“Accelerator Lab” Монгол Улсад нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

“Accelerator Lab” Монгол Улсад нээлтээ хийлээ

Дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд илүү хурдтай, хувьсамтгай, нарийн түвэгтэй болж, шийдлүүд тэр хирээрээ илүү цогц, инновацлаг, бодитой байх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл XXI зуунд хөгжлийг шинээр дахин төсөөлж, тодорхойлох шаардлага үүслээ.

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Accelerator Lab”-ийн нээлтээ хийж, дэлхийн 116 оронд үйл ажиллагаагаа явуулж буй сүлжээний хамгийн отгон гишүүдийн нэг боллоо. “Хурдтай бас сониуч” хэмээх уриатай “Accelerator Lab”-ууд нь хөгжлийн сорилтуудыг системийн судалгаа болон туршилтад үндэслэн шийдвэрлэдэг шинэлэг арга барилуудыг түншүүддээ бий болгож өгөх зорилготой аж.

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хямрал, газрын доройтол, тэгш бус байдал болон дижитал шилжилт зэрэг нь Монгол Улсын өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг хэсэг болж байна. Түүнчлэн Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн уршигт нөлөө тэгш бус байдлыг улам нэмэгдүүлээд зогсохгүй Тогтвортой Хөгжлийн Зорилгууд 2030 (ТХЗ)-д хүрэхэд гаргаж буй Монгол Улсын ахиц дэвшлийг удаашруулах, мөн цаашид ухраах хэмжээний эрсдэл бий болгоод буй.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Accelerator Lab” төрийн үйлчилгээнд хийгдэж буй дижитал шилжилтийг тэргүүлэх сорилт хэмээн авч үзэж буй бөгөөд илүү оролцоотой, инновацлаг шийдэл бий болгохоор түншүүдтэйгээ хамтран ажиллах ажээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох дижитал засаглалыг ТХЗ-уудын хүрээнд дэмжиж ажиллах юм байна.

“ТХЗ-уудыг 2030 он гэхэд бүрэн биелүүлэхэд ердөө есөн жил үлдээд буй энэ онцлох мөчид “Accelerator Lab” Монгол Улсад нээлтээ хийж байгаа нь чухал ач холбогдолтой. Бид илүү хурдтай, илүү сайнаар мөн урьд өмнө нь байгаагүй илүү өргөн цар хүрээтэйгээр Монгол Улсыг дэмжин ажиллахын тулд бодлогын бөгөөд хэрэгжилтийн түвшний одоогийн арга барилуудаа өөрчлөн ажиллах юм” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нээлтийн үгэндээ онцоллоо.

НҮБХХ Монгол Улсын өмнө тулгамдаад буй сорилтуудыг системийн сэтгэлгээний аргачлалаар тодорхойлж, шийдэх салбар салбарын төлөөллөөс бүрдсэн Зөвлөх хороог өнгөрсөн онд байгуулсан. Хамтын шийдэл дээр суурилсан  энэхүү санаачлагыг (Sensemaking) “Accelerator Lab” цаашид улам өргөжүүлэн ажиллах ба энэ нь дотоодод буй инновацыг нээж, дэмжиж, өргөжүүлснээр хөгжлийн цогц шийдлүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд НҮБХХ-д дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрыг иргэн бүрдээ чанартай, оролцоотой боловсрол олгох мөн ядуурлыг бууруулах, тогтвортой амжиргааг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм.

“2020 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар дижитал шилжилтийг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийнхээ нэг болгон ажиллаж байгаа ба төрийн үйлчилгээнд дата болон технологид суурилсан инновац нэвтрүүлж төрийн үйлчилгээний хариуцлага болон ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх юм” хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ.

“Accelerator Lab-ууд нь хөгжлийн шийдлийн дараагийн цоо шинэ үе болох боломжтой. ХБНГУ нь НҮБХХ болон хөгжлийн нарийн төвөгтэй, уялдаа холбоотой сорилтуудад шийдэл гаргах чухал зорилгыг нь тууштай дэмжигч байсаар байх болно” хэмээн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг хэллээ.

  • НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

НҮБХХ-ийн Accelerator Lab-ийн сүлжээ нь Африк, Ази, Номхон далай, Зүүн Европ, Латин Америк болон Карибын орнууд зэрэг дэлхийн 116 оронд үйл ажиллагаа явуулж буй 92 багаас бүрддэг. Accelerator Lab нь хөгжлийн сорилтуудыг дотоодын инновац, хамтын ухаалаг шийдэл болон туршилтанд үндэслэн шийдвэрлэхэд зориулсан шинэлэг арга барилуудыг түншүүддээ бий болгож өгөх зорилготой юм. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Катарын Хөгжлийн Сан болон НҮБХХ-ийн үүсгэн байгуулагч түншүүд нь “Accelerator Lab” сүлжээг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагчид юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж