Банкууд цар тахлаас хожоо гаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Банкууд цар тахлаас хожоо гаргаж эхэллээ

Банкууд цар тахлаас хожоо гаргаж эхэллээ

"Зуд болохоор нохой зоолно, зовлон учрахад лам баяжина" гэдэг шиг цар тахлаар хожоотой ажиллаж байгаа газар нь банкууд болж хувирав.

Учир юу вэ гэвэл, УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхээс өмнө Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар арилжааны банкин дахь харилцах хадгаламж, хугацаагүй хадгаламж хоёрт хүү бодогдохгүй болж, харилцагчид хохиролтой “тоглолт” эхлээд байна. Мөн тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцно.

Энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн дээрх заалт ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжинэ.

Хамгийн ноцтой нь, хадгаламж эзэмшигчдийн олонх нь банкинд хадгалуулсан хэдэн бор төгрөг нь өсч байгаа л гэж бодож суугаа. Банкууд өнөөдрийг хүртэл харилцагч руугаа утас цохин, анхны байгуулсан гэрээ нь мөрдөгдөхгүй болсныг дуулгаагүй л байна.

Өнгөрсөн онд арилжааны банкууд дахь хугацаатай хадгаламжийн жилийн хүү 12, хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 4-5, харилцах хадгаламжийн хүү 3 хувь байсан.

Төв банкны 2020 оны наймдугаар сарын статистик мэдээллээр арилжааны банкинд эргэлдэж буй хадгаламж эзэмшигчдийн 20 орчим их наяд төгрөгийн 11.76 их наяд нь хугацаатай хадгаламж бол 3.58 их наяд нь хугацаагүй, 4.64 их наядыг нь харилцах хадгаламж эзэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан дээрх хуулийн хэрэгжих хугацаа таван сар ч энэ хооронд арилжааны банкуудад том ашиг өгөх нь тодорхой болж буй.

Уг нь УИХ-ын даргын анх ярьж, Төв банк болон арилжааны банкуудад зааварчилснаар бол хадгаламжийн хүүг дагаад зээлийн хүү буурах механизм үйлчлэх ёстой байв.

Гэвч далан таваараа тавиулав уу, аль эсвэл анхнаасаа ийм яриа тохироо байв уу, зээлийн хүү буулгах төлөвлөгөө нь харилцан уялдсангүй.

Дээр нь энэ хуулийн хэрэгжих хугацааг УИХ хаврын чуулганаараа сунгачихвал хадгаламж эзэмшигчдэд илүү хохиролтой. Хүү бодогдож, арвижихгүйгээс хойш хадгаламжаа татсан нь дээр болж буй.

Харин татсан хадгаламжаа юунд хөрөнгө оруулж, өсгөх вэ гэхээр Монголд өнөөдөр энэ талын бизнес хөгжөөгүй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлчихвэл иргэд банкинд мөнгө хадгалуулах бус бирж дээр тоглолт хийж, хөрөнгөө өсгөх боломж бүрдэнэ гэж ярьдаг ч энэ нь өнөөдөр Монголд мөрөөдөл л төдий байна.

Иймээс ахиу хадгаламжтай нь үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хадгаламжийнхаа үнэ цэнийг хадгалах, бага хадгаламжтай нь ам.доллар худалдан авч, солилцоо хийн, ашиг унагах л гэсэн хоёр тоглолт хийхээс аргагүй болж буй юм.

Монголд зээлийн хүүг бууруулах шаардлага бий юу гэвэл бий. Эдийн засаг хүндэрсэн үед аж ахуй нэгжүүдэд хүү багатай зээл олгогдож байж, хэдэн сарын турш хаалгаа барьсан аж ахуй нэгжүүд бизнесээ үргэлжлүүлэхэд хүндрэл нь бага тусна. Гэвч найдлага өнөөдөр бага байгаа юм. Учир нь, Засгийн газар цар тахлын улмаас үгүй болсон 120 мянган ажлын байрыг эргэн сэргээх зорилго дор хоёр их наяд төгрөгийг ЖДҮ-д зарцуулах зорилт тавьсан ч эх үүсвэрийг арилжааны банкууд гаргах тул хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Зарим улстөрч энэхүү зээл нь арилжааны банкинд хамгийн ашигтай тусна ч гэж тодорхойлж байна.

Шалтгааныг тайлбарлавал, ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээл олгох эсэхийг банкууд шийднэ. Уг зээлийг төр гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжид хүргэхийн тулд зургаан хувийн хүүгийн дэмжлэгийг банкуудад олгох юм байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг банкаар дамжуулах болсон үндэслэлээ Засгийн газар үйлдвэрлэгчдэд хүргэх гэж тайлбарлаж буй. Гэвч өмнө нь ЖДҮ-ийг дэмжих зээлийг арилжааны банкаар дамжуулж үзсэн ч болзол, шаардлагыг нь хангадаг ЖДҮ эрхлэгчид олддоггүй. Эцэстээ ЖДҮ-д төлөвлөсөн зээл нь өөр бизнесийг дэмжихэд хөрөнгийн эх үүсвэрийнх нь эргэлт болж, банкинд ашигтай бизнес болж хувирдаг байсан аж.

Энэ ч шалтгаанаар Засгийн газар арга буюу ЖДҮ-ийг дэмжих зээлийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу буцаан татсан ч МАН-ын улстөрчдийн хамаарал бүхий компаниудыг тэтгэдэг сан болж, хувирсан.

Ер нь хяналт сайн тавихгүй л бол ЖДҮ-ийг дэмжих зээлийг жинхэнэ бизнес эрхлэгчдэд хүргэхэд ихээхэн хүндрэл учирч ирсэн гашуун туршлага байгаа юм. Дээр нь банкууд цар тахлын үеэр компаниудад зээл олгох нь эрсдэл өндөртэй ажил болж хувирсан учраас төрөөс батлан даалт гаргах зэрэг арга механизм ашиглах нь. Энэ тохиолдолд цар тахлаас хамгийн их хожоо гаргагчид нь банкууд л болох юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж