Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

Хүний эрх ноцтой зөрчсөн ОХУ-д хориг тавилаа

ОХУ-ын засаг захиргааг шүүмжлэн Кремль, Путиныг эсэргүүцэгч, сөрөг хүчний хамгийн том төлөөлөл болсон Алексей Навальный өнгөрсөн жил хордож, Германд очин эмчлүүлсэн билээ. Түүнийг эмчилгээ хийлгэж байх хооронд Оросын эрх баригчид Навальныйн тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүйг сануулж, яаралтай эргэн ирэхийг шаардсан юм. Тухайн үед Навальный эмчилгээ дуусаагүй гэх шалтгаанаар нутаг буцаж чадаагүй билээ.

Энэ жилийн эхээр Навальный эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэн тул ямар ч аюулыг үл тоон нутаг буцахаа амласан. Гэвч Москвад онгоцноос буумагц нь цагдаа нар түүнийг баривчилсан юм. Тухайн үед Навальныйг онгоцны буудал дээр тосон авсан дэмжигчид нь цагдаа нартай мөргөлдсөнөөс хойш Оросын бараг бүх хотод эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган хүн баривчлагдан, Москвагийн бүх шоронгийн камер жагсагчдаар дүүрсэн билээ.

Навальныйг тэнсэн харгалзах ялын хугацаандаа хил давж “зугтсан” хэмээн хорихоос гадна өнгөрсөн жил Путины Үндсэн хуулийн өөрчлөлтийн сурталчилгааны бичлэгт оролцсон ахмад дайчныг гүтгэн доромжилсон хэргээр өнгөрсөн долоо хоногт шүүх хурал зохион байгуулагдав. Улмаар Навальныйг гэм буруутай хэмээн үзэж, хоёр жил, зургаан сар хорих, 850 мянган рублиэр торгох тогтоол гарсан юм.

ЖО БАЙДЕН ОХУ-ЫН ЭСРЭГ ХАМГИЙН ТОМ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Болж буй үйл явдалтай холбоотой эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Навальныйг хордуулсан, шоронд хорьсон хэрэгт хариу барин Европын холбоотой хамтран хориг арга хэмжээ төлөвлөж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп анх Навальныйг хордсоны дараахан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөгөө боловсруулж байсан ч хэрэгжүүлээгүй. Харин Жо Байден дээрх төлөвлөгөөг үргэлжлүүлэн боловсруулж хэрэгжүүлэхээр шийджээ.  Түүнчлэн тус хориг арга хэмжээ нь хүний эрхийг дээдлэн, уг зарчмаа гадаад орнуудад ч баримтлуулна хэмээн амласан Байден, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын хамгийн чухал гадаад бодлогын эхний том алхам юм.

Чухам ямар хориг арга хэмжээнүүд авахаар төлөвлөж буй талаар нарийн мэдээлэл одоогоор байхгүй ч баттай эх сурвалжуудын мэдээлснээр Байден ОХУ-ын эсрэг гурван ч төрлийн хориг арга хэмжээ авах аж. Үүнд Навальныйг буруутган шийтгэл хүлээлгэсэн холбогдох хүмүүст хүний эрх зөрчсөн хэмээн Магнитскийн хуулийн дагуу хориг, Навальныйг хордуулсан хэмээн 1991 оны хими, биологийн зэвсгийн хяналт, дайнаас сэргийлэх тухай хуулийн дагуу хориг, жагсагчдын эсрэг хүч хэрэглэснээс болж 13382 дугаартай тушаалын дагуу хориг арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Оросын зарим албан тушаалтнуудын визийг хураах, зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий эдийн экспортоо зогсоох зэрэг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байсан аж.

Дональд Трамп төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бодолгүй байсан бөгөөд тэр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс шууд хамааралтай хэмээн зарим эх сурвалжууд үзэж буй юм. Харин Жо Байден тус төлөвлөгөөг ажил хэрэг болгохоор шийдсэн бөгөөд Трампын төлөвлөж байсан хориг арга хэмжээнүүдийг сайжруулан засварлаж байгаа аж.

ЕВРОПЫН ХОЛБОО ДАХИН ДӨРВӨН ХҮНД ХОРИГ ТАВИЛАА

Кремлийг эсэргүүцэгч Алексей Навальныйг шоронд хорьсных нь төлөө Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Европын холбооны гадаад хэрэг хариуцсан албаны дарга Жосеп Боррелын хэлснээр Европын холбооны 27 гишүүн орны Гадаад хэргийн сайд нар энэ сарын 22-нд Брюссельд хуралдан, “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах” асуудал дээр санал нэгдсэн байна. Улмаар анх удаа Европын холбооны Магнитскийн хуулийн дагуу ОХУ-ыг хүний эрх ноцтой зөрчсөн хэмээн үзэж, хориг арга хэмжээ авахаар шийджээ. Брюссельд болсон хурлын дараа Жосеп Боррел “Орос авторитар дэглэм рүү эрчимтэй ойртож буйд олон улс санал нэгдэж байна” хэмээн хэлжээ.

Харин хариуд нь ОХУ-ын Гадаад хэргийн яам “Европын холбооны шийдвэр урам хугалж байна. Түүнчлэн тус хоригоос болж Оросын ард түмэн нэг талыг барьсан утгагүй шийдвэрээс болж хохирч байна” хэмээн мэдэгджээ.

Европын холбоо өнгөрсөн оны аравдугаар сард Навальныйг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын Төрийн удирдлагын шинжлэх ухааны хүрээлэнгийн зургаан албан тушаалтанд хориг тавьсан билээ. Шинэ шийдвэрийн дагуу дахин дөрвөн хүнд хориг арга хэмжээ авахаар болсон байна.

Үүнд ноцтой гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж, шууд Путинд мэдээлдэг Александер Бастрикин, өнгөрсөн жил ОХУ-ын ерөнхий прокурор болсон Игор Краснов, 2018 оны есдүгээр сард удаа дараа Навальныйг олон нийтийн өмнө ил заналхийлж байсан Оросын үндэсний гвардын удирдагч Виктор Золотов, холбооны шоронгийн дарга Александер Калашников нар багтжээ.

Боррелийн хэлснээр хориг арга хэмжээ энэ долоо хоногт хэрэгжиж эхлэх аж.

Эх сурвалж: REUTERS, RT, POLITICO, TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж