Нийслэлд тогтоосон 12 хоногийн хөл хорио өчигдөр (2021.02.23)-өөс дуусч, хөл хорионы дэглэмийг сулруулаад буй. УОК-ын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувь үйл ажиллагаагаа нээсэн тул мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 538 улсын байцаагч өчигдөр 2183 аж ахуйн нэгжид хяналт тавьж, мэдэгдэл хүргүүлжээ. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушийн хэлснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөн байна. Харин Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гаргажээ.
Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдэд Covid-19-өөс сэргийлэх 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журмын мэдэгдэл хүргүүлсэн. Бид аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт явуулахаас илүүтэй халдвар хамгааллын дэглэм сахиулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Хөл хорионы дэглэмийг өчигдрөөс сулруулсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа нээсэн. Аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангасан тул зөрчил гараагүй.
Үсчин, гоо сайхны газрууд олон хүний бөөгнөрөл үүсгээгүй, хүн хоорондын зай барьсан, амны хаалт, нэг удаагийн бээлийний нөөцтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөн. Харин Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарлаа. Иймд зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэв.
Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвийн гадна өчигдөр (2021.02.23) "Бүх бараа 1999 төгрөг" гэсэн хямдралтай худалдаа зарласны улмаас иргэд бөөгнөрсөн тухай мэдээлэл гарсан билээ.
НМХГ-аас мэдээлснээр, тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг, 13 дугаар хороолол, “Хулан уул” ХХК-ийн Efes 13 дугаар салбарын хоёрдугаар давхарт талбай түрээслэгч иргэн П.Баярбат УОК-ын даргын түр журмыг зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр түрээсийн гэрээгээр талбай түрээслэн, хувцасны худалдаа эрхэлдэг ба УОК-ын даргын Сovid-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах түр журмыг зөрчиж, олон хүний бөөгнөрөл үүсгэжээ.
Иймд НМХГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Иргэдийн бөөгнөрөл үүссэн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Б.ЦЭЦЭГ