Улс төрөөр амьсгалсан аагим халуун өдрүүд

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Улс төрөөр амьсгалсан аагим халуун өдрүүд

Өнтэй зуны өнгө төрх алагтай цоогтой байна. Монгол нутагт бороо хур жигдэрч, цэцэг ногоо дэлгэрч, “тэнгэрийн муухай арилдаг…” гэдэг боллоо. Харин хорвоо ертөнцийн энд тэнд гангийн халуу шатаж, усны үер шаагиж, далайн салхи нүргэлэн байна. Пакистанд үер бууж, 14 сая хүн хохирол амслаа. Дэлхийн цаг уурын өөрчлөлт хэрхэн өөрчлөгдсөнийг энэ зуны тэнгэрийн ааш араншингаас шууд мэдэрч болно. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалт ирэх сард болно. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор зэхэж байна. Харин олон улсын улс төрийн үйл явдлын хувьд нэлээд намуухан байдаг зуны дунд сар билээ. Гэтэл энэ жил дэлхийн хэмжээний томоохон үйл явдал гэхээсээ шуугиан тарьсан мэдээлэл, хэрүүл маргаан, дайн мөргөлдөөн, урлаг соёлын их наадам ихтэй зун боллоо.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА ИДЭВХТЭЙ, ҮР ДҮНТЭЙ

 Энэ зуны мэдээ, мэдээллийн үндсэн сэдэв нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын үйл явдлын тухай байгаа нь онцлогтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол баатруудын нэг нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар  байлаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн товчооны захирал ноён  Ажей Чиббер манай оронд айлчлан Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай хэлэлцээ хийж, Их хурлын даргад бараалхсан юм. Тэрбээр НҮБ-ын хүрээнд Монгол Улс болон бусад талын гадаад бодлого үйл ажиллагааны тухай өргөн дэлгэр яриа өрнүүлжээ.

Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгэн чухал, үр ашигтай  хэсэг нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй, олон улсын тавцанд дахь нэр хүндэд ч чухал болохыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэмдэглэв. Удахгүй  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган болно. Энэ үер Монгол улс улам өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа өрнүүлэхээр зэхжээ. Даяаршлын үеийн олон улсын харилцаанд НҮБ мэтийн олон улсын томоохон байгууллагын үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэх учиртай. Тийм хандлага гарч байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж монгол ардын сайхан  үг бий.  Урьдчилан таамаглах аргагүй байгалийн гамшгийн нэг болох газар хөдлөлтийн аюулыг амссан Хятадын Юйшү тойргийн 60 хүүхэд Монгол оронд ирж амарлаа. Тэднийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хүлээн авсан уулзалт олон улсын сэтгүүлчийн сэтгэлд их дотно байсныг уншигч танд хүргэе гэж бодсон юм. Айл хөрш оршдог Монгол, Хятадын ардын хүүхдүүдийн найзархаг, бие биенээ хүндэтгэх сэтгэл их үйлсийн шимт хөрс шүү. Үй олноороо үрэгдсэн хүмүүний гай зовлон уран бүтээлчийн зүрхийг зүсээд гардаг. Хятадын ард түмэнд зориулж Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч П.Хаянхярваа бид хоёр  олон улсын нэгэн хуралд хамт суусныхаа дараа “Монгол түмний сэтгэл” гэсэн дуу зохион дуулуулж билээ.

ГАЛ ТҮЙМРИЙН ГАЙ, ГАМШИГ

Монгол Улсын хойд их хөрш Орос оронд ойн түймрийн гамшиг нүүрлэсэн өдрүүд үргэлжилж байна. Гантай зуны гаслам халуунтай, гал түймрийн халуун нийлэхээр юу болох нь мэдээж. Орос орны 83 мужид ой, хээрийн түймрийн голомт улайсч байна.
Гал түймрээс гарсан эд хөрөнгийн хохирлыг тооцохоо болиод хохирсон айл өрхийг хэдэн мянгаар нь тоолох боллоо. Гамшигт нийт тавь гаруй хүн амь үрэгдэж, 10 сая орчим хүн нэрвэгджээ. Ойн түймэр оргүйгээс гарна гэж бараг үгүй, хүний буруутай үйл ажиллагаа байдаг. Түүнийг тооцох нь зүйн хэрэг.
Дэлхийн том хотоохон хотын нэг 10 сая гаруй хүнтэй Москва утаа униарт умбаж, хүн амьсгалахад бэрх боллоо. Том гүрэн хүн хүч, машин техник олон байвч аюулыг дарж чадахгүй удлаа. Энэ бас өөр бусдад сэрэмжтэй, сэтгэлтэй байхыг сануулж буй хэрэг.

АМЕРИКИЙН  ЦЭРЭГ ИРАКААС ГАРНА

АНУ-ын  Ерөнхийлөгч ноён Барак Обама Америкийн цэргийг Иракаас татна гэсэн мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Энэ бол хэн хүний хүлээж байсан шийдвэр. Тэгсэн  цагт Иракийн дайныг дууслаа гэж болох юм. Яаж мэдэх вэ тэнд иргэний дайн залгаж ч болох л юм. Америкийн Ерөнхийлөгч цэрэг зэвсгийн асуудлыг иракчуудын мэдэлд үлдээнэ. Харин сэргээн босгох ажилд америкчууд оролцоно гэсэн утгатай мэдэгдэл хийлээ. Иракт одоо АНУ-ын  65 000 цэрэг байрлаж байгаа тул тийм ч амар гараад явчихгүй байх. Цаг хугацаа ч хэрэгтэй биз. Америкийн цэргийн хэсэг Иракт хэчнээн их хохирол амссан билээ. Иракийн дайн дэлхийн хүн ардад их зүйлийг ухааруулсан биз.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙН АЮУЛЫГ ХҮМҮҮН ТӨРӨЛХТӨН
МАРТАХ ЁСГҮЙ

Аагим халуун наймдугаар сарын эхний өдрүүдэд хүмүүн төрөлхтөн нэгэн аюулыг санан сэрэмжлэх учиртай. Тэр бол Америкийн Японы Хирошимо, Нагасаки хотын дээрээс атомын бөмбөг хаяж, асар их гай тарьсан аймшигт явдал. Хүний оюун санаа тийм аюултай зэвсэг хийж бүтээгээд хүн төрөлхтөний эсрэг хэрэглэсэн түүхтэй. Энэ бол аюулын эхлэл, зэр зэвсгийн шинэ төрлөөр уралдан тэмцэлдэхийн эхлэл, бүх нийтээр онц сэрэмжтэй байхын эхлэл байлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Гарри Трумэн атомын зэвсгийг турших, тэгэхдээ бүр ЗХУ Японы эсрэг довтолгоогоо эхлэхээс өмнө хэрэглэх хэрэгтэй гэж үзжээ. Атомын бөмбөг үйлдвэрлэх төслийн удирдагч генерал Гровс, гардан хэрэгжүүлэгч профессор Оппенгеймер нар томоохон хотууд дээр турших санал тавин зүтгэж байжээ. Тэд Японы Кокура, Хирошимо, Нийгата, Киото хотуудыг  санал болгосон байна. Улмаар түүхийн дурсгалт Киото хотыг хасч, Нагасакиг нэрлэжээ. Ингээд 1945 оны наймдугаар сарын 6-нд  Хирошимо хотын дээрээс 5000 метрийн өндрөөс америкийн армийн хурандаа-нисгэгч Тиббетс “Б-29” нисэх онгоцноос  “Жаал хүү” хэмээн өхөөрдөн нэрлэсэн атомын бөмбөгийг хаяжээ. Тэр бөмбөг асар их гай гамшиг тарьж, 140 гаруй мянган хүн үрэгдсэн бөгөөд үр дагвар нь үеийн үед үлджээ. Хирошимогоос гуравхан хоногийн дараа америкийн армийн хошууч-нисгэгч Суйни мөн тийм нисэх онгоцоор “Бүдүүн эр“ хэмээн нэрлэсэн  плутонийн цэнэгт атомын бөмбөг тээн,  Японы Кокура, Нагасака хотыг чиглэн нисчээ. Кокура хотын дээгүүр өтгөн манатай байснаас дээгүүр нь хэд хэд эргэлдээд үхлийн ачаагаа Нагасакийн дээр хаяад буцсан аж.  Кокура хотыг байгалл дэлхий өөрөө аварсан ийм түүхтэй. Харин Нагасакид 70 мянган хүн амь үрэгдэж, тоолж барамгүй гай зовлон учруулсан юм. Хүмүүн төрөлхтөн ийм аюул, гай зовлонгоос үеийн үед  сэрэмжилж, хэзээ ч давтуулахгүй байх учиртай.

У.ЧАВЕС АНУ-ЫН ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИЙГ ТААЛСАНГҮЙ

Венесуэлийн Ерөнхийлөгч У.Чавес АНУ-аас тус улсад суух Элчин сайдаар  нэр дэвшсэн Л.Палмерыг өөр хүнээр солихыг шаардсан мэдэгдлийг өнгөрсөн ням гарагт хийжээ. Л.Палмер ойрмогхон АНУ-ын Сенатад үг хэлэхдээ Венесуэлийн цэргийнхний мэргэжлийн болон сэтгэл санааны бэлтгэлийг тааруухан үнэлсэн байна. Тэрбээр Венесуэлийн эрх баригчид болон Колумбын зэвсэгт дайчдын хооронд хэлхээ холбоо байх магадлалтай тухай ярьжээ.

ӨМНӨД СОЛОНГОС УМАРДААС ХӨЛӨГ ОНГОЦОО ЧӨЛӨӨЛӨХИЙГ ШААРДАВ

Өмнөд Солонгосын эрх баригчид умардынхны саатуулсан загас агнуурын хөлөг онгоцыг суллахыг шаарджээ. Умард Солонгосын эрх баригчид уг хөлөг онгоцыг тус улсын эдийн засгийн хил хязгаарыг зөрчсөн гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын цэргийнхэн Япон тэнгист цэргийн сургуулилт хийснээс хойш хоёр орны харилцаа хурцадмал хэвээр байгаа юм.

ХЯТАДАД ЦАХИЛГААН ХҮРЭЛЦЭЭГҮЙГЭЭС 2000 ГАРУЙ ҮЙЛДВЭР ХААЛГАА БАРИНА

Хятадад энэ оны эцэс гэхэд цахилгаан эр­чим хү­чийг үр ашиггүй зар­цуул­даг, хүрээлэн буй орч­ныг бохирдуулдаг 2087 үйлд­вэрийг хаахаар болжээ. Хята­дын эдийн засаг тун эр­чимтэй хөгжсөний улмаас ца­хилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулах тухай таван жилийн төлөвлөгөө бие­лээгүй байна. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас зарим үйлдвэрийн газрыг  хаах шийдвэр гаргахад хүр­чээ. Энэ шийдвэрт гол төлөв цемент, ган, хөнгөн цагаан, коксжих нүүрс, цаасны үйлд­вэрүүд багтсан аж. Таван жилийн төлөвлөгөөнд ца­хилгаан зар­цуулалтыг эдийн засгийн салбар бүрт 20   хувиар бууруулахаар тус­гасан байж. Гэтэл 2010 оны эхний хагас жилийн дүнгээр цахилгаан зарцуулалт 0.09 хувиар өсчээ.

Б.ДАШЗЭВЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж