Монголын тамирчдыг хүлээж буй олимпын эрх олгох тэмцээнүүд

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

Монголын тамирчдыг хүлээж буй олимпын эрх олгох тэмцээнүүд

Монголын тамирчдыг хүлээж буй олимпын эрх олгох тэмцээнүүд

Олимпын наадам нээлтээ хийх дөхсөөр, улс орнууд баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг цар тахлын үед ч хэвийн явуулж байна. Үүний нэгэн адил Монгол Улсын үндэсний шигшээ багийнхан олон улсын хүүхдийн Найрамдал төв болон Техник спортын төвд энэ оны эхээр цугларалтад гарсан. Тодруулбал:

Олон улсын Найрамдал төвд: Жүдо, чөлөөт бөх, бокс, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цана

Техник спортын төвд: Байт харваа, буудлага, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик гэсэн нийт спортын 15 төрлийн нийт 53 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэлээ хийж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын дараах тамирчид олимп болон паралимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Үүнд:

  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа
  • Пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин З.Ганбаатар
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг
  • Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг
  • Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа
  • Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Б.Отгонболд
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Н.Мөнхбаатар
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ
  • Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Бямбажав

Мөн Монгол Улсын үндэсний шигшээ багийн дараах тамирчид олимпын наадмын эрх авахаар бэлтгэж байна. Үүнд:

Жүдо:

Жүдогийн тамирчдад олимпын эрхийн оноогоо ахиулах таван тэмцээн үлдээд байна. Тодруулбал, Ташкентын "Гранд Слам", Тбилисийн "Гранд Слам", Анталияагийн "Гранд Слам", Парисын "Гранд Слам", Унгарт явагдах ДАШТ үлдэв.

Бусад спортын төрөл шууд олимпын эрх олгож байгаа бол жүдогийн төрөлд ирэх зургадугаар сарын 28-ны өдөр гэхэд хамгийн өндөр олимпын эрхийн оноо цуглуулсан жин тус бүрийн 18 тамирчин буюу нэг жинд нэг улсаас нэг тамирчин эрхээ авна. Өөрөөр хэлбэл, тамирчид ирэх зургадугаар сар хүртэл олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцож, оноо цуглуулах хэрэгтэй.

Ирэх гуравдугаар сарын 5-нд эхлэх Ташкентын "Гранд Слам"-д оролцох Монголын бүрэлдэхүүн:

Эрэгтэй тамирчид:

  • Л.Өнөболд (-60 кг)
  • Г.Хэрлэн (-66 кг)
  • Ё.Басхүү (-66 кг)
  • Г.Одбаяр (-73 кг)
  • Ц.Цогтбаатар (-73 кг)
  • Саид Моллаей (-81 кг)
  • Н.Дагвасүрэн (-81 кг)
  • Г.Алтанбагана (-90 кг)
  • Л.Отгонбаатар (-100 кг)
  • Б.Гончигсүрэн (-100 кг)
  • Ө.Дүүрэнбаяр (+100 кг)

Эмэгтэй тамирчид:                                       

  • МУГТ М.Уранцэцэг (-48 кг)
  • Л.Сосорбарам (-52 кг)
  • Б.Хорлоодой (-52 кг)
  • МУГТ Д.Сумъяа (-57 кг)
  • Л.Энхрийлэн (-57 кг)
  • Б.Ганхайч (-63 кг)
  • Ц.Энхчимэг (-70 кг)
  • Э.Гандиймаа (+78 кг)

Чөлөөт бөх:

Чөлөөт бөхийн тамирчдад олимпын эрх авах гурван тэмцээн бий. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Казахстаны Алматы хотод явагдах Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээн, ирэх дөрөвдүгээр 12-ноос 17-ны өдрүүдэд Алматы хотод явагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, ирэх тавдугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд Болгарын нийслэл Софид явагдах дэлхийн олимпын эрх олгох тэмцээн бий.

Бокс:

Монголын боксчдын хувьд олимпын эрх авах сүүлийн тэмцээн ирэх зургадугаар сард Парис хотноо зохион байгуулагдах олимпын эрх олгох тэмцээн байлаа. Гэвч олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг зохион байгуулах бус сүүлийн дөрвөн жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг тогтсон квотын дагуу олгоно гэв. Нэг үгээр, олон улсын чансаанд дээгүүр бичигдэж буй тамирчид олимпын наадамд оролцох эрхээ шууд авна.

Ширээний теннис:

Олимпын эрх олгох Азийн тивийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Катарын Доха хотод зохион байгуулагдана. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Должинзуу, М.Ундрам, М.Тэмүүлэн, Г.Сэр-Од нар багтаж байна.

Таеквондо:

Азийн таеквондогийн олимпын эрх олгох тэмцээн ирэх тавдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдана.

Байт харваа:

Байт харвааны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх зургадугаар сарын 28-ны өдөр Парис хотод эхэлнэ.

3х3 сагсан бөмбөг:

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг ирэх 2021 оны тавдугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Австри улсын Грац хотод зохион байгуулагдах олимпын эрх олгох тэмцээн хүлээж байна. Монгол Улсын эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг эрх олгох тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чех зэрэг улсын шигшээ багуудтай оржээ. Мөн Австрийн эрх олгох тэмцээнээс гадна Унгар улсын Будапешт хотод эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт нэг эрх олгох сүүлийн тэмцээн бий.

Зарим спортын төрлүүдийн эрх олгох тэмцээний хуваарь тодорхойгүй байгаа бол зарим нь өмнө үзүүлсэн амжилтаар нь шууд эрх олгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж