГҮЙ ГЭЖ ЗААЛТЫГ ТУСГАХ ЁСТОЙ "

Гэвч энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга Цэц дээр очсон нь анхаарал татаж байна.

Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан, Г.Батаа нарын хүмүүс мэдээлэл хүргүүлжээ. Ингэхдээ тэд Ерөнхийлөгчид нэр дэвших нийтлэг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн утга бүхий мэдээлэл хүргүүлжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

  • 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна,
  • 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
  • 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх,

Мэдээлэл гаргагчид өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүнийг бүртгэхгүй байх заалтыг орхигдуулсан нь Үндсэн хуулийн 19.1 дэх хэсгийг, 3.1.2, 5.4,5,26, 5.26.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж мэдээлэл ирүүлжээ. Энэ хүрээнд ирүүлсэн утга бүхий маргаануудыг нэгтгэж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгод хуваарилжээ. Тиймээс тэрбээр иргэдийн дурдсан асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын байр суурь, тодруулах шаардлагатайг мэдэгдэн, хүсэлт хүргүүлсэнд Ерөнхийлөгч очиж, тайлбар өгсөн юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд тайлбар өгөхдөө гол асуудлаа ярихгүйгээр, мэдээлэл ирүүлсэн хүмүүс нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хандаж байгаа, Цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлээсэй хэмээн “сануулав”.

Үндсэн хуулийн Цэц иргэдээс ирсэн мэдээлэлд үндэслэн маргаан үүсгэх эсэхийг Цэцийн нэг гишүүнд хуваарилж, маргаан үүсгэх шаардлагатай бол дунд суудлын хуралдааныг зарладаг зохицуулалттай. Мөн иргэдээс ирсэн мэдээлэл нэг утга, ижил агуулгатай бол нэгтгэн хянах боломж ч бий. Чухам ийм зохицуулалттай, хуулиа даган ажиллаж байгаа Үндсэн хуулийн Цэц дээр Ерөнхийлөгч очиж, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцсон гэдгээ дахин дахин тодотгож, захиалгатай хүмүүс ажиллаж байна хэмээн дүгнэж байгааг юу гэж тайлбарлах вэ. Арай Ерөнхийлөгч Цэцэд “нөлөөлөх” гэж өөрийн биеэр очоогүй байгаа гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд гарч эхлэв.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж тайлбар өглөө

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж тайлбар өглөө

Т.ДОРЖХАНД: ЕРӨНХИЙЛӨГЧ ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙНА

Энэ талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотойгоор мэдээлэл гаргасан УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үндсэн хуулийн энэ үзэл санаагаа тодорхой тусгах нь зүйтэй гэсэн мэдээлэл гаргасан. Энэ бол одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал. Тэгэхээр өөрийнх нь асуудал Үндсэн хууль дээр яригдаж байхад удаа дараа Үндсэн хуулийн Цэцийн гишүүдтэй уулзаж, нөлөөлөх гэсэн оролдлого хийж байгаа нь буруу. Үндсэн хуулийн Цэц гэдэг бол Үндсэн хуулийн шүүхийн байгууллага шүү дээ. Энэ бол ноцтой үйлдэл. Би ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний хувьд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргахад үүднээс нь буцдаг. Тэр байгууллагыг би хүндэтгэдэг. Гэтэл төрийн тэргүүн маань Үндсэн хуулийн Цэцэд яагаад үл хүндэтгэлтэй хандаж байна вэ. Удаа дараа өөрийн биеэр очиж Цэцийн гишүүдтэй уулзаж байгаа нь өнөөдрийн шийдвэрт нөлөөлөх үйлдэл байна. Энэ бол маш том зөрчлийн асуудал. Үндсэн хуульд хэн ч нөлөөлөх ёсгүй” гэсэн тайлбарыг ч өгсөн.

Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд удаа дараа үргэлжлэх, МАН-ын импичмент хийх асуудлыг ч сөхөхөөс аргагүйд хүрч байгаа гэсэн тайлбарыг өгчээ.

Мэдээж Цэцэд тайлбараа гаргах эрх нь Ерөнхийлөгчийн хувьд нээлттэй, Цэц ч  хүлээж авах эрх нь нээлттэй ч гуравхан сарын дараа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад Цэц дээр байн байн очиж,  эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотойгоор өөрийн биеэр тайлбар гаргаад явах нь хэр зүйд нийцэх юм бол.

Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхээр талуудаас тайлбар авч байна, мэдээлэл гаргасан иргэд нь тайлбараа өгч, талууд мэтгэлцэх зарчим цааш үргэлжилнэ. Харин дунд суудлын хуралдааныг хэзээ зарлаж, маргааныг хянан хэлэлцэх зэрэг асуудал нь цаг хугацааны хувьд тодорхойгүй ч тун ойрын хугацаанд шийдэгдэх асуудал болов уу. Гурван сарын дараа болох 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль маргаан үүсгээд байгаа заалт бүхий хуулиар зохицуулагдана гэдгийг энд тодотгоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж