Дэлхийн удирдагч нар ямар вакцин тариулсан бэ?

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Дэлхийн удирдагч нар ямар вакцин тариулсан бэ?

Дэлхийн удирдагч нар ямар вакцин тариулсан бэ?

Дэлхий дахинаа Covid-19-ийн вакцинжуулалт эрчимтэй өрнөж, шинээр нэмэгдэж буй халдварын тохиолдлын тоо аажмаар буурч буй үр дүн гарч эхэлж байна. Монгол Улс ч Сovid-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө энэ сарын 23-нд эхэлсэн билээ. Дэлхийн хэд хэдэн удирдагч өөрсдийн улс оронд вакцинжуулалтын хөтөлбөрөө сурталчилж, ард иргэдийнхээ вакцинд эргэлзэх эргэлзээг тайлах зорилгоор өөрсдийн биеэр хэвлэл мэдээллийнхний шууд дамжуулалтын өмнө Сovid-19-ийн эсрэг вакциныг хийлгэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд мөн уг жишгийг дагаж, Энэтхэг улсаас хандивласан “AstraZeneca/Oxford”-ийн хамтран бүтээсэн вакциныг тариулсан билээ. Тэгвэл дэлхийн улс орнуудын удирдагчид ямар вакциныг сонгосон талаар мэдээллийг хүргэе.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд эхнэр Жилл Байдены хамтаар “Pfizer/BioNTech”-ийн вакцины эхний тунг тариулсан бөгөөд нэгдүгээр сарын 12-нд хоёр дахь тунгаа хийлгэжээ. Харин дэд Ерөнхийлөгч Камала Харрис 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд нөхрийнхөө хамтаар “Moderna” компанийн боловсруулсан вакциныг тариулсан бөгөөд хоёр дахь тунгаа нэгдүгээр сарын 27-нд хийлгэжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд эхнэр Карен Пенсийн хамтаар мөн “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулжээ. Тэрбээр үзэгчид болон эмч нарт хандан “Би юу ч мэдэрсэнгүй” хэмээгээд аюулгүй байдлыг хангасан үр дүнтэй вакцин бүтээнэ гэдэгт Америкийн ард түмэн итгэлтэй байх хэрэгтэй хэмээсэн юм.

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху

Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд олон нийтийн өмнө “Covid-19”-ийн вакцины анхны тунг тариулснаар тус улсын үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр эхэлсэн /юм. Тэрбээр “Pfizer/BioNTech”-ын вакциныг тариулсан бөгөөд ингэснээр covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн анхны төрийн тэргүүн болж байв. Харин хоёр дахь тунгаа нэгдүгээр сарын 10-нд Эрүүл мэндийн сайд Юли Эдельштейний хамтаар хийлгэсэн юм. Өдгөө Израил улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд

Саудын Араб улс Сovid-19-ийн эсрэг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд эхлүүлсэн юм. Үүнээс гурван долоо хоногийн дараа тус улсын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулсан байна. Харин тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд мөн “Pfizer/BioNTech”-ийн вакцины эхний тунг тариулсан юм.

Ромын Пап лам Францис

Католик шашны тэргүүн Ромын пап Францис нэгдүгээр сарын 14-нд өдгөө 91 настай өмнөх Пап лам 16-р Бенедиктийн хамтаар “Covid-19”-ийн эсрэг вакцины эхний тунгаа тариулжээ. Гэхдээ тэд олон нийтийн өмнө тариулаагүй. Ватиканы хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэд “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулсан аж. Харин вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногийн дараа хийлгэсэн байна. өдгөө 84 настай Ромын Пап Франциск өмнө нь ярилцлага өгөх үеэрээ "Бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь хүн бүрийн ёс суртахууны үүрэг тул вакцинжуулалтад хамрагдана" хэмээн мэдэгдэж байв.

Английн Хунтайж Чарьлз

“Covid-19”-ийн халдвар аваад эдгэрсэн 72 настай хунтайж Чарьлз 2020 оны гуравдугаар сард Сovid-19-ийн халдвар аваад эдгэрсэн юм. Тэрбээр энэ сарын 10-ны өдөр эхнэр Камиллагийн хамтаар “Сovid-19”-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн байна. Мөн Английн Хатан хаан II Элизабет болон түүний нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филип нар өмнөх өдөр нь вакцинаа хийлгэжээ. Гэвч эзэн хааны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдлыг өндөр зэргээр нууцалдаг учир Хатан хааны гэр бүл ямар вакцин тариулсан талаар олон нийтэд мэдээлээгүй аж.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо

Индонезийн засаг захиргаа нэгдүгээр сарын 11-нд Хятадын  биотехнологийн “SinoVac Biotech” компанийн боловсруулсан “CoronaVac” вакцинд зөвшөөрөл олгосон билээ. Маргааш нь тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо “SinoVac” вакцины эхний тунг тариулж ард иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нэгдүгээр сарын 14-нд мөн Хятадын “SinoVac” вакцины эхний тунг тариулсан байна. Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа вакцин хийлгэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлахыг улс төрийн удирдагчид, хууль тогтоогчдод уриалсан юм. Түүнтэй хамт эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын удирдах зөвлөлийн гишүүд мөн уг вакциныг хийлгэсэн байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум

Арабын Нэгдсэн Эмират улс 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд Хятадын төрийн өмчит биотехнологийн “Sinopharm” компанийн боловсруулсан “BBIBP-CorV” вакцинд зөвшөөрөл олгосон. Ингэснээр тус улс Хятадын вакцинаар ард иргэдээ дархлаажуулахаар болсон дэлхийн анхны улс болж байв. Тус улсын Ерөнхий сайд, дэд ерөнхийлөгч бөгөөд Дубайн Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум Хятад вакцины талаарх иргэдийн эргэлзээг арилгах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Sinopharm”-ийн вакцины эхний тунг тариулжээ.

Австралийн Ерөнхий  сайд Скотт Моррисон

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон энэ сарын 22-нд “Сovid-19”-ийн эсрэг вакцины анхны тунг тариулж вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлжээ. Тэрбээр “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулсан бол тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант “AstraZeneca”-гийн вакцин хийлгэхээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Indian Express

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж