Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн, зарим газарт хар, цагаан хил гарсан тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ. Ялангуяа иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу "Хадан хүй" орчимд хар, цагаан хил гарсан байна.
Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг ажээ.
Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхааруулсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ