Эмнэлгүүд яаралтай тохиолдолд PCR-ийн бичиггүй шууд хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд яаралтай тохиолдолд PCR-ийн бичиггүй шууд хүлээж авна

Эмнэлгүүд яаралтай тохиолдолд PCR-ийн бичиггүй шууд хүлээж авна

Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбоотойгоор эмнэлгүүд иргэдэд хэрхэн үйлчилж байгаа, хөл хорионы үед хэчнээн хүн эмнэлгээр үйлчлүүлсэн талаар мэдээлэл бэлтгэлээ.

ХӨЛ ХОРИОНЫ  ҮЕД 2020 ХҮНД ҮЙЛЧИЛСЭН

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллахыг, PCR шинжилгээний хариу шаардах эсэхийг тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-Эрүүл мэндийн байгууллага нь бүх цаг үед тогтмол үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалсаар байдаг. ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт гэнэтийн зүйл тохиолдсон, нэн яаралтай эмчилгээ хийх шаардлагатай хүмүүс ирдэг болохоор бид эдгээр хүмүүсээс PCR шинжилгээний хариу шаарддаггүй. Тухайн өвчтөнийг хүлээн авахдаа тусгай асуумж бөглүүлж, шинжилгээ авч, зохих эмчилгээ хийгээд явж байна. Харин Амбулаторийн хэсэгт эрүүл мэндийн 1, 2 дугаар шатыг дамжиж ирдэг тул энэ тасгаар үйлчлүүлж байгаа иргэд PCR шинжилгээний бичгээ бариад ирж байна.

Хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд манай эмнэлэг 2020 хүн хүлээн авч, эмчилгээ тусламж үзүүлсэн. Энэ нь энгийн үеийнхээс 3-4 дахин бага тоон үзүүлэлт. Тухайлбал, өнгөрсөн сард ГССҮТ 10600 хүнд яаралтай тусламж үзүүлсэн байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж эхэлсний дагуу осол гэмтлийн яаралтай тусламжийг ГССҮТ-өөс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлдэг болсон. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хол хорио тогтоосон хугацаанд буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 22-ны өдрийн байдлаар нийт 2109 үйлчлүүлэгчид тусламж үзүүлсэн байна. Үүнд:

  • 2020 буюу 95.8 хувийг ГССҮТөв
  • 57 буюу 2.7 хувийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • 27 буюу 1.3 хувийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • 5 буюу 0.2 хувийг ТТАХНЭ үзүүлжээ.

ЦАР ТАХЛЫН ҮЕД 1.5 МЯНГА ОРЧИМ ХҮНД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс энэ талаар тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-Манай эмнэлгээр үйлчлүүлэхдээ цахимаар цаг авч үйлчлүүлнэ. Эмнэлэг рүү орохдоо QR код уншуулах шаардлагатай. Үүдэнд байгаа автомат бүхээгээр биеийн халууныг шалгаж, халдваргүйжүүлнэ. Дараа нь халдвар судлалын асуумж бөглүүлж байна. Асуумжид үндэслэн шаардлагатай тохиолдолд амбулаторийн түр тусгаарлах өрөөнд тусгаарлаж түргэвчилсэн оношлуураар Covid-19-ийн халдвар байгаа эсэхийг шалгана. Мөн үйлчлүүлэгчдээс PCR-ийн шинжилгээний бичиг шаардаж байгаа ч яаралтайгаар ирж байгаа иргэн дээрх бичиггүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад, өвчтөнөө хүлээн авч байна. Харин хагалгаа хийлгэх болон хэвтэн эмчлүүлж байгаа бүх хүнд PCR шинжилгээ хийж байна. Эмнэлгийн Яаралтай тусламжийн төв 24 цагаар нээлттэй ажиллаж байна.

Манай эмнэлэг өдөрт 2-3 мянган хүнд үйлчилдэг ч цар тахлын үед 1.5 мянга орчим хүнд үйлчилж байна. Хөл хорионы үед энэ тоо эрс бага байлаа. Тухайлбал, энэ сарын 22-нд Яаралтай тусламжийн төвөөр 36, амбулаториор 338 хүн үйлчлүүлсэн бол 180 хүн хэвтэн эмчлүүлж, 10 хүнд хагалгаа хийсэн байна. Мөн 163 хүнд шинжилгээ хийсэн.

ӨДӨРТ 160 ГАРУЙ ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг дараах мэдээллийг өглөө. 

-Энэ сарын 22-нд манай эмнэлэг Яаралтай хүлээн авахад 73 иргэнийг хүлээн авч, амбулаториор 499 хүнд үйлчилсэн бол 152 хүн хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс гадна хөл хорионы үед манай эмч нар өвчтөнүүдэд цахимаар үйлчилж байсан. Манайх үйлчлүүлэгчдээс PCR шинжилгээний бичиг шаардаж байгаа. Гэхдээ яаралтайгаар ирж буй бүх үнээс түргэвчилсэн байдлаар шинжилгээ авч байна. Өдөрт манай эмнэлэг Covid-19-ийн 160 гаруй шинжилгээ хийж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж