"Таньдаг хүмүүстээ хоногийн хоолны мах зээлээр өгч байна"

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

"Таньдаг хүмүүстээ хоногийн хоолны мах зээлээр өгч байна"

"Таньдаг хүмүүстээ хоногийн хоолны мах зээлээр өгч байна"

Түм түжигнэж, бум бужигнадаг "Хүчит шонхор" захад махны нийлүүлэлт хэр байгаа, үнэ тогтвортой эсэхийг сурвалжлахаар өчигдөр /2021.02.24/ үдийн 15.00 цагийн үед очвол үйлчлүүлэгчид цөөтэй, лангууны дэргэдүүр өнгөрөх бүрт “Мах дуусах гэж байгаа учраас хямдруулаад өгнө шүү” хэмээн уриалгахан дуудах худалдагчид олон таарлаа.

Бог, бод малын мах зардаг заал руу ортол ихэнх лангуу хоосон харагдав. Учир нь уржигдраас эхлэн хөл хорио суларснаар хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж мах их хэмжээгээр авах болсонтой холбоотой аж. 

Энд хонины цул мах нэг килограмм /кг/ нь 9500-10000 төгрөгөөр, хонины ястай мах 9000 төгрөгөөр зарагдаж байв. Худалдагчид өглөөдөө өндөр үнээр махаа зардаг бол үдээс хойшдоо хямдруулдаг байна.

Өглөө 10500 төгрөгөөр зарагдаж байсан хонины цул мах үдээс хойшдоо 10000 төгрөг болж буурах жишээтэй. Махны үнэ тарган, туранхайгаасаа  шалтгаалж үнэ нь өөр, өөр аж.   

Гэхдээ тухайн өдрийн өглөө махны нийлүүлэлт хэр байсан, ченжүүд ханшийг хэдээр тогтоосноос шалтгаалж үнэд өөрчлөлт ордог гэдгийг худалдагч нар учирлаж байлаа. Мөн "Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Далай ээж” зэрэг томоохон худалдааны төвтэй харьцуулахад кг тутамдаа 1000 төгрөгөөр хямдаар худалдаалагддаг байна. 

Бог малын мах зардаг заал

ХОНОГИЙН  ХООЛНЫ МАХГҮЙ БАЙНА, ЗЭЭЛЭЭР ӨГЧ БОЛОХ УУ”

Хонины махны худалдагчийн хэлснээр “Хонины цул мах нэг кг нь 9500, ястай мах нь 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өнөөдөр 300 кг мах борлуулах гээд үзээд л сууна. Одоогийн байдлаар 10 кг мах л зарлаа. Иргэд хөл хорионы улмаас олон сар гэртээ суусан, цааш нь хийж хадгалсан хэдэн төгрөгөө Цагаан сард хэрэглэсэн учраас худалдан авалт муу байх шиг байна. Хүмүүс хамгийн багадаа 1 кг ба түүнээс дээш 5 кг мах авч байна. Харин байнгын хамтран ажилладаг хоолны газрын хүмүүс өчигдөр ирж мах авсан. Ерөнхийдөө 15-аас дээш кг мах авдаг. Хэрэв ашиг харж зарвал нэг кг махыг 9800-10000 төгрөгөөр зарахаар байгаа юм. Гэвч худалдан авагчаа алдахгүйн тулд ченж нараас авсан үнээр нь шахуу зарж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар жилээс, жилд муудаж байна. Би 20 жилийн өмнө 1 кг мах 1800 төгрөгөөр зардаг байлаа. Тэр үед иргэд махыг их хэмжээгээр авдаг, шуудайд хийгээд үүрээд явдаг байсан. Одоо бол 1 кг махаа жижиг торонд хийгээд л явж байна. Хөл хорионы үед байнгын худалдан авагчдаас маань “Хоногийн хоолны махгүй байна, зээлээр өгч болох уу” гээд ирж байсан удаатай. Би зээлээр өгч л байсан. Түүнээс таньж мэдэхгүй хүнд өгөхгүй шүү дээ” гэлээ.

Бод малын мах зардаг зааланд ихэнх лангуу нь хоосорч, худалдагчид лангуугаа цэвэрлэж байхтай таарлаа. Цөөн хэдэн махтай үлдсэн худалдагчид “Үхрийн нуруу 10000 төгрөгт аваарай.  Мах дуусах гэж байгаа учраас хямдруулж байгаа шүү. Өглөө 11500-12000 төгрөгөөр зарж байсан” хэмээн хүмүүсийг ятгах аж.

ӨМНӨ НЬ 10 КГ МАХ АВДАГ БАЙСАН АЙЛ ОДОО 5 КГ МАХ АВЧ БАЙНА

Харин үхрийн махны худалдагч “Үхрийн мах гадаа бөөний үнээр 8500-10000 төгрөг. Дотор орж ирэхээр тарган, туранхайгаасаа хамаараад үхрийн цул мах 11000-12000, ястай мах 11000, нурууны цул мах 12000, жижиг үхрийн ястай мах 11500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ жил хөл хориотой байсан ч махны нийлүүлэлт  харьцангуй сайн байна. Өнгөрсөн удаа тогтоосон 12 хоногийн хатуу хөл хорионы улмаас манай зах хүнгүй эзгүйрсэн. Харин хөл хорио суларсны дараа цайны газар, ресторан ажиллуулдаг хүмүүс мах ирж авлаа. Өглөө хоёр бүтэн үхэр зарахаар оруулж ирсэн. Нэг үхэр 200 кг,  нийлээд 400 кг. Одоогийн байдлаар бараг зараад дуусах гэж байна. Урд нь цаг сайхан байхад 10 кг мах авдаг байсан айл одоо 5 кг мах авах жишээний. 10 кг махыг 10-15  өдөр хэрэглэдэг байсан бол 5 кг махаар 10-15 хонох гэж тэсч байна. Хэрэглээгээ танаснаас харахад хүмүүсийн худалдан авах чадвар муудсан гэдэг нь харагдаж байгаа юм” гэв.

2021 онд нийслэлчүүдийн хэрэглэх 20 мянган тонн нөөцийн махыг бэлтгэсэн хэмээн ХХААЯ мэдээлсэн.

Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Харин энэ жил нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.

Нийслэлийн статистикийн газрын хоёрдугаар сарын 19-ны өдрийн судалгаанд дурдсанаар:

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж