БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жон Уны гэргий Ри Соль Жү бол олон хүний анхаарлын төвд байдаг ч маш нууцлаг тэргүүн хатагтай. Өдгөө 32 настай тэрбээр Умард Солонгосын өмнөх удирдагчдын гэргий нараас ялгаатай нь нөхрийн хамт дээд хэмжээний уулзалтуудад оролцож, өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн цүнх, сэлтээр гангарч, нөхөртэйгөө хамт зураг авалтанд оролцдог онцгой эрхтэй нэгэн юм. Түүнээс гадна тэрбээр 2018 онд Пёньяаны 40 гаруй жилийн түүхэнд анх удаа “Тэргүүн хатагтай” хэмээх гуншингийн эзэн болсон юм.
Ихэнхдээ нууцлаг байдаг ч зарим чухал арга хэмжээнд үе үе үзэгдэж, хэвлэл мэдээллийнхний дуранд дүрээ үлдээдэг нэгэн. Жил гаруй хугацаанд ор сураггүй байж байгаад энэ сарын 16-нд хадам эцэг Ким Жон Илийн төрсөн өдрийн арга хэмжээний концертыг Ким Жон Унтай хамт үзэж байгаа нь нутгийн хэвлэлийн дуранд өртсөн.
БНАСАУ-ын өмнөх удирдагч нар хэд хэдэн эмэгтэйтэй амрагийн харилцаатай байж, хүүхэдтэй болж байсан гэдэг. Харин Ким Жон Уны хувьд одоохондоо Ри Соль Жүгээс өөр эмэгтэй байдаг эсэх талаар тодорхойгүй байгаа юм.
Ри Соль Жү гэж хэн бэ?
Ри Соль Жүг хамгийн анх 2012 оны долдугаар сард Ким Жон Уны эхнэр хэмээн олон нийтэд зарласан. Харин Сөүлийн тагнуулын албаныхны мэдээлснээр Ким Жон Ун Ри Соль Жүтэй 2009 онд гэрлэсэн. Тэд өдгөө гурван хүүхэдтэй.
Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллээр Ри Соль Жү 1989 онд БНАСАУ-ын зүүн умард нутгийн Чонжин хотод Пёньяны өндөр албан тушаалтны садангийн гэрт мэндэлжээ. Тиймдээ ч хүүхэд насаа ихэнх умард солонгосчуудаас элбэг дэлбэг, хангалуун өнгөрүүлсэн аж. Зарим эх сурвалжууд Ри Соль Жүгийн ээж улсын эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх газрын дарга, аав нь профессор байсан хэмээн баталдаг юм. Мөн түүний хамаатан Ри Пён Чоль агаарын хүчиний генерал байсан бөгөөд өдгөө Ким Жон Уны зөвлөх хийдэг.
Олон орноор зочилж үзсэн дуучин бүсгүй
Ри Соль Жү Пёньяны Кемсон 2 дунд сургуулийг төгссөнийхөө дараа БНХАУ-д сурч дуучин болжээ. Тэрбээр 2005 онд Азийн Атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Умард Солонгосын шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн бүрэлдэхүүнд багтан Өмнөд Солонгост очиж байсан.
Түүнээс гадна Ри Соль Жү Умард Солонгосын Унхасу оркестрын дуучин, "Моранбон" охидын хамтлагийн айдол байжээ. Гэвч эрх баригчид түүний дуучин байсан намтрыг аль болох нуухыг хичээн ажиллаж, зарим дууных нь бичлэгүүдийг бүрмөсөн устгаж байсан. “Улсын тэргүүн хатагтай зугаацуулагч байсан тухай намтарт нь байх нь зохисгүй хэрэг” хэмээн эрх баригчид үзсэн хэмээн зарим хүмүүс таамагладаг аж. Тиймдээ ч тэрбээр зөвхөн дуучин гэдгээс илүү өндөр зиндааны хүн гэдгээ батлахаар нөхрийнхөө өвөө буюу БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Соны нэрэмжит Пёньяны Ким Ил Сон их сургуульд суралцан шинжлэх ухааны PhD зэрэг хамгаалжээ.
Хурим
Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Ким Жон Ун 2009 онд Ри Соль Жүтэй гэрлэжээ. Гэвч төрийн мэдээллийн агентлаг 2012 он хүртэл түүний нэрийг нууцлан “Ким Жон Уны эхнэр” хэмээн төлөөлүүлэн бичдэг байж. Тэд чухам хэрхэн учирсан талаар хэн ч дурсаж байгаагүй аж.
Барууны “хориотой” хэв маягаар хувцасладаг “эрх” эхнэр
Ядуурал, өлсгөлөн ихтэй Умард Солонгосын хувьд Ри Соль Жүгийн тансаг хэрэглээ, загварлаг хувцаслалт шүүмжлэл дагуулдаг. Хэдийгээр Ким Жон Ун умард солонгос эмэгтэйчүүдийг гадаадын соёлыг дуурайх, тэр дундаа барууны хэв маягаар хувцаслахыг хүчтэй эсэргүүцэн хориглодог ч тус хориг зөвхөн эхнэрт нь үйлчилдэггүй. Тэр ч байтугай Ким Жон Ун барууны орнуудаас олон зуун мянган ам.долларын үнэтэй цүнх, хувцас зэргийг захиалан авчруулж, эхнэрээ эрхлүүлдэг гэнэ.
Жишээлбэл, 2012 оны долдугаар сард болсон гала тоглолт дээр Ри Соль Жү Chanel брендийн бариу хар даашинзаар гангарсан байжээ. Түүнчлэн 2012 оны есдүгээр сард Ким Жон Илийн хувийн сүшиний тогооч асан Кенжи Фүжимото Пёньянд зочлоход Ри Соь Жү түүнд өөрийн хэрэглэж байсан Christian Dior брендийн үнэтэй цүнхийг бэлэглэсэн. Хожим Фүжимото “Ри Соль Жү үнэхээр сэтгэл татам хүн. Түүний хоолой маш уян зөөлөн, үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээн дурсаж байжээ.
40 жилийн түүхэнд байгаагүй анхны тэргүүн хатагтай
БНАСАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд 2018 оноос эхлэн Ри Соль Жүг “Хүндэт тэргүүн хатагтай” хэмээн нэрлэх болсон юм. Түүнээс өмнө 40 гаруй жилийн хугацаанд Пёньянд “Тэргүүн хатагтай” хэмээх гуншин огт ашигладаггүй байсан аж. Төрийн мэдээллийн агентлагууд өмнө нь Ри Соль Жүг “Ким Жон Уны эхнэр”, “нөхөр Ри Соль Жү” хэмээн бичдэг байж. Ри Соль Жүгээс өмнө хамгийн сүүлд 1974 онд Ким Ил Сон хоёр дахь эхнэрээ “Тэргүүн хатагтай” хэмээн өргөмжилж байсан аж.
Ажиглагчдын үзэж байгаагаар Ри Соль Жү бол Умард Солонгосын түүхэнд “Тэргүүн хатагтай” хэмээх үүргийг жинхэнэ утгаар нь гүйцэтгэж, улсын үлгэр жишээ, ээж, гэргийн байр суурийг илэрхийлэн олны өмнө нэр хүндтэйгээр гарч ирж буй хамгийн анхны эмэгтэй юм. Тэрбээр нөхрийнхөө дэргэд олны анхаарлын төвд явахдаа анхнаасаа л насандаа баймгүй намбалаг, тайван, энэрэнгүй дүр төрхтэйгөөрөө гайхагдаж ирсэн юм.
Тэр ч байтугай 2018 онд Ри Соль Жү Хятадын өндөр албан тушаалтнуудтай нөхрийнхөө зөвшөөрөл, оролцоогүйгээр уулзаж, ярилцаж байсан эрх мэдэлтэй нэгэн аж.
Дээд хэмжээний уулзалтуудад оролцож эрхэлдэг тэргүүн хатагтай
Ким Жон Ун 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахад Ри Соль Жү цуг байлцжээ. Энэ нь Умард Солонгосын түүхэнд дээд хэмжээний уулзалтад удирдагчийн эхнэр оролцсон хамгийн анхны түүхэн үйл явдал болсон юм. Хөх ордны тухайн үед мэдээлж байснаар тус уулзалт дээр Ри Соль Жү дуучныхаа хувьд өөрийгөө Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сүгтэй жишин адилтгаж, ойролцоо мэдрэмжтэй хэмээн итгэдгээ илэрхийлж байжээ. Түүнчлэн 2018 оны еспүгээр сард Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргийн хамт Пёньянд айлчлахад Ри Соль Жү чухал үүрэг гүйцэтгэж, тэдэнд хүүхдийн эмнэлэг, хөгжмийн их сургууль зэргээ танилцуулж байжээ.
Түүнээс гадна 2018 оны гуравдугаар сард Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахад Ри Соль Жү дагаж явсан билээ. Дараа жил нь Ши Жиньпин Пёньянд айлчлахад Ри Соль Жү мөн л чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Харьцуулж үзвэл, БНАСАУ-ын өмнөх удирдагчдын эхнэрүүд энэ мэтээр дээд хэмжээний уулзалт, айлчлал байтугай баярын арга хэмжээнүүдэд ч оролцдоггүй байсан юм.
Тэгвэл өмнөх удирдагчдын гэргий нараас онцгой эрх эдлэн “эрхэлж” буй Ри Соль Жү 2018 онд 36 дипломат арга хэмжээ, 2019 онд 10гээд нийтдээ 100 гаруй дээд хэмжээний уулзалт, олон нийтийн арга хэмжээ зэрэгт оролцож байжээ.
Үе үе сураг тасардаг нууцлаг эмэгтэй
Ри Соль Жү хамгийн сүүлд энэ сарын 16-нд нөхөртэйгөө хамт концерт үзэхийнхээ өмнө жил гаруй хугацаанд олны нүдэнд өртөлгүй сураггүй байсан юм. Үүний өмнө тэрбээр хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард цагаан сарын үйл ажиллагаанд оролцож байсныг нь хүмүүс харжээ.
Гэхдээ ийнхүү үе үе сураг тасардаг нь түүний хувьд тун энгийн үзэгдэл. Тэрбээр 2016 онд есөн сарын турш, 2017, 2019 онд тус тус дөрвөн сарын турш, “алга болж” байсан удаатай. Зарим эх сурвалжууд түүний ийнхүү үе үе сураггүй болдог байдлыг жирэмслэлттэй холбон тайлбарлах нь ч бий. Харин зарим эх сурвалжууд түүнийг эрүүл мэндийн асуудлаар үе үе гэртээ амардаг хэмээн таамагладаг. Харин Пёньяаны төрийн мэдээллийн агентлаг энэ тал дээр ямар ч мэдээлэл өгдөггүй аж.
Гурван хүүхдийн ээж
Сөүлийн тагнуулын албаны мэдээлж байгаагаар Ким Жон Ун, Ри Соль Жү нар нийт гурван хүүхэдтэй. Гэвч хүүхдүүдийн тухай мэдээлэл маш хомс аж. Ямартай ч 2010 онд төрсөн тэдний ууган хүүхэд нь хүү, 2013 онд төрсөн дунд хүүхэд нь охин, 2017 онд төрсөн отгон хүүхэд нь хүйс тодорхойгүй байгаа аж. Ким Жон Унтай хэд хэд уулзаж дотно нөхөрлөсөн сагсчин Деннис Родманы дурссанаар Ким Жон Уны охиныг Ким Жү Э гэдэг аж.
Ким Жон Уны хүүхдүүдийн талаар төрийн мэдээллийн агентлаг хэзээ ч мэдээлж байгаагүй. Ким Жон Ун ч өөрөө төрийн эрхийг атгахаасаа жилийн өмнө буюу 2010 он хүртэл маш нууцлаг байсан юм. Учир нь түүний эцэг Ким Жон Ил төр барьж байх хугацаандаа эхнэр, хүүхдүүдийнхээ тухай мэдээллийг нууцалдаг байсан билээ.
Эх сурвалж: WALLSTREETJOURNAL, BBC, YONHAP, SCMP.COM, REUTERS
Холбоотой мэдээ