Байр суурь: Сургууль, цэцэрлэгийн хичээлийг зэрэг эхлүүлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Байр суурь: Сургууль, цэцэрлэгийн хичээлийг зэрэг эхлүүлэхийг хүсэв

Байр суурь: Сургууль, цэцэрлэгийн хичээлийг зэрэг эхлүүлэхийг хүсэв

Засгийн газар Боловсрол шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн ирэх гуравдугаар сарын 1-ээс орон нутагт танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргаад байна. Харин нийслэл халдварын голомтын бүс тул Covid-19-ийн тархалтаас хамаарч ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг гуравдугаар сарын 10-нд, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх эсэхийг нөхцөл байдлаас хамаарч, шийдвэрлэх юм.

Иймд дөрөвдүгээр сарын 1-ээс хүүхэд асрах төв, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлбэл хүүхдээ өгөх эсэх асуудалд  иргэдийн байр суурийг сонслоо.


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛИЙГ ГУРАВДУГААР САРААС НЭГЭН ЗЭРЭГ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Т.ГЭРЭЛЭЭ: 

-Хүүхдээ харуулах хүнгүй, залуу гэр бүлийн хувьд дөрөвдүгээр сарын 1-ээс цэцэрлэг, хүүхэд асрах төв нээгдэнэ гэвэл хүндхэн л тусна байх. Энэ хугацааг нийслэлд наашлуулж, сургууль, цэцэрлэгийн хичээлийг нэг өдөр эхлүүлэх хэрэгтэй. Хүүхдийг нь харж хандах хүнгүй эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэгт нээгдвэл ажлаа ч тайван хийнэ.

Сурагчдын хичээлийг гуравдугаар сарын 10-аас эхлүүлчихээд цэцэрлэг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр аав, ээжийнх  нь аль нэг хүүхдээ харахаас өөр аргагүй болно. Тиймээс Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн хичээл танхимаар эхлэх өдрийг нэг өдөр товлох хэрэгтэй болов уу.

 

Иргэн А.ГАНТУЛГА: 

-Цар тахлыг дотоодод алдсан ч вакцинжуулалт эхэлсэн болохоор танхимын сургалтыг эхлүүлэхийг дэмжиж байна. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Дөрөвдүгээр сарын 1-ээс цэцэрлэгийн хичээл эхэлнэ гэдгийг дэмжиж байна. Ажил жигдэрсэн ч цэцэрлэгийн хичээлийг эхлүүлээгүй үед түр хугацаанд эцэг эхчүүд ажил, хувийн амьдралаа зохицуулж болно

 

 

 

 

Иргэн Т.ЭНХБААТАР: 

-Би нийслэлд амьдардаггүй. Орон нутагт сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэх нь зөв. Харин Улаанбаатар халдварын эрсдэлтэй бүс учраас одоохондоо сургууль, цэцэрлэгийн хичээлийг танхимаар эхлүүлэх нь эрсдэлтэй байх. Засгийн газраас нийслэлд цэцэрлэгийн хичээлийг дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэхээр болсныг мэдэгдэж байна. Харин сурагчид гуравдугаар сарын 10-аас хичээлдээ орох юм байна. Миний бодлоор хүүхдийг нь асран хамгаалах хүнтэй болбол залуу гэр бүлд цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын  1-нд эхлүүлэх нь ямар нэгэн асуудалгүй. Харин асран хамгаалах хүнгүй тохиолдолд цэцэрлэг дөрөвдүгээр сарын 1-ээс нааш ажиллахгүй бол залуу гэр бүлд хүндхэн тусна. Ажлаа хийх үү, хүүхдээ харах уу гэдэг сонголттой л тулах болов уу.

 

Иргэн Ц.БАЯНМӨНХ: 

-Covid-19 халдварын эсрэг вакцин гарч, манай улсад ч бас дархлаажуулалт эхэлсэн тул танхимын сургалтаа цаг алдалгүй нээх хэрэгтэй. Цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө нээх нь эцэг эхчүүдэд ч нэмэртэй. Хүүхдээ хэнээр харуулах вэ гэж санаа зовохгүй, цэцэрлэгт нь хүргээд өгсөн байхад ажилдаа ч төвлөрнө шүү дээ. Миний бодлоор орон нутагт гуравдугаар сарын 1-ээс сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэхийг дэмжиж байна.

 

 

 

Иргэн Ж.АРИУНЗАЯА:

-Цар тахлын эрсдэлтэй үед танхимын сургалтыг дэмжихгүй, эрсдэл өндөр. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхэд агаар дуслын замын халдвар, Сovid-19 халдварт өртөх магадлалтай. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдүүдээ хараад гэртээ орлогогүй байх боломжгүй. Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн бол уян хатан бодлогоор зохицуулалт хийх ёстой. Ажил, сургууль жигдэрсэн ч хүүхэд харах хүнгүй, цэцэрлэг хичээллэхгүй бол ажлаасаа олон дахин чөлөө авч болохгүй. Магадгүй ажлаасаа ч халагдахыг үгүйсгэхгүй. Өнөөдөртөө л  бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа ч гуравдугаар сараас ажил жигдэрсэн үед цэцэрлэг ажиллахгүй бол ажлаасаа гарахаас өөр сонголтгүй болно. Хүн бүр гэрээсээ ажиллах боломжгүй. Ажлын байран дээрээ ажиллах шаардлагатай хүмүүс байгаа шүү дээ. Зарим газар ажилтнаа халсан тохиолдол ч байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хичээлийг нэг өдөр эхлүүлэх нь зөв болов уу.

Иргэн М.ТӨРБАТ: 

-Дэлхий нийт цар тахалтай дасан зохицож амьдрах шаардлагатай болж байна. Бид ч бас улс орнуудтай адил ердийн амьдралын хэв маягаа сэргээж байгаа учир сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэх хэрэгтэй. Гадаадн улс орнуудад ч бас цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоогүй болохоор дөрөвдүгээр сарын 1-ээс ч өмнө цэцэрлэгээ нээх нь зөв юм.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж