NBA-ийн 2020-2021 оны улирлын бүх оддын тоглолтын бүрэлдэхүүн бүрэн зарлагдлаа. Ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр Атланта хотод зохион байгуулагдах нэг өдрийн энэхүү арга хэмжээнд хоёр бүсийн шилдэг 24 тоглогч өрсөлдөнө.
Энэ жилийн бүх оддын тоглолтыг Леброн Жэймс болон Кевин Дюрант нар ахлах бол тэд доорх тоглогчдоос сонгож багаа бүрдүүлнэ.
Энэ жил Бостон Селтикс багийн Жэйлон Браун, Чикаго Буллс багийн Зак Лавине, Нью-Йорк Никс багийн Жулиус Рэндл, Нью-Орлеанс Пеликанс багийн Зайон Уильямсон нар анх удаа бүх одод болж байна.
Бүх оддын тоглолтын сэлгээний бүрэлдэхүүн зарлагдсантай холбогдуулан фэнүүд ч бухимдлаа илэрхийлэв. Тодруулбал, фэнүүд болон мэргэжилтнүүд Дэвин Бүүкер, Тре Ян, Домантас Сабонис, Майк Конли, Крис Миддлетон, Бэм Адебаёо нарыг бүх оддын тоглолтод сонгогдоогүйг дурамжхан хүлээн авчээ.
Леброн Жэймс ч твиттер хуудастаа “Дэвин Бүүкер бол бидний лигийн хамгийн үл хүндлэгдсэн тоглогч. Ийм л энгийн. Лиллард шиг л юм болж байна" хэмээн жиргэжээ. Девин Бүүкер энэ улиралд 24.7 оноо, 4.3 ашигтай дамжуулалт дунджилж байгаа бөгөөд баг нь өрнөд бүсийн дөрөвдүгээр байрт 20 хожил, 10 хожигдолтой жагсч байна.