Англичууд Дэвид Кэмеронд итгэл алдав

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

Англичууд Дэвид Кэмеронд итгэл алдав

 

Их Британи Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад гуравхан сар үлдээд байгаа энэ үед оффшор данстай холбоотой дуулиан шуугиан, гангийн үйлдвэрлэлийн хямрал зэрэг асуудал Ерөнхий сайд Дэвид Кэмероны суудлыг ганхуулж эхэллээ.

 

Дэвид Кэмерон, Даунин стрийтийн төлөөлөгчид Панамын баримтын талаар дөрвөн удаа албан ёсоор мэдэгдэл гаргасан ч тусыг эс болсон бөгөөд эцэст нь Ерөнхий сайд нь өөрөө Панам дах эцгийнхээ оффшор компанид хувьцаа эзэмшиж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Их Британийн Ерөнхий сайд үнэнээ хүлээвэл бүх зүйл зүгээр өнгөрнө гэж санасан ч талаар болсон аж. Сүүлийн нэг долоо хоногийн дотор Дэвид Кэмероны нэр хүнд ихээр унажээ. Баасан гаригт явуулсан олон нийтийн санал асуулгаар санал өгсөн иргэдийн 34 хувь нь ерөнхий сайдаа сайн ажиллаж байгаа гэсэн бол 58 хувь нь итгэхгүй байна гэж хариулжээ.

 

Өнгөрсөн хоёрдугаар сард яг ийм санал асуулга явуулахад үр дүн нь 39%, 53%-тай байсан юм.

 

Харин Дэвид Кэмероны нэр Панамын баримт дундаас гарч ирснээс хойш сөрөг хүчний Хөдөлмөрийн намын лидер Жереми Корбины нэр хүнд 25 %-30 % болж өссөн байна.

 

Сөрөг хүчний тэргүүн Дэвид Кэмероныг ирэх сард Лондонд болох гэж буй Авилгатай тэмцэх асуудлаарх чуулганаар авилгатай тэмцэх шинэ арга нэвтрүүлнэ гэж ярьж яваа ч өөрөө болохоор татвараас бултаж, татваргүй бүс дэх эцгийнхээ компанид хувьцаа эзэмшсэн гэж буруутгасан байна. Жереми Корбин мөн Дэвид Кэмерон Их Британийн иргэдийн итгэлийг алдсан гэсэн юм. 

 

Шотландын сайд Никола Старжен ч мөн сөрөг хүчинтэй санал нэгдсэн бөгөөд Дэвид Кэмероныг  одоо Консерватив намынхан нь хүртэл буруутгаж эхэлжээ.

 

Дэвид Кэмероны Засгийн газар мөн хямд ган экспортолдог Хятадтай худалдааны түншлэлийн гэрээ байгуулснаас болж дотоодын ган үйлдвэрлэгчдийн дарамт, шахалтанд ороод байгаа юм. Их Британийн ган үйлдвэрлэгч Тата стийл Их Британи, Уэльс дэх бүх үйлдвэрээ хаахад хүрвэл 15,000 хүн ажилгүй болно гэж мэдэгдээд байгаа юм.

 

Нөгөө талаар саяхан Нидерландад болсон бүх нийтийн санал асуулгын дүн Нидерландчууд ЕХ-Украины худалдааны гэрээг эсэргүүцэж, Евро бүсэд эргэлзэх хандлагатай байгааг харуулсан юм.

 

Их Британийг ЕХР-ноос гарахыг дэмжигчид Нидерландын санал асуулгын дүн ингэж гарсанд баяртай байгаа бөгөөд ирэх зургадугаар сард Их Британи ЕХ-ноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулгын дүн ч бас адилхан байна гэж таамаглаж байгаа ажээ.

 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж