Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр (2021.02.23) явагдлаа.
- Атлетико Мадрид 0 – 1 Челси
Энэхүү тоглолт Испанийн нийслэл Мадрид хотод зохион байгуулагдах байсан боловч орон нутгийн удирдлагууд хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэж, Румын улсын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тоглов.
Диего Симоне болон Томас Тухель гэсэн өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын тулаанд Челсигийн Тухель бүрэн илүүрхлээ. Тухайлбал, Челси багаараа нийт 11 цохилт хийснээс 5 нь хаалга оносон бол Атлетико Мадрид 6 цохилт хийснээс нэг нь ч хаалгаа оноогүй байна. Мөн Челси 64 хувьтай бөмбөг эзэмшсэн бол Атлетико Мадрид 36 хувьтай бөмбөг эзэмшчээ.
Тоглолтын цорын ганц гоолыг Челсигээс франц довтлогч Оливье Жиру оруулж, багтаа ялалт авчрав. Тэрбээр энэ улиралд УЕФА Аваргуудын лигт зургаан гоол оруулаад байна.
Томас Тухель УЕФА Аваргуудын лигийн анхны тоглолтдоо хожсон Челсигийн гурав дахь дасгалжуулагч боллоо. Түүнээс өмнө Роберто Ди Маттео, “гал унтраагч” Гус Хиддинк нар Челсиг дасгалжуулсан анхны тоглолтдоо хожиж байв.
- Лацио 1 – 4 Байерн Мюнхен
Аваргууд Италид зочилж, Лациог талбайд нь 4-1 гэсэн харьцаатай хожив. Германы багаас Роберт Левандовски, Жамал Мусиала, Лерой Сане нар гоолдож, Францеско Асерби өөрийн хаалгандаа гоол оруулжээ. Харин талбайн эздээс Жоаквин Корреа багийнхаа ганц гоолыг оруулж, хариу тоглолтын ачаанаасаа бага ч атугай багасгав.
Жамал Мусиала УЕФА Аваргуудын лигт хамгийн залуудаа буюу 17 нас 363 өдөртэйдөө гоол оруулсан англи тоглогч болжээ.
Байерн Мюнхен УЕФА Аваргуудын лигт хийсэн сүүлийн 18 тоглолтдоо ялагдаагүй явна. Мөн тус багийн Польш довтлогч Роберт Левандовски өчигдөр УЕФА Аваргуудын лигийн 72 дахь гоолоо оруулж, Реал Мадридын домогт довтлогч Раулыг гүйцжээ.
Дээрх багуудын хариу тоглолтууд ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр явагдана.
Холбоотой мэдээ