Загвар өмсөгч, модель Ж.Энэрэл дэлхийн загварын ертөнцөд гялалзаж явна. Тэрбээр Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болжээ. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.
Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл. Авьяаслаг модель бүсгүй одоо 26 настай. Анх 2012 онд Монголд болсон ‘Face of Mongolia’ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд ‘Asia’s new star model contest’ тэмцээний II байр, ‘Miss Model of the World Mongolia’ тэмцээний I байр, ‘Miss World Mongolia’ тэмцээнд II байранд тус тус шалгарч байв.
Үндэсний үйлдвэрлэгч брэнд болох “Gobi Cashmere”, “Yamā brand”, “Mongol Brand”-ийн нүүр царай болохоос гадна “Английн “Harrods” сэтгүүлийн нүүрэнд, Америкийн “Seventeen” болон “Elle” сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож, ‘NYC Muse Model Management’, ‘MP Paris’, ‘MP Milan’, ‘MandP London’ агентлагуудад харьяалагдан ажиллаж байв. Мөн сүүлд тэрбээр “Alexandr McQueen”, “Hermes”, “Balenciaga” зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд голлох моделиор оролцжээ.
Ж.Энэрэл манай сайтад өгсөн ярилцлагадаа "Миний хувьд хэдхэн секундын хугацаанд дүрдээ хувирахыг боддог. Тэр мөч бол зөвхөн минийх. Жишээлбэл, загвар өмсөгч хүн янз бүрийн загварын хувцас өмсөөд, үсээ өөрчилж, нүүрээ будаад ирэхээр тэр хүн хувцсандаа тохируулж, дүрдээ хувирах ёстой болдог. Тайзан дээр алхах мэдрэмж бол маш гоё. Үнэхээр өөр мэдрэмж шүү" хэмээн ярьсан билээ.
А.СҮРЭН