Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо (ОББҮХ)-ны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар, бусад албаны хүмүүс өчигдөр уулзаж, нүүрс баяжуулах шинэ үйлдвэр барих ажлын явцын талаар санал солилцжээ.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2) болон эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг багасгах өндөр ач холбогдолтой юм.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх юм байна.
Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологи нэвтрүүлснээр нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85, үнслэгийн хэмжээг 18 хувь хүртэл багасгахаар тооцоолж, энэ онд багтааж ашиглалтад оруулах юм.
“Тавантолгой түлш” ХХК Тавантолгойн орд газрыг түшиглэн, нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавьжээ.
Б.ЖАРГАЛ