Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Wednesday, February 24, 2021
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийлээ.
Энэ үеэр тус салбарынхан 2029 онд Монгол Улс гурван сая жуулчин хүлээн авч, 450 сая ам.доллар орлого олох бүрэн боломжтойг хэлж байв.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр “Монгол Улсын хувьд 7 сая 500 мянган жуулчны хүлээн авах багтаамжтай. Дэлхийн бүх хүмүүс жуулчин байж болох нөлөөллийг тооцох нь чухал. Тоо ба чанарын тэнцэл гэсэн үг. Тавдугаар сарын 1-нд хилээ нээж өгөөч. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлээч гэсэн хүлээлттэй байгаа юм шүү. Тэгвэл энэ зун 400 мянган жуулчин хүлээж авах боломж байгаа” гэлээ.
Монголын зочид буудлуудын холбооноос тухайн салбарын үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Тус холбооны тэргүүн С.Мөнхбат "2019 онд 460 зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бол 2020 онд 430 болсон. Ажилтнуудын тоо өмнөх оноосоо 46 хувиар буурч 16.860 болоод байгаа. Зочид буудлаар үйлчлүүлсэн зочдын тоо 95 хувь буурч 45.650 байна. Үүнд ихэвчлэн гадаад улсаас ирж тусгаарлагдсан хүмүүсийн тоо хамаарна. Халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотойгоор зардал өссөн бөгөөд 2020 онд -89.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.
2020 оны нэгдүгээр сараас эхлээд зочид буудлууд жуулчин аваагүй тул байрууд маань ашиглалтгүй байгаа. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэж өгнө үү. Зочид буудлууд жилдээ 600 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварт төлдөг. Гэвч цар тахлын улмаас үйл ажиллагаа үндсэндээ зогссон тул 2021 оны долдугаар сарын 1-нээс торгууль, алданги тооцуулж эхлэх эрсдэлтэй байна. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол цомхотгол 60 хувь хүрэхээр байна " гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж буй 40 зочид буудлын үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэх боломжгүй. Мөн газар үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг удаа чөлөөлөх 4.1 нэг их наяд төгрөгийн ачаалал төсөв дээр авсан байгаа. Тиймээс төсөв дээр нэмэлт ачаалал авах боломжгүй. Энэ бол суурь зардлууд байдаг. Энэ онд вакцинжуулалт дуусч, эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах төслийг хэрэгжүүлнэ. Хэрвээ бидний зорьсон хэмжээнд байж чадвал долдугаар сарын 1-нээс хойш эдийн засаг тогтворжино гэдэг хүлээлттэй байгаа” гэдгийг хэллээ.
“Аялал жуулчлалын салбарын ажилтнуудыг вакцинд хамруулж өгөхийг хүсье”
Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Алтантуяа “Монгол Улсад 526 жуулчны бааз, амралтын газар байгаагаас 2019 онд 450 жуулчны бааз үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр жуулчны бааз 20 мянган ор хоногийн хүчин чадалтай бөгөөд 31.5 тэрбум төгрөгийн цалингийн сантай. Нийт 10 мянга гаруй ажилтантайгаар 90 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ жуулчны баазууд тусгай хамгаалалттай газар болон орон нутагт байрладаг учраас орон нутгийн иргэдээс 22.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 2020 онд тус жуулчны баазын орлого 96 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Цаашид аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ажилтнууд вакцинд хамрагдсан байх шаардлагатай байна. Мөн 18 сарын турш тэг зогсолт хийсэн байгууллагууд хөнгөлөлттэй зээлд хамрагдмаар байна. Аялал жуулчлалын салбар сэргэхэд хугацаа их орох учир 2023 он хүртэл газар, үл хөдлөхийн ашиглалтын зардлыг тэглэх боломж бий юу, ашиглалтын гэрчилгээг таван жил байдгийг 10 жил болгож сунгах, аялал жуулчлалын бүсчлэлийг тогтоох, ялангуяа Хөвсгөл, Тэрэлж, Хархоринд даацын хэтрэлтийг шийдэж өгөх, стандартын дагуу баазууд нэг км-ээс доошгүй зайтай байх ёстой. Жуулчны бааз, лодж, амралтын газар гэх мэт жуулчин байрлах газруудын гэрчилгээг нарийн ялгаж олгох. Гурван гэр барьчихаад жуулчны бааз гэж болохгүй. Шийдвэр гаргах түвшний төлөөлөлтэй тэр дундаа салбар яамтай хэлэлцүүлэг хиймээр байна” гэдгийг хэллээ.
Вакцинд хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг шийднэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг амар биш байна. Өнгөрөгч 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг -6 хувиар буурч, 70 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Үүнд аялал жуулчлалын салбар багтаж буй. Дам утгаар 130 мянган ажлын байр маш хүнд нөхцөл байдалд орсон. Өнгөрсөн нэг жилийн ажилчдаа цомхотгоогүй, ажлын байраа хадгалж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Улсын төсөв 12 хувиар тасарсан. Дулаан, цахилгааны үнэ тэглэх, хүүхдийн мөнгийг нэмэхээс эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээг Засгийн газраас авсан. Ирээдүйг харахын тулд ирээдүйг зөв дүгнэх хэрэгтэй. Бид зах зээлийг энгийн горимд шилжүүлэхгүйгээр хэчнээн аж ахуй нэгжүүдэд зээл өгч, өрхөд халамж тараагаад нэмэргүй. Бидний стратеги бол төр, хувийн хэвшлийн түншлэлээ сайжруулж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, зах зээлийн чөлөөт цусны эргэлтээ нээх байсан. Тийм учраас “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж, 523 мянган өрхийг шинжилгээнд хамруулсан. Ирэх долоо хоногийн Лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар өнөөдрийн асуудлыг хэлэлцэх болно. Салбарын сайд энэ асуудлыг оруулж, танилцуулах хэрэгтэй. Хамтарсан төлөвлөгөөг гаргаж, чадах, чадахгүй ажлаа ялгана.
Аялал жуулчлалын урсгал нэмэгдэхэд агаарын тээврийн асуудал чухал. Би 14 хоногийн өмнө холбогдох хүмүүст чиглэл өгсөн. Бид үндэсний агаарын тээврийн компаниа бодно. Гэхдээ дэлхийн бусад агаарын авиа компаниудын зах зээлийг нээнэ. Төрийн өмчит үйлдвэрийн ажил гэхээр олон хүнтэй байна гэдгийг хална. Зөвхөн нэг агаарын тээврийн асуудлыг шийдэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хорлохгүй. Тавдугаар сарын 1-нээс өмнө хийж дуусгах ажлаа эхэлье. Бид тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг судалж үзсэн. Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ.
Вакцинд хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх. Гэхдээ шууд амлаж чадахгүй. Бид нөхцөл байдалтайгаа уялдуулан тавдугаар сарын 1-нээс хилээ нээхийг хичээн ажиллах болно.
Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг хөндөж үзнэ. Үүнд тулгуурлан аялал жуулчлалын салбарынхан төлөвлөлтөө хийж болно. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ногоон, шар, улбар шар, улаан өнгөтэй байгаа. Улаанбаатар хот шар өнгөн дээр зарим аймгууд ногоон өнгөн дээр байна. Бизнесийг бид шууд хүнтэй харилцдаг, харилцдаггүй гэж ангилж байгаа. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байна. Улаанбаатар хотод хатуу хөл хорио 98 хувьтайгаар хийж чадсан. Үүнтэй адил иргэд, аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай. Аялал жуулчлал, уул уурхайн салбарыг эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулна.
Монголбанкинд түгжигдсэн найман их наяд төгрөгийг арилжааны банкаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхэлнэ. Бид “И-Монголиа” цахим платформыг хийсэн. Үүний хүрээнд цахим визтэй болох ажил багтаж буй. Хамтдаа энэ асуудалд нэгдэж, тавдугаар сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхийн төлөө ажиллая. Аялал жуулчлалын салбар зуны улиралд хэт их ачаалалтай байдаг бол өвөл ачаалал бага байдаг. Тийм учраас аялал жуулчлалын ачаалал бага үед олон улсын арга хэмжээ зохион байгуулах тал дээр төрөөс дэмжин ажиллахад анхааръя" гэлээ.
А.СҮРЭН