"100 орчим мянган төгрөгөөр жилийн заслаа хийлгэдэг"

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

"100 орчим мянган төгрөгөөр жилийн заслаа хийлгэдэг"

"100 орчим мянган төгрөгөөр жилийн заслаа хийлгэдэг"

Цөөвөр хэмээх цагаагчин төмөр үхэр жил гарч, айл хотлоороо жилийнхээ өнгийг даатган, засал номоо хийлгэж байна. Монголчууд шинийн 15-нд багтан ном уншуулж, засал хийлгэснээр тэр жилдээ сайн явна гэж үзэх нь бий. Тиймдээ ч Цагаан сарын дараа сүм хийдүүд хөл хөдөлгөөн ихтэй байдаг.

Нийслэл хотод хатуу хөл хорионы дэглэм өчигдөр (2020.02.23)-өөс суларч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор сүм хийдэд засал номоо хийлгэж яваа сүсэгтэн олон цөөнгүй тааралдав. Энэ удаа Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ. 


Хатуу хөл хорио суларч, Гандантэгчэнлин хийдэд жилийн заслаа хийлгэхээр цөөнгүй иргэд цуглажээ. Тэдний ихэнх нь ахмад настан байлаа. Өдийд хурал ном бичдэг жижиг шар дуганг тойроод сүсэгтэн олон урт дараалал үүсгэдэг байв. Энэ жил хөл хориотой холбоотойгоор тийм дүр зураг харагдсангүй.

Жилийнхээ заслыг хийлгэх хүсэлтэй иргэд номоо бичүүлээд, оочер дараалалгүйгээр хажуугийн дуганд уншуулж байлаа. Шар дуганы гадна талд нэг зохицуулагч ажиллаж, иргэдийг олноор нэг дор орохгүй байх шаардлага тавьж зогсоно. Хаалга болгон дээр хүн хоорондын зайг баримталж, амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хурлын дуганд удаан суухгүй байх, бээлий өмсч, хүрд эргүүлэх шаардлагыг байрлуулжээ. Иргэдийн хувьд ч тавьсан шаардлагын дагуу үйлчлүүлж байгаа харагдав.

Ахмад настан С.Лхагваа “Би өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд заслаа хийлгэж, ном уншуулахаар ирж байна. Хүмүүс ихэвчлэн цахимаар заслаа хийлгэчихсэн байх. Хөгшчүүд бид тийм юм ашиглаж чадах биш. Тийм болохоор өөрийн биеэр ирж, ном уншуулж, заслаа хийлгээд, сүсэглэхээр ирлээ. Манай гэр бүл жил бүр Алтанганжуур ном уншуулдаг. Шинийн 15-нд багтаж бүх ном заслаа хийлгэхийг боддог” хэмээн ярилаа.

Хүмүүс жилийн засал, суудал, харш жилийн гэх мэт заслаа хийлгэхээс гадна Жанрайсаг бурханд мөргөж, хүрд эргүүлж, хүслийн модонд хүслээ шивнэнэ. Гандантэгчэнлин хийдийн хувьд засал номын тариф тогтоосон байдаг бөгөөд харьяа дацангуудад тодорхой тарифтай үйлчилдэг.

Үнийн хувьд 500, 1000, 1500, 5000, 10000, 20000 төгрөгийн үнэтэй байв. Хамгийн үнэтэй ном нь Алтанганжуур бөгөөд 20000 төгрөгийн үнэтэй ажээ. Зарим иргэн жилийн засал болдог гэх Алтанганжуур номыг бичүүлэх гэж байгаагаа хэлж байв.

“Сүм хийдүүд өнөөдрөөс нээгдэж байгаа болохоор цөөнгүй хүмүүс тухайн жилийнхээ заслаа хийлгэж, ном уншуулж байна. Миний хувьд шинийн 15-ндаа багтаж, заслаа хийлгэхээр өнөөдөр Гандан ороод явж байна. Оочер дараалал бага байгаа учраас хүн олноор бөөгнөрсөн юм алга. Манайх 12 ам бүлтэй. Гэр бүлийнхээ гишүүдийнхээ заслыг хийлгэхээс гадна бурхан болсон хүмүүстээ маанийн ерөөл уншууллаа. Бас Алтанганжуур номоо уншуулж, өрх гэрийн заслаа хийлгэлээ. Ойролцоогоор 100 орчим мянган төгрөг орлоо. Хөл хорионы үеэр зурагтаар гарсан хурал номыг даган баяссан. Өнөөдөр өөрийн биеэр ирж, сүсэглээд явж байна” хэмээн Н.Цэрэндорж хэллээ.

Сүм хийдээр иргэд харьцангуй бага үйлчлүүлж байгаа ч нэг хүн хамгийн багадаа гурван ном уншуулж байгааг лам нар хэлж байв. Ахмад настан Р.Нямдаваа “Өнөөдрөөс сүм хийдүүд ажиллаж эхэлсэн. Иргэдийн оочер дараалал байхгүй байна. Миний хувьд зурагтаар ном уншихаар нь даган баясахаас гадна өнөөдөр өөрийн биеэр ирж, заслаа хийлгэлээ. Би гэр бүлийнхэндээ 10 гаруй ном уншуулж, Алтанганжуур хурууллаа. Хурлын дуган дотор 5-6 хүн суулгаад, 10 минут болгоод л гаргаж байна” гэлээ.

Гандантэгчэнлин хийдийн хувьд хөл хориотой холбоотойгоор My.gandan.mn цахим хуудсаар засал хийж байна. Тодруулбал, цахим сайт руу нэвтрэн, өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.

Зурхайчдын хувьд жилийн ерөнхий төлвийг Залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу. Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна” хэмээж байгаа билээ.

“100 ОРЧИМ МЯНГАН ХҮН ХУРАЛД ДАГАН БАЯСЧ, ЦАХИМААР ЗАСЛАА ХИЙЛГЭСЭН”

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хатуу хөл хорио суларч, өнөөдрөөс сүм хийдийн үйл ажиллагаа нээгдэж байна. Гандантэгчэнлин хийдийн хэдэн дуганд сүсэгтэн олны заслыг хийж, ном хурж байна вэ?

-XVII жарны 35 дахь он цагаагчин төмөр үхэр жилийн сар шинийн хурал уламжлал ёсоороо үргэлжилж байна. Өнөөдөр шинийн 11-ний их ерөөл хурж байна. Шинийн 1-нээс 15-ны хооронд хүрээ хийдэд их ерөөл хурдаг. Өнөөдөр 14.00 цагаас Батцагаан дуганд нийт лам хуврагууд цуглан, их ерөөл хурна. Өглөө 09.00 цагаас эхлэн 12 салбар дацан болон гурван дуганд сүсэгтэн олны засал, зан үйлийг хурж байна. Мөн 21 дарь эхийн насны бүтээлийг шинийн 15-ныг хүртэл хурна. Иргэд аль ч хурал номд даган баясаж, үнэ төлбөргүй суух боломжтой.

-Сүм хийдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байна вэ?   

-Сүм хийдээр үйлчлүүлж буй сүсэгтэн олонд дөрвөн шаардлага тавьж буй. Сүсэгтэн олон 1.5-2 метрийн хүн хоорондын зайг барих, амны хаалт зүүх, олноор цугларахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийх шаардлагатай. Нэг өрөөнд хоёр цагийн зайтай агааржуулалт хийж байгаа.

Өнгөрсөн хугацаанд хөл хориотой байсан учраас гаднаас нэг ч хүн оруулахгүй, лам хуврагууд хурал номоо хурж байсан. Сүсэгтэн олон засал номоо биеэр ирж хийлгэхээс гадна Гандантэгчэнлэн хийдийн цахим хаягаар хандаж, номоо уншуулах боломжтой.

-Сар шинийн баярын дараагаар хэчнээн хүн цахим хаягаар хандаж, засал номоо хийлгэсэн бэ?

-Сар шинийн баяраас хойш 100 орчим мянган хүн хуралд даган баясч оролцсон байна. Иргэд хүрээ хийдэд ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, шинийн 15-ны хурлаа өндөрлөвөл зүйтэй. Хөл хорионы өдрүүдэд 250 лам ном хурж байсан. Цаашид нутагтаа байгаа лам нар ирэх байх.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж